| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0153/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 181
2020 01 31 2020/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Хд холбогдох 1906 06104 0134 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1999 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Панда” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсгийн 1232 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, Н овогт Дгийн Х /РД:.............../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.Х нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Мөнхбаттай таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мөнхбатын өгсөн: “... Тухайн өдөр 16 цагийн орчим өөрийн 38-66 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрдэнэбаясгалан гэх найзаараа бариулаад дотор нь би Энхбаяр гэх найз бид 3 кино үйлдвэрийн ертөнцийн зүгээр хойд хэсэг цэнхэр 9 давхарын байрны арын замаар явж байгаад машины зогсоол руу орох гэхэд багтахгүй ухрах шаардлага гарсан учир ардаа байсан машиныг би цонхоор толгойгоо гаргаад “жаахан ухраад өгөөч, энэ зогсоол руу орох гээд” гэхэд машин дотроосоо хашгичаад уурлан дургүйцэж байгаа нь илэрхий байсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад уг машины жолооч талаар очоод “жаахан ухарчих” гэхэд “чи муу яагаад байгаа юм” гэж хэлээд машинаасаа бууж ирээд шууд миний хамар луу нэг удаа цохиод автал тэр дороо хамарнаас цус гараад хамраа дараад байж байтал жолооч залуу үргэлжлүүлээд зодоод, тэгтэл дээрээс нь уг машинаас 2 залуу нэмж бууж ирээд мөн зодсон. Жолооч залуу хамар луу цохиж гэмтээсэн, тэгээд зодоод газар унахад мөн цохин өшиглөж байсан, нөгөө хоёр залуугийн урт гэзэгтэй залуу нь мөн намайг зодоод байсан, энэ хоёр л их идэвхитэй байсан. Яг хэн нь биеийн аль хэсэгт цохисныг хараагүй. Тэгээд намайг цохисон залууг барьж аваад доороо хийтэл нөгөө хоёр залуу намайг өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдан шалгах ажиллагаанд гэрч С.Эрдэнэбаясгалангийн өгсөн: “... Мөнхбатын хамарнаас цус гарчихсан, Мөнхбат унасан, хоёр залуу түүнтэй зууралдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Энхбаярын өгсөн: “... Би 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би найз Мөнхбат, Эрдэнэбаясгалан нарын хамт Баянзүрх дүүргийн 5 хороо, 9 давхар цэнхэр байрны арын нарийн зам дээр зогсоол руу зогсох гэж байхад ард “Панда” нүүлгэлт гэсэн хаягтай портер машин ирээд бид хэдийг ухрах гэсэн зам тавьж өгөхгүйгээс болж 3 залуутай хэрүүл маргаан болсон манай найз Ч.Мөнхбат нэг залуутай нь маргалдан зодолдож хөнгөн гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мягмардоржийн өгсөн: “... нэг нь жолооч талаар ирээд жолоочийг заамдаж аваад хэрүүл маргаан болсон. Манай Х нэг хүнтэй нь нүүрэн тус газар нь ганц нэг удаа цохилцсон...” гэх мэдүүлэг /хх.26-27/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Одончимэгийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12124 дугаартай:
“1. Ч.Мөнхбатын биед хөмсөг, хамар, хацар, дээд уруул, эрүүнд шарх, шалбаралт, дээд эрүүний 1 шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Хийн яллагдагчаар өгсөн: “... өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө... сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... 2 залуу бууж ирээд машины 2 талаар ирээд нэг нь хаалга дараад нэг нь миний талаар ирээд намайг нүүрэн тус газарт 2 удаа цохиод авсан, би машин жолоодож явсан юм... намайг цохисон ах буцаж ирээд миний талын хаалгыг онгойлгоод дайраад байхаар нь би бууж бид хоёр зодолдсон юм, ганц хоёр удаа аль алинаа цохилцсон юм, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.65-66/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Х нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Мөнхбаттай таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мөнхбатын өгсөн: “... Тэгэхээр нь би машинаасаа буугаад уг машины жолооч талаар очоод “жаахан ухарчих” гэхэд “чи муу яагаад байгаа юм” гэж хэлээд машинаасаа бууж ирээд шууд миний хамар руу нэг удаа цохиод автал тэр дороо хамарнаас цус гараад хамраа дараад байж байтал жолооч залуу үргэлжлүүлээд зодоод... Жолооч залуу хамар руу цохиж гэмтээсэн тэгээд зодоод газар унахад мөн цохиж өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдан шалгах ажиллагаанд гэрч С.Эрдэнэбаясгалангийн өгсөн: “... Мөнхбатын хамарнаас цус гарчихсан, Мөнхбат унасан, хоёр залуу түүнтэй зууралдсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Энхбаярын өгсөн: “... ард “Панда” нүүлгэлт гэсэн хаягтай портер машин ирээд бид хэдийг ухрах гэсэн зам тавьж өгөхгүйгээс болж 3 залуутай хэрүүл маргаан болсон, манай найз Ч.Мөнхбат нэг залуутай нь маргалдаж зодолдож хөнгөн гэмтсэн...” гэх мэдүүлэг /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мягмардоржийн өгсөн: “... нэг нь жолооч талаар ирээд жолоочийг заамдаж аваад хэрүүл маргаан болсон. Манай Х нэг хүнтэй нь нүүрэн тус газар нь ганц нэг удаа цохилцсон...” гэх мэдүүлэг /хх.26-27/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч С.Одончимэгийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12124 дугаартай:
“1. Ч.Мөнхбатын биед хөмсөг, хамар, хацар, дээд уруул, эрүүнд шарх, шалбаралт, дээд эрүүний 1 шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт
хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Хийн яллагдагчаар өгсөн: “... сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... намайг цохисон ах буцаж ирээд миний талын хаалгыг онгойлгоод дайраад байхаар нь би бууж бид хоёр зодолдсон юм, ганц хоёр удаа аль алинаа цохилцсон юм, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.65-66/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Хийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Д.Хийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Ч.Мөнхбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна
Иймд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Хийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Ч.Мөнхбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Д.Хийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Хийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Хд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Хд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н овогт Дгийн Хийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Хд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Хд сануулсугай.
5. Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Мөнхбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР