Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2020/0157/З |
Дугаар | 221/МА2021/0084 |
Огноо | 2021-02-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2021/0084
“СЭЧ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Т, хариуцагч Эрчим хүчний яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 729 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “СЭЧ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 729 дүгээр шийдвэрээр:
“...Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 22 дугаар зүйлийн 22.2, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СЭЧ” ХХК-иас Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан 70/2017/22 тоот техникийн нөхцөл болон 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:
“...Захиргааны хэргийн анхан шатны шүүх “СЭЧ” ХХК-ийн 70/2017/22 тоот техникийн нөхцөл болон 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны “эс үйлдэхүй” хууль бус болохыг тогтоож сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичигдсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар зэргийг үндэслэх хэсэгт давхардуулан бичсэн мөн шийдвэрийн Үндэслэх болон Тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиудын холбогдох заалтыг хэрэглээгүй, дээрх хуулийн зарим заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэгдэхэд зайлшгүй хэрэглэгдэх хуулийн заалтыг хэрэглэхгүй дүрмийн заалт хэрэглэсэн шүүх шийдвэртээ “ ... нэхэмжлэгчийн техникийн нөхцөлийг сунгуулах тухай хүсэлт гаргах эрхийг хязгаарлах боломжгүй...” гэсэн атлаа энэ талаар дэлгэрүүлж хууль зүйн талаас нь тайлбар хийгээгүй, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажлын талаарх тайлбарыг түүний эсрэг баримт болгосон байна.
Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд нэхэмжлэгч “СЭЧ ” ХХК-д тусгай зөвшөөрөл техникийн нөхцөл олгож үйл ажиллагааг эхлүүлэн их хэмжээний зардал гаргуулан гадаадын улстай төсөл хэрэгжүүлж ажлыг эхлүүлсэн атлаа сайд солигдох, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулна, эрчим хүчийг шингээх боломжгүй гэх мэт хэзээ биелэгдэх нь тодорхойгүй хуульд заагдаагүй шалтгаан тоочин хууль бус эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгч компанийг хохироосон байхад шүүх дээрх эс үйлдэхүй захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан “эс үйлдэхүйд” хамаарахгүй хэмээн хариуцагч албан тушаалтнуудад давуу байдал олгож нэг өгүүлбэрээр хуулийг буруу тайлбарлаж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхгүй тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ шударга шүүхээр хамгаалуулах боломжийг алдагдуулж “СЭЧ” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөө.
Төрийн захиргааны байгууллагаас хуульд олгосон тусгай зөвшөөрөл техникийн нөхцөлийг сунгах үүргээ хэрэгжүүлэхгүй жил дамнан олон удаа чирэгдүүлж тусгай зөвшөөрөл техникийн нөхцөл хүчинтэй байх хугацаанд хийж гүйцэтгэсэн өртөг өндөртэй ажлыг үнэгүйдүүлж элдэв саад хийж байсан учраас нэхэмжлэгч “СЭЧ” ХХК өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдгээ баримтаар нотолж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэхь хэсгийн “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон захиргааны акт гаргуулахыг даалгах...”, мөн хуулийн 52.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх дээрх хуулийн 52.5-д заагдаагүй “албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй” гэж нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээг буруу тодорхойлон хуульд заасан журмын дагуу гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхээс хууль бусаар татгалзаж хуулийн хэм хэмжээнээс давсан дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг буруу шийдвэрлэлээ.
“СЭЧ” ХХК тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн техник технологийн хувьд цаашид үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлсний дараа Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Эрчим хүчний тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.3-д заасны дагуу хугацаа нь дууссан тусгай зөвшөөрөл техникийн нөхцөлийн хугацааг сунгуулахаар захиргааны байгууллагад удаа дараа хандсан боловч хууль бус “эс үйлдэхүй” гаргаж тусгай зөвшөөрөл техникийн нөхцөлийг сунгахгүй байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Тусгай зөвшөөрөл техникийн нөхцөлийг Эрчим хүчний тухай хууль болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд заасны дагуу зөвлөл буюу эрх бүхий хэд хэдэн албан тушаалтан оролцож хамтын зарчмаар эцсийн шийдвэрийг гаргахаар хуульчлан заажээ.
Эрчим хүчний яам эрчим хүчний зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтнууд дээрх хуульд заасан шийдвэрийг хамтын зарчмаар эцэслэн шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус “эс үйлдэхүй” гаргасан байна.
Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх мөн хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж тусгай зөвшөөрөл техникийн нөхцөлийг сунгахгүй гэж ганцаарчилсан албан тушаалтан болох Эрчим хүчний сайдын 2019 оны А/1920, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын 2020 оны 9/92 албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлж албан ёсоор хариу өгсөн гэж буруу дүгнэлт хийснээс гадна дээрх албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаагүй хэмээн нэхэмжлэгчийг буруутган захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.2, Эрчим хүчний тухай хуулийн 21 болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болно. Мөн түүнчлэн шүүх хэрэгт авагдсан дүрмийг улсын бүртгэлд хэрхэн бүртгэгдсэн дүрмийн заалт биелэгдэх боломжтой эсэхийг шалгаж нягтлаагүй.
Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтнууд нэхэмжлэгч компанид холбогдох хуулийн дагуу олгогдож тодорхой ажиллагаа хийгдсэн хугацаа нь дууссан тусгай зөвшөөрөл техникийн нөхцөлийг сунгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй нь хэрэгт цугласан нотлох баримтууд ганцаарчилсан шийдвэр гаргах эрхгүй албан тушаалтнуудын үйл ажиллагаа зэргээр бүрэн нотлогдсон байхад шүүх “тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт хийсэн атлаа “...нэхэмжлэгч нь техникийн нөхцөлийг дахин авахаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүй...”, “...дахин баримт бүрдүүлж тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой байна...” гэсэн хоёрдмол утгатай, нэхэмжлэгчийг дахин чирэгдүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 729 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг харьцуулан үнэлж, захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх талаар дүгнэн хэргийг шийдвэрлэнэ.
Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа, маргаан бүхий шийдвэр хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх учиртай.
Энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч “СЭЧ” ХХК-д олгосон 70/2017/22 тоот техникийн нөхцөл болон Эрчим хүчний барилга байгууламж барих 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг хариуцагч Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль зүйн үндэслэлтэй тухайд маргааны гол үйл баримт оршиж байна.
Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийг “...эс үйлдэхүй гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй...” хэмээн дүгнэхдээ тухайн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулаагүй буюу зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу хүргүүлсэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/92, Эрчим хүчний сайдын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн а/1314 зэрэг албан бичгүүдэд үндэслэн маргааны үйл баримтыг дүгнэх нь учир дутагдалтай.
Учир нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Сонирхогч хуулийн этгээд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих, буюу үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд гаргана”, Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь энэ хуулийн 9.1.6, 9.1.7, 9.1.8, 9.1.9, 9.1.10-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:”, 11.3.1-д “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” гэж заасанчлан энэ тохиолдолд эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос Нийслэлийн зохицуулах зөвлөлд хандан зохих шийдвэр гаргуулсан эсэх талаар тодруулаагүй байна.
Харин Эрчим хүчний сайдын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн а/1314 дүгээр албан бичгээс үзвэл нэхэмжлэгчийн горимын тохиргоонд нөлөөлөхгүй, бага хэмжээнд техникийн нөхцөл олгуулах тухай хүсэлтэд хариу өгөөгүй бөгөөд “Диспетчерийн үндэсний төв” ХХК-иас аливаа хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн талаарх баримт авагдаагүй байх тул анхан шатны шүүх энэ талаарх баримтыг бүрэн цуглуулалгүй дүгнэлт хийсэн гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 35 дугаар тэмдэглэлийн 2.2-т “Эрчим хүчний системийн горимын зохицуулалтын хүндрэлийг бууруулах боломжийг бий болгох зорилгоор 100МВт-ын чадал бүхий цэнэг хураагуурын системийг барьж байгуулах арга хэмжээг шуурхай зохион байгуулах” гэж заасан ба хариуцагч Эрчим хүчний яамны зүгээс нэхэмжлэгчид “...эрчим хүчний системийн шингээх чадварыг нэмэгдүүлэх, найдвартай горим, тогтворжилтыг хангах нөхцөл бүрдтэл ... дэмжих боломжгүй” гэх үндэслэлээр техникийн нөхцөл олгохгүй хэмээн тайлбарлаж байх боловч хэрэгт Монгол Улсад одоогийн эрчим хүчний системийн шингээх чадварын хэмжээ ямар хэмжээнд байгааг судалсан эсэх, түүнд нэхэмжлэгч “СЭЧ” ХХК-ийн нарны цахилгаан станцаас нийлүүлэх эрчим хүчийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд шингээхэд хэдий хэмжээнд илүүдэлтэй болон маневерлахад хүндрэлтэй хэмжээнд хүргэж байгаа ба одоогийн байдлаар өөр бусад хэдэн аж ахуй нэгж сэргээгдэх эрчим хүч нийлүүлж байгаа талаарх нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзвэл Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 517 дугаар тогтоолоор “СЭЧ” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “Дунд” хэмээн дүгнэж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/92 албан бичгээр “...суурилагдсан хүчин чадлын тодорхой хувьтай тэнцэх цэнэг хураагууртай байх үүднээс горимын тооцоо дахин хийлгэх...” зөвлөмжийг хүргүүлжээ.
Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс “..техник, эдийн засгийн үндэслэлийг нарны зайн хуримтлууртайгаар тооцон боловсруулсан” гэх тайлбарыг өгч байх тул анхан шатны шүүх цаашид нэхэмжлэгчийн эрх ашиг, сэргэх боломжтой эсэхийг нэг мөр, хөтөлбөргүйгээр тогтоох, тусгай зөвшөөрөл болон техникийн нөхцөлийг сунгахад шаардлагатай баримтуудыг хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчээс бүрдүүлсэн эсэхийг тодорхойлох нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой учир тухайн нарны цахилгаан станц бүхий эрчим хүчний үйлдвэрт шаардагдах хэмжээний зайн хуримтлуурыг байрлуулсан эсэхийг шинжээч томилуулах эсхүл холбогдох эрх бүхий албан тушаалтны дүгнэлт, нотлох баримтыг цуглуулах зэрэг замаар тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй бөгөөд маргааны талаарх нотлох баримтуудыг бүрэн цуглуулан нөхцөл байдлыг зөв тодорхойлуулсны үндсэн дээр анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгон, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 729 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА