| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2016/0289/И |
| Дугаар | 335 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Борхойн 1-42 тоотод оршин суух, Хилийн 0108 дугаар ангийн цэцэрлэгт багш ажилтай Шаг тува овогт Октябрийн Золзаяагийн /РД:ТБ87010766/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, БОС-ын 2-5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Агаруут овогт Пүрэвийн Доржбалд /РД:ЕК86051777/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгө болох 950,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр, 2,800,000 төгрөгийн үнэ бүхий УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг хуваарилуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч О.Золзаяа, хариуцагч П.Доржбал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Золзаяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 оны 08 сарын 08-ны өдөр Доржбалтай танилцаж, хамтран амьдарч 2009 оны 03 сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Ингээд 2010 оны 06 сарын 08-нд хүү Түвшинбатыг төрүүлсэн. Бид хамт амьдарч байхдаа эхний жилүүдэд боломжийн амьдарч байсан. Сүүлдээ зан ааш, харилцааны хувьд таарамжгүй болж, хоёулаа ярилцаж байгаад 2014 оны 08 сарын 20-ноос хойш тусдаа амьдрах болсон. Одоо бид хамт амьдрах боломжгүй, биднийг тусдаа амьдрахад хөндлөнгийн ямар нэг зүйл нөлөөлөөгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Түвшинбатыг миний асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож өгнө үү, хүүгээ аавтай нь уулзаж байхад татгалзах зүйл байхгүй. Мөн бид 2 хамт амьдарч байхдаа 5 ханатай гэр, Уаз-469 машинтай болсон. Доржбал эдгээр хөрөнгүүдийг үнэлүүлсэнтэй танилцсан, гэрийг 950,000 төгрөг, машиныг 2,800,000 төгрөгөөр үнэлсэн байсан, үнэлгээн дээр маргах зүйлгүй, эдгээр дундын өмчлөлийн хөрөнгийг хуваарилуулж оногдох хэсгээ авна. Би анх нэхэмжлэл гаргахдаа хашаа, байшин, 2 машин гэж бичсэн. Хашаа байшингийн хувьд надаас тусдаа амьдарсанаас хойш Доржбал авсан юм, мөн энэ намраас нэг жижиг машин унаад яваад байх болсон байсан, түүнийг бичсэн юм. Гэхдээ миний зүгээс энэ сүүлд бий болсон хөрөнгийг хуваарилахгүй гэв.
Хариуцагч П.Доржбал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд танилцаж гэр бүл болсон. 2010 онд хүү маань төрсөн. Хамт амьдарч байгаад таарч, тохирохоо больж 2014 оны 8 сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Мөн хүүгээ ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн хувьд гэвэл бид 2 хамт амьдарч байхдаа 5 ханатай гэр, УАЗ-469 машинтай байсан. Тусдаа амьдарсанаас хойш манай 2 байр түрээслээд байхаар нь 5 ханатай гэрээ өгч, машинаа өөрийн өмчлөлд авч үлдсэн. Шүүхэд нэхэмжлэл ирсэний дараа би эдгээр хөрөнгүүдийг үнэлүүлсэн. Иймд хуваарилуулахад татгалзах зүйл байхгүй. Одоо надад байгаа хашаа, байшингийн хувьд гэвэл би Золзаяагаас тусдаа амьдарсанаас хойш банкнаас зээлээр худалдан авсан, харин жижиг машин бол байхгүй гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Золзаяа нь хариуцагч П.Доржбалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн хөрөнгө болох 950,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр, 2,800,000 төгрөгийн үнэ бүхий УАЗ-469 маркий тээврийн хэрэгслийг хуваарилуулах тухай тухай шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
Гэрлэлт цуцлуулах шаардлагын талаар:
Энэ хэргийн зохигчид нь анх 2008 онд танилцан, 2009 оны 03 сарын 30-ны өдөр сайн дурын үндсэн дээр хууль ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдрах хугацаандаа хүү Д.Түвшинбат төрүүлж, гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэсэн болох нь гэрлэгчдийн гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 5/, 2010 оны 06 сарын 08-ны өдөр төрсөн Доржбалын Түвшинбатын төрсөний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргээр батлагдаж байна.
Гэрлэгчид нь 2008 оноос эхлэн хамтын амьдрал зохиосон байх ба хамтын амьдралын явцад тэдний харилцаанд үл ойлголцох, таарамжгүй байдлууд үргэлжилж, 2014 оны 08 сараас эхлэн одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа зэрэг нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Зохигчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч 2016 оны 10 сарын 03-ны өдөр эвлэрүүлэх ажиллагаа дуусгавар болсон, цаашид хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан болно. Нэхэмжлэгч О.Золзаяа, хариуцагч П.Доржбал нар нь бие биенээ халамжлах, үр хүүхдээ өсч торних орчиныг бүрдүүлэх, гэр бүлийн хэвийн уур амьсгал дунд хүмүүжүүлэх үүрэгтэй бөгөөд тэдний хамтын амьдралыг цаашид үргэлжлүүлэхгүй байх гол шалтгаан нөхцөл нь өөрсдийн үзэл бодлоо зөв илэрхийлэхгүй байх, хоорондын таагүй харилцаа бий болох зэрэг үр дагавартай холбоотой байдал шүүх хуралдаанаар тогтоогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна
Хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар:
Хариуцагч П.Доржбал нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, зохигчдыг тусдаа амьдарсан цаг хугацаанаас хойш буюу 2014 оны 08 сараас хойш хугацаанд хүү Д.Түвшинбат нь нэхэмжлэгчийн асрамжид өсөж торниж байгаа зэргийг харгалзан хүү Д.Түвшинбатыг эх О.Золзаяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 06 сарын 08-ны өдөр төрсөн Доржбалын Түвшинбатыг хариуцагчаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хэдийгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж байгаа боловч зохигч нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх зэргээр тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэдгийг дурдах нь зүйтэй байна.
Эд хөрөнгө хуваарилуулах шаардлагын талаар:
Нэхэмжлэгч О.Золзаяа нь дундын өмчлөлийн хөрөнгө болох 950,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр, 2,800,000 төгрөгийн үнэ бүхий УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг хуваарилуулах тухай шаардлага гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад 950,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр нь нэхэмжлэгчийн өмчлөлд, 2,8000,000 төгрөгийн үнэ бүхий УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн өмчлөлд байгаа болох нь тогтоогдож байх ба зохигчдын хэн аль нь тухайн эд хөрөнгүүдийг хуваарилуулах талаар маргаагүй, гэр бүлийн гишүүд нэг бүрт хуваарилуулж, оногдох хэсгийг гаргуулахаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан болно.
Иймд 950,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэрийг нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр үлдээж, 316,666 / нэг хүнд оногдох хэсэг нь 316,666/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор, 2,8000,000 төгрөгийн үнэ бүхий УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд хэвээр үлдээж, 1,866,666 төгрөгийг /нэг хүнд ногдох хэсэг нь 933,333 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч болон хүү Түвшинбатад олгохоор тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Шаг тува овогт Октябрийн Золзаяа /РД:ТБ87010766/, хариуцагч Агаруут овогт Пүрэвийн Доржбал /РД:ЕК86051777/ нарын гэрлэлийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2010 оны 06 сарын 08-нд төрсөн хүү Д.Түвшинбатыг эх О.Золзаяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 06 сарын 08-нд төрсөн хүү Д.Түвшинбатыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-н нас/ хүртэл хүн амын амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр эцэг П.Доржбалаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1-т зааснаар 950,000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэрийг нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр үлдээж, 316,666 төгрөгийг нэхэмжлэгч О.Золзаяагаас гаргуулж, хариуцагч П.Доржбалд, 2,8000,000 төгрөгийн үнэ бүхий УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд хэвээр үлдээж, 1,866,666 төгрөгийг хариуцагч П.Доржбалаас гаргуулж, нэхэмжлэгч О.Золзаяа, хүү Түвшинбат нарт тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 146,200 төгрөгийг /70,200+76000/ улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 1050 төгрөгийн улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч П.Доржбалаас 115,017 төгрөгийг /70200+44,817/ гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 10,150 төгрөгийг гаргуулж, хариуцагчид тус тус олгож, нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс хамааруулан 28209 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Пүрэвжаргалд даалгасугай.
7. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД