Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 38

 

 

 

2020        01          07                                   2020/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Долгион,

  шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бумцэндийнхэн овгийн Б.Г т холбогдох эрүүгийн 1902008590312 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бумцэндийнхэн овгийн Б.Г , 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45-22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

  Шүүгдэгч Б.Г  нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв шуудангийн зүүн талд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 1.5 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би ээждээ эм аваачиж өгөх гэж байгаад Чимгээ гэдэг бүсгүйтэй тааралдсан. Тэр Чимгээ гэх эмэгтэй надад нэг бодис өгсөн. Чи өөртөө байлгаж бай орой авъя гэсэн. Би урьд нь зурагт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр зүйлийг хэрхэн хэргэлдэг болохыг харж байсан учраас сонирхоод хэрэглэсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 177 дугаартай прокурорын тогтоол /хх 43/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 44-45/, 

Гэрч Б.Батмонгол нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Батхишигийн зарах гэж байсан машинтай Ганбаяр бид 3 гадуур хүнтэй уулзахаар явж байгаад Ганбаяр Дарь-Эхэд байдаг гэртээ очиж замаараа эмийн сангаас эм авч ээждээ өгнө гэж хэлээд 7 буудлаараа явж байх үедээ нэрийг нь санахгүй байна нэг эмийн сангийн гадаа бууж Ганбаяр ганцаараа орохоор явсан. Батхишиг бид хоёрыг машинд сууж байх үед орж ирж суугаад хөдөлсөн ба тухайн үед Ганбаяр нь өөрөөсөө мөс гэх бодисыг гаргаж ирээд жаахан байна хэрэглэх үү гэхээр нь хэнээс ямар байдлаар авсан талаар нь асуулгүйгээр тэгье гэж зөвшөөрч тарианы усны шилэнд хийж байгаад гурвуулаа хэрэглэсэн. Ингээд ээж рүүгээ очихоо больж хотын төв рүү орохоор явж байгаад цагдаа нарт баригдсан. Ганбаярт мөс гэх бодис үлдсэн талаар нь мэдээгүй би бодохдоо жаахан мөс байгаад түүнийг нь хэрэглээд дууслаа л гэж бодож байсан. Хэрэглэсэн тарианы усны шилээ машинтай явж байх үедээ цонхоор гаргаад шидчихсэн...” гэх мэдүүлэг /хх 49-50/,

Гэрч Б.Батхишиг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ингээд явж байх үедээ 7 буудлын автобусны буудлын ойролцоо байх эмийн сангийн гадаа зогсож Ганбаяр ганцаараа буугаад удалгүй машинд буцаж суусан, Машинд суугаад буцаад явъя гэж хэлсэн тул буцаад төв рүүгээ орохоор явсан ч зам түгжрэл ихтэй байсан тул нэлээд удаан явсан харин тэр үед Ганбаяр өөрөөсөө нэг зүйлийг гаргаж мөнгө хуйлж утаа гаргаад сороод байсан ба би сонирхоод юу болох талаар нь асуутал зүгээр тамхиа чи бараг хэрэглээд хэрэггүй гэхээр нь би сонирхол төрөөд утаанаас нь хуйлсан мөнгөөр дамжуулан сорж хэрэглэсэн тухайн үед Батмонгол мөн хэрэглэсэн. Ингээд машинтай явж байгаад Төв шуудангийн зүүн талын зам дээр цагдаад баригдсан..” гэх мэдүүлэг /хх 51-52/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №5888 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 61-63/,

Шүүгдэгч Б.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр найз Батмонгол болон түүний найз Батхишиг нартай Батхишигийн унаж явсан Тоёота Кроун 200 маркийн машинтай гадуур ажил хөөцөлдөж явж байгаад орой 19-20 цагийн үед санагдаж байна гадаа харанхуй болсон байх үед Дарь-Эхэд байдаг гэр рүүгээ ээждээ эм авч очих санаатай 7 буудлаараа явж байх үедээ 7 буудлын ойролцоох эмийн сангийн зам дагуу зогсож ганцаараа буугаад эмийн сан руу явж байх үедээ Чимгээ гэх нэрээр надтай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод 2017 онд танилцаж байсан эмэгтэй таарч жаахан юм ярьж зогсож байгаад Монголд ирээд удаагүй байгаа талаараа хэлээд намайг мөс гэх бодисыг авах уу сонирхох уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. Гэтэл наанаа түр хүлээж байгаарай гэж хэлчхээд ойролцоогоор 5-10 минут болсны дараа буцаж ирээд хоёулаа хамт жаахан алхъя гэж хэлээд алхаж байх үедээ гудамд байх худаг руу зааж тэр худгийн ард тамхины хайрцагт хийсэн байгаа гэж хэлээд өөрөө марк дугаарыг нь санахгүй байна нэг машинд суугаад явчихсан би худгийн ард нь очиход тамхины хайрцагтай зиплок түгжээтэй мөс байхаар нь аваад эмээ авалгүй Батхишигийн машинд сууж хүнээс авсан мөсөө харуулаад харихаа больж буцаж хотын төв рүү ороход болоод гудамд орж зогсоод тухайн Чимгээ гэх хүний өгсөн мөснөөс тарианы усны шилэнд хийж гурвуулаа хэрэглээд үлдсэнийг нь би өөртөө аваад хадгалсан хэрэглэх үедээ би тэр хоёрт ямар хэмжээтэй байгааг харуулалгүй тарианы усны шилэнд хийгээд үлдсэнийг нь өөртөө хадгалсан учраас Батмонгол, Батхишиг хоёр надад мөс гэх бодисыг үлдсэн талаар мэдээгүй байх. Ингээд хотын төв рүү явж байгаад Төв шуудангийн зүүн талд зам дээр цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /хх 81-82/,

Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1260 дугаар дүгнэлт /хх 67-68/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 121/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 136/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 118/, шүүгдэгч Б.Г ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 119-120/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч Б.Г  нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв шуудангийн зүүн талд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 1.5 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 177 дугаартай прокурорын тогтоол /хх 43/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 44-45/, гэрч Б.Батмонголын  “...Ганбаяр нь өөрөөсөө мөс гэх бодисыг гаргаж ирээд жаахан байна хэрэглэх үү гэхээр нь хэнээс ямар байдлаар авсан талаар нь асуулгүйгээр тэгье гэж зөвшөөрч тарианы усны шилэнд хийж байгаад гурвуулаа хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх 49-50/, гэрч Б.Батхишигийн “...Ганбаяр өөрөөсөө нэг зүйлийг гаргаж мөнгө хуйлж утаа гаргаад сороод байсан ба би сонирхоод юу болох талаар нь асуутал зүгээр тамхиа чи бараг хэрэглээд хэрэггүй гэхээр нь би сонирхол төрөөд утаанаас нь хуйлсан мөнгөөр дамжуулан сорж хэрэглэсэн тухайн үед Батмонгол мөн хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх 51-52/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №5888 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 61-63/, шүүгдэгч Б.Г ын “...би худгийн ард нь очиход тамхины хайрцагтай зиплок түгжээтэй мөс байхаар нь аваад эмээ авалгүй Батхишигийн машинд сууж хүнээс авсан мөсөө харуулаад харихаа больж буцаж хотын төв рүү ороход болоод гудамд орж зогсоод тухайн Чимгээ гэх хүний өгсөн мөснөөс тарианы усны шилэнд хийж гурвуулаа хэрэглээд үлдсэнийг нь би өөртөө аваад хадгалсан...” гэх мэдүүлэг /хх 81-82/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “уутны хамт 1.5 грамм жинтэй бодис, 2 ширхэг, зиплок түгжээ бүхий уут, 2 ширхэг хуванцар гуурс” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.

Шүүгдэгч Б.Г ын цагдан хоригдсон 31 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бумцэндийнхэн овгийн Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “уутны хамт 1.5 грамм жинтэй бодис, 2 ширхэг, зиплок түгжээ бүхий уут, 2 ширхэг хуванцар гуурс” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г ын цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН