Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

2020         01         30                                      2020/ШЦТ/170

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Сд холбогдох 1906 04255 0140 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 15 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын ам, Хилчиний 44 дүгээр гудамжны 32 тоотод түр оршин суух, ам бүл 3, ээж, охины хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Жы С /РД:................/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ж.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 04-06 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Улаан Ээрэмийн 1 дүгээр гудамжны 18 тоотод иргэн О.Буянжаргалтай маргалдаж, үсдэн чирж, толгой, түүний хүзүүн тус газар гараараа майжиж биед нь зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, хүзүү, баруун мөр, зүүн бугалга, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун бугалга, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сы өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Зөрчлийн талаар бичгээр болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Буянжаргалын өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 09-ний орой намайг унтаж байхад манай хадам дүү ирээд хамт унтаж байхад манай урд хашааны Соко гэртээ дуудаад намайг ороход 0.5 л архи авчихсан сууж байсан. Намайг уу гээд би 2 татсан. Ингээд манай дүүтэй хүүхдээ орхиод бид нар хамтдаа бааранд ороод 1 пиво уусан. Үүрийн 4-5 цагийн үед Гээдэнсүрэн гэх манай хажуу хашааны айлд ороход Соко хүүхдээ явъя гэхээр нь хүүхдийг нь гаргаж өгөөд дүүтэйгээ унтсан. Би өглөө нь дүүгээ Дамба руу хүргэж өгөх ёстой байсан тул дүүгээ хүргэж өгчихөөд гэрт байсан Боргио гэх пивыг аваад Гээдэнсүрэнгийн гэрт орсон. Бямбаа, Соко, Ганбаяр нар тухайн гэрт байсан ба пиво уучихаад манай гэрт ороод Бямбаа хоол хийж идчихээд сууж байтал Соко намайг баас гишгэчихлээ гэж хэлсэн. Би гэрээс гараагүй гэж хэлээд хойморт байх орон дээрээ очиж суухад Ганбаяр миний толгой руу 2 удаа “гичий минь” гэж хэлээд намайг ёо ёо гэж хэлэхийн завдалгүй Соко намайг үсдэж нүүр майжаад шкаф мөргүүлсэн. Намайг үсдээд чирж байхад Сокогийн ээж орж ирээд биднийг салгаж Соког аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ичинхорлоогийн өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 03:00 цагт унтаж байтал хажуу айлын Буянаагийн хашааны хүүхэн Өлзий гэх эмэгтэй орж ирээд Буянаагийнд пиво ууж байсан хүмүүс маргалдаад байна гэж хэлсэн. Би ууж л байдаг юм чинь гэж бодоод хэвтэж байгаад орилоод байхаар нь ортол Буянаа хойд орон дээрээ шал согтуу үсээ сэгсийлгэчихсэн, орилж уйлаад, хэрүүл хийгээд хэлж байгаа үг нь мэдэгдэхгүй сууж байсан. Юу болцгоож байгаа юм, харья гээд охиноо дагуулаад гарсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганбаярын өгсөн: “... би 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Гээдэнсүрэн гэх айлд найз охин Ж.Стай хамт хоносон ба өглөө нь амарч байхад О.Буянжаргал нь 1 том пивотой орж ирээд пиво ууна гэхээр нь уухгүй гэсэн чинь “хүүхдүүд байхгүй, нөхөр байхгүй, хэцүү байна та 2 хань болохгүй юм уу” гээд уйлж унжаад байсан, согтуу орж ирсэн. Тэгээд тэр авч ирсэн пивоноос нь Ж.С уулцсан, би тэрнээс нь уугаагүй. Сүүлд авч ирсэн 1 пивоноос нь жаахан уусан, тэгээд О.Буянжаргал манайх руу орно гээд тэнд очиж хоол идье гэж ороод О.Буянжаргал 2 залуу дуудсан чинь тэр 2 нь 2 том пиво авч ирсэн. Тэр 2 том пивоо ууж гараад дэлгүүр оръё энэ тэр гээд яриа болж байгаад манай эхнэр Ж.С нь О.Буянжаргалыг баас гишгэсэн байна гэж хэлснээс болж согтуу улс маргалдаад О.Буянжаргал Ж.Сг зайл гэж үсдээд авсан, тэгээд 2 биенээ үсдэж өнхрөөд байсан, би тэр үед нь салгасан ба хадам ээж орж ирээд бид хэдийг салгасан...” гэх мэдүүлэг /хх.27-29/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8537 дугаартай:

          “1. О.Буянжаргалын биед зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, хүзүү, баруун мөр, зүүн бугалга, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун бугалга, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.30/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Сы яллагдагчаар өгсөн: “... бид хоёр, хоёр биенээ үсдэлцээд нэлээн ноцолдсон, тэнд бид хоёроос өөр зодоон үүсгэсэн хүмүүс байхгүй... Зодолдсон хүн нь би. Буянжаргалын биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх.57-58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ж.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 04-06 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Улаан Ээрэмийн 1 дүгээр гудамжны 18 тоотод иргэн О.Буянжаргалтай маргалдаж, үсдэн чирж, түүний толгой, хүзүү тус газар гараараа майжиж биед нь зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, хүзүү, баруун мөр, зүүн бугалга, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун бугалга, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зөрчлийн талаар бичгээр болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.9/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Бунжаргалын өгсөн: “... Соко намайг үсдэж нүүр маажаад шкаф мөргүүлсэн. Намайг үсдээд чирж байхад Сокогийн ээж орж ирээд биднийг салгаад Соког аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ичинхорлоогийн өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 03:00 цагт унтаж байтал хажуу айлын Буянаагийн хашааны хүүхэн Өлзий гэх эмэгтэй орж ирээд Буянаагийнд пиво ууж байсан хүмүүс маргалдаад байна гэж хэлсэн. Би ууж л байдаг юм чинь гэж бодоод хэвтэж байгаад орилоод байхаар нь ортол Буянаа хойд орон дээрээ шал согтуу үсээ сэгсийлгэчихсэн, орилоод, уйлаад, хэрүүл хийгээд хэлж байгаа үг нь мэдэгдэхгүй сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганбаярын өгсөн: “... Ж.С нь О.Буянжаргалыг баас гишгэсэн байна гэж хэлснээс болж согтуу улс маргалдаад О.Буянжаргал Ж.Сг зайл гэж үсдээд авсан, тэгээд 2 биенээ үсдэж өнхөрөөд байсан, би тэр үед нь салгасан ба хадам ээж орж ирээд бид хэдийг салгасан...” гэх мэдүүлэг /хх.27-29/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8537 дугаартай:

          “1. О.Буянжаргалын биед зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, хүзүү, баруун мөр, зүүн бугалга, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун бугалга, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.30/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Сы яллагдагчаар өгсөн: “... бид хоёр, хоёр биенээ үсдэлцээд нэлээн ноцолдсон тэнд бид хоёроос өөр зодоон үүсгэсэн хүмүүс байхгүй...Зодолдсон хүн нь би. Буянжаргалын биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх.57-58/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Сы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Ж.Сы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч О.Буянжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ж.Сы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч О.Буянжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Ж.Сыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ж.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Сы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ж.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Жы Сыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ж.Сд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Сд сануулсугай.

5. Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Буянжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР