Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

2020         01         29                                      2020/ШЦТ/160

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч М.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ут холбогдох 1906 05435 2091 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адрага суманд 1995 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Баян-Адарга сум, 3 дугаар баг, Адарга гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66а байрны 37 тоотод түр оршин суух, ам бүл 4 дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Мын У /РД:........................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.У нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66а байрны 37 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Ууганцэцэгийн нүүр лүү гараараа цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Уын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ууганцэцэгийн өгсөн: “Би М овогтой Утай 2013 онд танилцаж 2016 онд бид хүүхэдтэй болсон. Нэг гэрт амьдраагүй. Би хүүхдээ аваад ээж дээрээ Хэнтий аймагт амьдарсан. 2017 оны 12 дугаар сард 2 дахь хүүхэд гарсан. Энэ хооронд Ут хотод сургуульдаа сурч ирж очин байдаг байсан. 2019 оны 07 дугаар сард Хэнтий аймгаас хүүхдүүдээ ээждээ үлдээгээд хотод ажил хийхээр ирсэн. Утай хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байр түрээслэн хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд миний биед 3 удаа халдан зодож байсан. Би хүүхдүүдээ авахаар “Хэнтий аймаг явчихаад өнөөдөр ирнэ” гэж хэлтэл “наанаа хүүхдүүдээ хараад байж байгаач, ирж яах гээд байгаа юм” гэсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Тэгээд эгчийн хамт хотод орж ирээд Байнзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монгол хотхонд байх түрээсийн байранд нь ирэхэд “2 хүүхдээ ч гэхгүй өөрийгөө л бодоод байх юм, хүүхдүүд чинь үгүйлээд байна, хүүхдүүддээ хувцас авч өгч чадахгүй байж” гэхэд “хуучин хувцсыг нь өмсүүлээд явуулаач” гэсэн. Үүнээс нь болж маргалдсан. Би хэвтэж байтал өмд рүү гараа хийгээд үснээс зулгаагаад байсан. Би боль гэхэд миний толгой руу гараа зангидаж байгаад цохиж, нүүр лүү 2 удаа цохиж алгадсан. Би явах гэтэл “Уучлаарай миний буруу” гээд гэрээсээ гаргахгүй байгаад байхаар нь би эгч рүүгээ залгаж хэлтэл чемодантай хувцсыг гадаа гаргаж намайг хөөсөн. Удалгүй эгч ирээд цагдаад дуудлага өгсөн, албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. 7 жил болж байна, хааяаа найз нөхөдтэйгөө гарж уудаг, байнга л янхан гичий, өвчтэй гэж хэл амаар доромжилдог. 2019 оны 01 дүгээр сард 3 сартай хүүхдийг минь абортанд оруулсан. “Наад хүүхдээ авахуул минийх биш” гэдэг. Би 2 хүүхдээ бодоод л энэ хүнээс салах тухай боддоггүй. Доод уруул хавдаж язарсан байна. Цээж рүү цохиод байсан ба одоо амьсгалахад хэцүү байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. 2014 онд анх гар хүрч зодож байсан. Түүнээс хойш ам мурийгаад маргалдах болгонд гар хүрчихээд байдаг болсон. Олон удаа гар хүрч зодож байсан аавынхаа хажууд хүртэл зодоод хүүхэдтэй минь хамт хөөгөөд гаргаж байсан. Эцэг эх нь юу ч хэлдэггүй. Харин намайг загнадаг...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

“2019 оны 09 дүгээр сарын 05-ны Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66а байрны 37 тоотод гэртээ байх үед манай нөхөр У нь ямар ч шалтгаангүйгээр намайг зодсон. Намайг зүгээр хэвтэж байхад, өөрөөр хэлбэл намайг хүсээгүй байхад миний өмд рүү гараа хийгээд умдагны үснээс зулгаасан. Би боль гэсэн чинь гараараа нэг удаа толгой руу цохисон. Би “яагаад байгаа юм бэ” гэсэн чинь миний нүүрний уруул хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд бас гар луу цохисон. Миний уруулнаас цус гарсан. Өмнө нь намайг олон удаа зоддог байсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Уын гэрчээр өгсөн: “... Тухайн өдөр С.Ууганцэцэг нь Хэнтий аймгаас манай гэрт ирсэн. Ирэхдээ ууртай байсан. Намайг загнаад янз бүрийн үгээр дайрч давшлаад намайг хазаж чимхээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд цохиж нүдээд суганаас хазахаар нь би түүний уруул руу цохисон...” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхсарангийн өгсөн: “Би тухайн өдөр дүү Ууганцэцэгийн хамт Хэнтий аймгаас Улаанбаатарт ирсэн. Ууганцэцэг гэрлүүгээ явсан. Би гэртээ унтаж байхад шөнө 23 цагийн үед Ууганцэцэг над руу залгаж “аниа та хүрээд ирээ, У намайг зодчихлоо” гэсэн. Тэгээд би очсон. Намайг очиход Ууганцэцэгийн уруулыг нь язартал цохисон байсан. Уруул нь хавдчихсан, уруулаас нь цус гараад хувцас нь цус болсон байсан. Тэгэхээр нь би уурандаа Уыг хэд хэдэн удаа толгой руу нь алгадсан. Тэгээд би өөрийнхөө утаснаас цагдаад дуудлага өгсөн... Гэхдээ өмнө нь зодуулсан, зодуулчихлаа гэж зөндөө сонсож байсан. Ууганцэцэг өөрөө надад хэлж байсан. Мөн Ууганцэцэгийн ээж болох миний төрсөн дүү надад хэлдэг. Нэг удаа гаран дээр нь хөхөрсөн байсныг нь харж байсан. Яг зодуулж байх үед нь хамт байсан удаа байхгүй. Бид нар тэдний хоёр хүүхдийг өнчрүүлээд яахав дээ, эвтэйхэн звлэрээд цаашдаа болж бүтэх байх гэж бодож байсан. Энэ талаар У, Ууганцэцэг нарт хоёуланд нь хэлж байсан... У нь эцгийн үүргээ муу гүйцэтгэдэг. Эхнэр хүүхэддээ анхаарал халамж муу тавьдаг. Энэ гэр бүлийн бүх ачаа Ууганцэцэгийн нуруун дээр байдаг. Энэнд нь Ууганцэцэг бухимддаг байх...” гэх мэдүүлэг /хх.18/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Болороогийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 10774 дугаартай:

“1. С.Ууганцэцэгийн биед дээд дод уруулд шарх, цус хуралт, зүүгн бугарганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Уын яллагдагчаар өгсөн: “Өмнөх гэрчийн мэдүүлгээр болсон явдлын талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн... Ууганцэцэг миний суганаас хазахаар нь би уруул руу түлхсэн. Тэгээд уруулнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.29-30/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.У нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66а байрны 37 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Ууганцэцэгийн нүүр лүү гараараа цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Ууганцэцэгийн өгсөн: “... 2019 оны 9 дүгээр сарын 05-ны Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66а байрны 37 тоотод гэртээ байх үед манай нөхөр У нь ямар ч шалтгаангүйгээр намайг зодсон. Намайг зүгээр хэвтэж байхад, өөрөөр хэлбэл намайг хүсээгүй байхад миний өмд рүү гараад хийгээд умдагны үснээс зулгаасан. Би “боль” гэсэн чинь гараараа нэг удаа толгой руу цохисон. Би “яагаад байгаа юм бэ” гэсэн чинь миний нүүрний уруул хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд бас гар луу цохисон. Миний уруулнаас цус гарсан...” гэх мэдүүлэг, /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Уын гэрчээр өгсөн: “... Тэгээд цохиж нүдээд суганаас хазахаар нь би түүний уруул руу цохисон. ...” гэх мэдүүлэг /хх.17/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Болороогийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 10774 дугаартай:

“1. С.Ууганцэцэгийн биед дээд дод уруулд шарх, цус хуралт, зүүгн бугарганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Уын яллагдагчаар өгсөн: “... Ууганцэцэг миний суганаас хазахаар нь би уруул руу түлхсэн. Тэгээд уруулнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Уын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.Уын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч С.Ууганцэцэгийн баримтаар нэхэмжилсэн 128.000 төгрөгийг шүүгдэгч М.Уаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

          Харин хохирогч С.Ууганцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Уаас жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

М.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Уын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          М.Ут эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Ут оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          М.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Мын Уыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ут 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, М.Ут оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

          4. М.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Уаас 128.000 төгрөг гаргуулж хохирогч С.Ууганцэцэгт олгосугай.

          6. Хохирогч С.Ууганцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.Уаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР