| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0804/Э |
| Дугаар | 806 |
| Огноо | 2019-09-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 806
2019 9 10 2019/ШЦТ/806
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Хохирогч Г.Хишигт,
Гэрч Д.Пүрэвдорж,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, урьд ял шийтгэлгүй, Ц.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Ц.А нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын 53 тоотод оршин суух хохирогч Г.Хишигтийн эзэмшлийн хашаанд грашийн өрлөг хийж 2 машины граш барихаар тохиролцож буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ажлын урьдчилгаа хөлс 840.000 төгрөг авсан боловч өөрийн танил Д.Пүрэвдоржид 200.000 төгрөг өгч өмнө нь суурь ухсан, апалка зангидсан байсан сууринд арматур төмөр зангидуулж, анкар суурилуулан хэмжээ тавьж шавар зуурч суурь цутгаснаас өөр ажил хийлгүй хуурч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...тухайн барилгын ажлыг хийхэд би өөрийн толгойгоороо хариуцаж, удирдан зохион байгуулж, заавар өгч байсан. Тодорхой цаг хугацаанд шавь нь байсан учраас багшдаа туслах гэж 2 машины граш барьж өгөхөөр харилцан тохиролцсон нь үнэн боловч хөдөө мал малладаг дүү маань сураггүй алга болсон учраас гэр бүлийн нөхцөл байдал хүнд болж түүнийг эрж хайхаар хөдөө явж утас холбогдохгүй байсан нь үнэн. Энэ талаар хэлэх бололцоогүй байсаар ирэхэд цагдаад өгсөн байсан. Надад залилах гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Энэ хүнийг залилан мэхлэх сэтгэл ч байхгүй. Төрд хийж бүтээж сайн сайхан явсан түүх надад бий. Гэвч өнөөдөр ийм байдалд хүрч ял шийтгэл авах болсондоо гайхаж байна. Надад хийсэн гэм буруу байхгүй, Г.Хишигтийн өгсөн мөнгийг буцааж төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгөх байх... ” гэв.
Хохирогч Г.Хишигт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Ц.А-тай тааралдахад барилгын ажил хийдэг гэж хэлэхээр нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр түүний гар утасруу утсаар ярьж граш бариулахаар харилцан тохиролцсон. Ц.А боломжоороо хийж өгсөн гэж хэлсэн боловч бороо орчихлоо гэж хойшлуулж байсан. Мөн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн үдээс хойш ирээд юу ч хийгээгүй ба манай том хүүтэй юм ярьж байгаад мөнгө хэрэгтэй талаараа ярьсан байсан. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед 800,000 төгрөг авсан. Урьд өдөр нь хоолны мөнгө гэж би 40.000 төгрөг Ц.А-д өгсөн. Гэрээ байгуулъя гэж хэлэхэд Ц.А дараа байгуулъя гээд яваад өгсөн. Дараа нь 840.000 төгрөг авсан гэдгээ бичгээр хийж өгсөн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бороо орж байна гээд ирээгүй... гэв.
Гэрч Д.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г.Хишигт гэх хүний 2 машины граш барих гэж байгаа, надад туслаарай гээд ажлын хөлсөнд Ц.А 200.000 төгрөг өгсөн. Очиход бэлэн суурь ухсан байсан. Апалка зангидсан байсанд арматур төмөр, анкар суурилуулан хэмжээ тавьсан. Орой 15 цагийн орчим Ц.А ирээд явсан. Би маргааш өглөө ирээд Г.Хишигтийн хүү, хүргэн хоёр надад тусалж шавар зуураад сууриа зутгаад 16 цагт дууссан. Ц.А тэр өдөр 12 цагт ирээд жаахан тус болж өнгөлгөө хийсэн. Нэг дэх өдөр явж байтал Ц.А өнөөдөр очоод яахав дээ гээд утас нь тасарсан. Тэр үеэс хойш Ц.А ах утас нь холбогдохгүй алга болсон...” гэв.
Эрүүгийн хэргээс:
Г.Хишигт, Ц.А нарын "... 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр грашийн урьдчилгаанд 840.000 төгрөг өгөв, хүлээлгэн өгсөн Г.Хишигт, хүлээн авсан Ц.А ...” гэх гарын үсэг бүхий баримт, хохирогч Г.Хишигтээс гаргасан граш барьж гүйцэтгэсэн ажилчдын мэдээлэл, хийж гүйцэтгэсэн хугацааны гар тэмдэглэл /хх-н 13-15 дугаар хуудас/,
Хохирогч Г.Хишигтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын 53 тоот хашаандаа өрлөг хийлгэхээр Ц.Ад 840.000 төгрөг өгсөн. Би хашаандаа 2 машины граш бариулахаар дуудсан юм. Ц.А барилгын ажил хийдэг гээд байдаг болохоор утсаар яриад ажил хийх үү гэхэд “хийж чадна, та өөр хүн битгий хай, өөрийн хоёр ажилтан авчраад хурдан хугацаанд хийнэ, маргааш гэрээ авчраад гарын үсэг зурна” гэж хэлсэн. Би Ц.Ад итгээд граш бариулах хөлсөнд 840.000 төгрөг өгөхөд Ц.А гэрээгээ авчрах гэсэн чинь амжсангүй, гэрээ байгаа гэж хэлээд нэг өдөр хагас ажиллаад юу ч хийлгүй алга болсон. ...Худлаа ярьсаар байгаад мөнгө авсан өдрөөс хойш утсаа таслаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх-н 27-28 дугаар хуудас/,
Хохирогч Г.Хишигтийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Би Ц.А-д бэлнээр 800.000 төгрөг, урд өдөр нь хоолны мөнгө гэхээр нь 40.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Жүгдэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 8 дугаар сард манай хамаатны Г.Хишигт дуудаад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын 53 тоотод ирж грашийн суурийг хийгээд өгөөч гэхээр нь очоод трактораар ухуулаад би апалк зангидаад зутгалт хийхэд бэлэн болгосон. Маргааш нь Ц.А, Пүүжээ гэх Г.Хишигтийн таньдаг хоёр хүн ирээд арматур зангидаж төмрөөр боогоод зуурмагаа хүүхдүүдээр зууруулж цутгалт хийгээд явсан байсан. Ц.А, Пүүжээ гэх хоёр хүн өөр ажил хийгээгүй мөртлөө Г.Хишигтээс ажлын хөлс гэж 800.000 төгрөг авсан юм шиг байна лээ. Суурин дээр нь Г.Хишигт өөрөө хоёр өрлөгчнөөр өрүүлсэн гэсэн. Ц.А, Пүүжээ гэх 2 хүн өөр юу ч хийгээгүй гэсэн. Намайг анх очиход Ц.А, Пүүжээ хоёр газраа үзээд өнөөдөр 2 дахь өдөр барилгын ажил эхэлж болохгүй гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36 дугаар хуудас/,
Гэрч Б.Бат-Итгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 8 дугаар сард манай танил эгч Г.Хишигт надруу яриад эгч нь хоёр хүнд граш өрүүлэх гэж мөнгө өгөөд ажил хийлгэх гэсэн чинь урьдчилгаа аваад ажлаа хийхгүй алга боллоо чи ирээд туслаад өгөөч гэж хэлсэн. Маргааш өглөө нь очиход грашийн байшин талын хана хэсгийг хоёр хятад хүнээр өрүүллээ гэж Г.Хишигт хэлж байсан. Би өөрийн хоёр ажилчинаа авч очоод үлдсэн хоёр хана хэсгийг Г.Хишигт эгчийн хүү, хүргэн хоёртой хамтарч өрж дуусгасан. Би Г.Хишигт эгчээс ямар нэг хөлс аваагүй хийж дуусгасан. Ажлыг нь хийж өгнө гэсэн хоёр хүн нь алга болоод 10 гаруй хонож байна гээд Г.Хишигт эгч ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 38 дугаар хуудас/,
Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...маргааш өглөө очиход бэлэн суурь ухсан байсан. Апалка зангидсан байсанд арматур төмөр, анкар суурилуулан хэмжээ тавьсан. Орой 15 цагийн орчим Ц.А ирээд явсан. Би маргааш өглөө ирээд Г.Хишигтийн хүү, хүргэн хоёр надад тусалж шавар зуураад сууриа зутгаад 16 цагт дууссан. Ц.А тэр өдөр 12 цагт ирээд жаахан тус болж өнгөлгөө хийсэн. Би Г.Хишигтэд “маргааш ирээд апалка хуулаад салхи авахуулаад 1 дэх өдөр нь өрлөгөө эхлээд дуусгачих уу” гэж хэлсэн. Маргааш нь би хойшоо явах гэж байтал Ц.А над руу утсаар яриад “гэр чинь хаана вэ, ах нь Г.Хишигтээс мөнгө авчихлаа” гэхэд нь гэрээ зааж өгсөн. Ц.А ирээд 200,000 төгрөг өгөхөөр нь ...та 1 дэх өдөр ирэхдээ туслах хоёр хүнээ олоод өгөөрэй гэхэд за гээд явсан. 1 дэх өдөр Санзайн автобусанд суугаад явж байтал Ц.А өнөөдөр очоод яахав дээ гээд утас нь тасарсан. Би бодохдоо туслах хүн бүтээгүй юм байна гэж бодоод гэр рүүгээ буцаад явсан. Тэр үеэс хойш Ц.А ах утас нь холбогдохгүй алга болсон ба би Г.Хишигт гэх хүний гэрт очоогүй. ...Г.Хишигтээс хэдэн төгрөг авсан талаар надад хэлээгүй ...” гэх мэдүүлэг /хх-н 39-41 дүгээр хуудас/,
Гэрч Д.Дайриймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Ц.А гэх хүнийг сайн танихгүй. Манай хүү Д.Пүрэвдоржид 2018 оны 7, 8 дугаар сарын аль нэг өдөр гэрт ирээд 200.000 төгрөг өгөөд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 76-77 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.А, гэрч Д.Пүрэвдорж нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 83-85 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Агийн нийгмийн даатгал төлөлтийн талаарх архивын мэдээлэл /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, эд хөрөнгийн бүртгэлийн талаарх баримт /хх-ийн 63 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй гэх мэдээлэл /хх-ийн 65 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Аг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын 53 тоотод оршин суух хохирогч Г.Хишигтийн эзэмшлийн хашаанд грашийн өрлөг хийж 2 машины граш барихаар тохиролцож буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ажлын урьдчилгаа хөлс 840.000 төгрөг авсан боловч өөрийн танил Д.Пүрэвдоржид 200.000 төгрөг өгч өмнө нь суурь ухсан, апалка зангидсан байсан сууринд арматур төмөр зангидуулж, анкар суурилуулан хэмжээ тавьж шавар зуурч суурь цутгаснаас өөр ажил хийлгүй хуурч, залилсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Уг гэмт хэргийн тухайд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл: 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын 53 тоот хашаанд хоёр машины граш бариулахаар иргэн Г.Хишигт шүүгдэгч Ц.Атай харилцан тохиролцож ажлын хөлсний урьдчилгаанд 840.000 төгрөг /хх-ийн 13 хуудас/ өгч авалцсан байна.
Мөн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Ц.А, гэрч Д.Пүрэвдорж нар тодорхой ажил гүйцэтгэж шавар зуурч, анкар суурилуулан суурь цутгалт хийсэн байна.
Энэ болсон үйл баримтын талаар гэрч Ш.Жүгдэрийн “...2018 оны 8 дугаар сард манай хамаатны Г.Хишигт дуудаад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын 53 тоотод ирж грашийн суурийг хийгээд өгөөч гэхээр нь очоод трактораар ухуулаад би апалк зангидаад зутгалт хийхэд бэлэн болгосон. Маргааш нь Ц.А, Пүүжээ гэх Г.Хишигтийн таньдаг хоёр хүн ирээд арматур зангидаж төмрөөр боогоод зуурмагаа хүүхдүүдээр зууруулж цутгалт хийгээд явсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...маргааш өглөө очиход бэлэн суурь ухсан байсан. Апалка зангидсан байсанд арматур төмөр, анкар суурилуулан хэмжээ тавьсан. Орой 15 цагийн орчим Ц.А ирээд явсан. Би маргааш өглөө ирээд Г.Хишигтийн хүү, хүргэн хоёр надад тусалж шавар зуураад сууриа зутгаад 16 цагт дууссан. Ц.А тэр өдөр 12 цагт ирээд жаахан тус болж өнгөлгөө хийсэн. Би Г.Хишигтэд “маргааш ирээд апалка хуулаад салхи авахуулаад 1 дэх өдөр нь өрлөгөө эхлээд дуусгачих уу” гэж хэлсэн. Маргааш нь би хойшоо явах гэж байтал Ц.А над руу утсаар яриад “гэр чинь хаана вэ, ах нь Г.Хишигтээс мөнгө авчихлаа” гэхэд нь гэрээ зааж өгсөн. Ц.А ирээд 200,000 төгрөг өгөхөөр нь ...та 1 дэх өдөр ирэхдээ туслах хоёр хүнээ олоод өгөөрэй гэхэд за гээд явсан. 1 дэх өдөр Санзайн автобусанд суугаад явж байтал Ц.А өнөөдөр очоод яахав дээ гээд утас нь тасарсан. Би бодохдоо туслах хүн бүтээгүй юм байна гэж бодоод гэр рүүгээ буцаад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/, гэрч Д.Дайриймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Ц.А гэх хүнийг сайн танихгүй. Манай хүү Д.Пүрэвдоржид 2018 оны 7, 8 дугаар сарын аль нэг өдөр гэрт ирээд 200.000 төгрөг өгөөд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 76-77 дугаар хуудас/-ээс мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ц.Агийн “...тодорхой цаг хугацаанд шавь нь байсан учраас багшдаа туслах гэж 2 машины граш барьж өгөхөөр харилцан тохиролцсон нь үнэн боловч хөдөө мал малладаг дүү маань сураггүй алга болсон учраас гэр бүлийн нөхцөл байдал хүнд болж түүнийг эрж хайхаар хөдөө явж утас холбогдохгүй байсан нь үнэн. Надад залилах гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй... ” гэж тус тус мэдүүлжээ. Эдгээр мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ц.А нь хохирогч Г.Хишигтийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар түүний мөнгөн хөрөнгийг шууд өөрийн мэдэлд авах, уг грашийн ажлыг хийхгүй байхаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглахыг урьдаас төлөвлөн үүсгэж, итгэл үнэмшлийн үндсэн дээр бий болсон өөрийн үүргийг үл биелүүлэх шууд буюу шууд бус субъектив санаа зорилго байсан нь тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Ц.А гэрээг /хх-ийн 13 дугаар хуудас/ хүсэл зоригоо бодитой илэрхийлэх замаар үнэнч шударгаар байгуулсан эсэх болон гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон эсэх үгүй бол шалтгааныг тогтоох нь залилан мэхэлсэн гэх хэрэгт гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.
Тодруулбал Иргэний эрх зүйн харилцаа тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй эсвэл тэдгээрийг биечлэн зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авч захиран зарцуулж буцаан олгохгүй гэх субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх явдал юм.
Эдгээр үйл баримт тогтоогдож буй эсэх болон ямар нотлох баримтуудыг үндэслэл болгож буй талаар тусгаагүй байна.
Иймд шүүгдэгч Ц.Аг “залилах” гэмт хэргийг үйлдсэн нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Дорж овогт Цэдэнпунцагийн Алгааг цагаатгахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн барим-таар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.6, 36.9, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.
2. Энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6-т зааснаар шүүгдэгч Ц.А нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Г.Хишигтийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ