Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00814

 

В.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03288 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 291 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: В.Г

          Хариуцагч: С.Лд холбогдох

          Нийт 5.180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Г, хариуцагч С.Л, нарийн бичгийн даргад Э.Боролдой  нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд иргэн С.Лы өмчлөлийн, төвлөрсөн халаалтын шугамаар дамжуулан халаалтын шугам татахаар харилцан тохиролцсон. Ингээд 2011-10- 06-ны өдөр 2 сая төгрөг, 2012-03-07-ны өдөр 1 сая төгрөг, 2012-04-04-ний өдөр 1 сая төгрөг, 2012-04-30-ны өдөр 1 сая төгрөг түүнд өгсөн. 2015 оны 9 сард түүний хашаанд 40-ийн голчтой 36 м турбаг 180,000 төгрөгөөр худалдан авч 260,000 төгрөгийн зардал гаргаж байрлуулсан. Уг хэлцлийг үндэслэн 2015, 2016 онуудад Дулаан түгээх сүлжээ ХК-д техникийн нөхцөл гаргуулахаар өргөдөл гаргасан боловч С.Лгийн дулааны шугам татсан гол хөрөнгө оруулагч н.Отгонбаяртай тохиролцож, зөвшөөрөл авах, татагдсан шугам нь одоогийн дулаанд холбогдсон газруудыг хангаж чадахгүй байна, нэмж дулаан авах техникийн боломж байхгүй гэж техникийн нөхцөл олгож, зөвшөөрөл өгөхөөс татгалзсан. Иймд хариуцагчаас 5,000,000 төгрөг болон 6 ширхэг турбаны үнэ 180,000 төгрөг, нийт 5,180,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч гаргасан хариу тайлбартаа: В.Г өөрөө зөвшөөрлөө авна гэсэн. Манай хашаагаар шугам татахад би өөрөөсөө зардал гаргаад турба, дулаалгын мөнгө гаргасан. В.Г нь Отгонбаяртай уулзаад дулаанаа татуулья гэхэд 10 сая төгрөг нэхэмжилсэн. Тухайн үед 2 давхар байсан бөгөөд сүүлд байшингаа 5 давхар болгоход холбогдох газраас нь зөвшөөрөл өгөөгүй. Харин В.Г “...чи ганцхан дулаанаа өгчих, би зөвшөөрлийг нь зохицуулаад авчихна...” гэсэн гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03288 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан С.Лгоос 5 сая төгрөг гаргуулж В.Год олгож, нэхэмжлэлээс 180,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 900 төгрөгийг улсын орлогод үлдээж, С.Лгоос 94,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 291 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгч В.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хариуцагчийн гомдлоор хэлэлцээд шийдвэрийг танилцуулахдаа “Төвлөрсөн дулаанд холбох зөвшөөрөл олгодог байгууллагын албан ёсны зөвшөөрөл байхгүй тодруулбал техникийн нөхцөл гаргах боломжгүй гэсэн шийдвэр хавтаст хэрэгт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож байна” гэж ИХШХШТухай хуулийн 167.3-т заасны дагуу танилцуулж сонсгосон. Уг танилцуулж сонсгосноор би гомдлыг бичиж /гомдлыг хавсаргасан болно./ магадлалыг гардан авч хяналтын шатанд өгөх гэтэл уншиж сонсгосноос өөр үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ үйлдэл нь Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 36-р тогтоолоор тайлбарласныг зөрчиж шийдвэрлэсэн.   Лочинтой гэрээ хийх санал тавьсан боловч хариуцагч нь “...ямар нэгэн гэрээ хийж хариуцлага хүлээхгүй чи 5 сая төгрөг өгчих ... мөнгөний хэрэг байна дулааны техникийн нөхцөлөө аваад холболт хий хэрэв техникийн нөхцөл чинь гарахгүй бол мөнгөө ав тэр нь шударга болно би чиний мөнгийг авснаар хүү болон ямар нэгэн алданги торгууль төлөхгүй чи холболт хийсэн тохиолдолд надад өгсөн 5 сая төгрөгөө авахгүй тайлбар бичиж өг гэсний дагуу би тайлбар бичиж өгсөн /Лочин шүүхэд гаргаж өгч хавтаст хэрэгт байгаа болно/ . Уг хэлцэл нь Иргэний хуулийн 44-р зүйлд заасан Болзол тавьж хийсэн хэлцэл болох ба Иргэний хуулийн 45.1-д зааснаар ...илтэд биелэгдэх боломжгүй тул хүчин төгөлдөр бус байна., 56.1.8-д зааснаар... зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх ба тухайн заалтыг Улсын Дээд шүүхийн 2010-06-22-ны өдрийн 17-р тогтоолоор тайлбарласнаар ...Уг зүйл хэсэгт заасан “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50-р зүйлийн зохицуулалт хамаарна гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх уг хэлцэл нь агуулгын хувьд худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна гэж тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь “бүх гэрээ хэлцэл байх харин хэлцэл гэрээ болохгүй гэсэн онолын зарчмыг гажуудуулж хэлцлийн агуулга нь гэрээний шинжийг агуулж байгаа тул гэрээ болно гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Уг хэлцлийг хийхдээ хуулийн дагуу Эрчим хүчний тухай техникийн нөхцөл авснаар хэлцэл биелэгдэнэ гэдгийг хариуцагч бид хоёр сайн мэдэж байсан ба хэлцэл нь 2 талд харилцан ашигтай шударга зарчмын үндсэн дээр хийгдсэн байх шаардлагатай тул хариуцагч ч түүнийг ойлгож хүний их хэмжээний мөнгийг хариу үйлдэлгүйгээр авч хууль бусаар хөрөнгөжих үндэслэлгүй гэдгээ ойлгож байсан. Тиймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:    

       В.Г нь С.Лд холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргаж, төвлөрсөн халаалтын шугамаар дамжуулан халаалтын шугам татах төлбөрт өгсөн  5,000,000 төгрөг, 6 ширхэг турбаны үнэ 180,000 төгрөг, нийт 5,180,000 төгрөг шаарджээ. 

      Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл хэсгийг магадлалын тогтоох хэсэгт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийг зөрчсөн байна.

      Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсгийн зохицуулалтаар  хэрэглэгчид эрх олгосон эсхүл үүрэг ногдуулсан талаар шүүх дүгнэлт хийгээгүйгээс “... зөвшөөрөл авах үүргийг нэхэмжлэгч... хэрэглэгчийг холбуулах үүргийг хариуцагч...” тус тус хүлээх тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй болжээ. 

     Түүнчлэн, шүүх “... талуудын хоорондох хэлцэл нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг...” агуулсан гэж үзсэн үндэслэлээ магадлалд заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

      2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

      В.Г С.Лгоос нийт 5.180.000 төгрөг шаардахдаа “... халаалтын шугам татаж аваагүй ...” гэж, харин хариуцагч шаардлагыг эс зөвшөөрөхдөө “...тохирсон ёсоор шугам татан авч ашиглаж байсан...” гэж маргаж, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь “...хариуцагчийн хашаанд  40-ийн голчтой 36 м. турба байрлуулсан эсэх...дулааны шугамд холбогдсон эсхүл холбогдоогүйг шалгуулах...” хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх 68/

       Хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээчийг томилно. Харин хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг хийнэ.

       В.Гын хүсэлт нь “... халаалтын шугам татсан эсэх... татсан бол ашиглаж байсан эсэх ...40-ийн голчтой турба байрлуулсан эсэх...”-г тодруулах агуулгатай байх бөгөөд уг нөхцөл байдлыг тогтооход тусгай мэдлэг шаардагдаж байхад шүүх шинжээч томилолгүй, үзлэг хийсэн /хх 78-79/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

      Үзлэг хийснээр нэхэмжлэгчийн хүсэлтэд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул  нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

      Түүнчлэн, хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь дутагдалтай болжээ.

       Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03288 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 291 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 97.900 төгрөгийг захирамжаар В.Год олгосугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЦАГААНЦООЖ

   ШҮҮГЧ                                                         Б.УНДРАХ