Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 146

 

                                              

 

 

 

 

 

2020         01         28                                      2020/ШЦТ/146

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Эт холбогдох 2006 00218 0168 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, Голомт банкинд мэргэжилтэн ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хорооллын 12 дугаар байрны 311 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 83 дугаар байрны 10 тоотод түр оршин суух, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Бгийн Э /РД:........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Консулын 83 дугаар байрны 10 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Байгалмаа руу таваг авч шидэн улмаар эрүүл мэндэд нь “гуя, шилбэнд зулгаралт, шилбэнд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Байгалмаагийн өгсөн: “... Би нөхөр Этай 2018 оны 01 сард гэрлэлтээ батлуулж байсан, 2 хүүхэдтэй... 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед гэртээ хоолоо хийгээд идэж байгаад маргалдаж надлуу ширээн дээр байсан тахианы махтай таваг авч шидэхэд баруун талын хөлний шилбийг оносон. Тэгэхэд таваг хагарч миний баруун талын шилбийг зүссэн... баруун талын шилбэ тавганд зүсэгдэж 2 газар нийт 7 оёдол тавиулсан... тухайн гэмтлийг нөхөр Э нь таваг авч шидэхэд хагарч гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Туяагийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 398 дугаартай:

            “1. Б.Байгалмаагийн биед гуя, шилбэнд зулгаралт, шилбэнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

             2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх
боломжтой байна.” гэх дүгнэлт /хх.18-19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би иргэн Б.Байгалмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.25/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Э нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Консулын 83 дугаар байрны 10 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Байгалмаа руу таваг авч шидэн улмаар эрүүл мэндэд нь "гуя, шилбэнд зулгаралт, шилбэнд зүсэгдсэн шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Байгалмаагийн өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед гэртээ хоолоо хийгээд идэж байгаад маргалдаж над луу ширээн дээр байсан тахианы махтай таваг авч шидэхэд баруун талын хөлний шилбийг оносон. Тэгэхэд таваг хагарч миний баруун талын шилбийг зүссэн... баруун талын шилбэ тавганд зүсэгдэж 2 газар нийт 7 оёдол тавиулсан... тухайн гэмтлийг нөхөр Э нь таваг авч шидэхэд хагарч гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Туяагийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 398 дугаартай:

            “1. Б.Байгалмаагийн биед гуя, шилбэнд зулгаралт, шилбэнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх
боломжтой байна.” гэх дүгнэлт /хх.18-19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “... сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би иргэн Б.Байгалмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.25/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Б.Байгалмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна

Иймд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Байгалмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Эыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Эын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Эт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С овогт Бгийн Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Эт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Эт сануулсугай.

5. Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Байгалмаа нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР