| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0031/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 43
2020 01 09 2020/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Г.Ц /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овгийн ГЦ эд холбогдох эрүүгийн 1911028591244 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн ГЦ , 1993 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүчит шонхор зах дээр үйлчлэгч ажилтай, ам бүл 10, хүргэн, дүү, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Дэнжийн 33-493 тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч ГЦ нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40-5146 тоотод А.Анутай маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, хэвлий хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, гарын сарвуунд шалбаралт, хярзангийн оёдол тавигдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ГЦ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хулан бид 2 согтуу байсан. Намайг гичий гэх мэт үгээр доромжлоод байхаар нь муудалцсан. Болсон үйл явдлын талаар сайн санахгүй байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,
Хохирогч А.Ану нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ хүүхдээ хараад байж байтал 11 цагийн үед манай төрсөн эгч Хулан манай гэрт орж ирээд Цэндээ эгч чинь татаад байна ороод үзээд өгөөч гэж надад хэлсэн. ...Цэндээ эгч тэгтэл хэрүүл хийгээд миний үснээс зулгааж дараад миний хэвлий хэсэг рүү өшиглөөд байсан чинь манай эгч Хулан чи оёдолтой төрсөн хүнийг зодлоо гэж хэлээд Хулан эгч Цэндээ эгчийн үсдээд авсан юм. Энэ үед оёдлоор өвдөөд доошоо цус гарсан би төрөөд 20 хонож байгаа өөрөөрөө төрсөн боловч 6 оёдолтой төрсөн юм. ...миний биед учирсан тархи доргилт гэмтлийг Цэнд эгч үсдээд байхдаа учруулсан ба намайг үсэдсэн байхдаа миний хэвлий хэсэг рүү өшиглөхөд миний доод оёдол задарсан...” гэх мэдүүлэг /хх 10-11/,
Гэрч Ц.Хулан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би Цэндтэй үсдэлцээд цохилцоод авсан юм ингээд би Цэндийг өөрөөсөө салгаж дийлэхгүй байж байгаад намайг өөрөө тавиад газарт унаад салгалаад байсан юм тэгэхээр нь би Цэндийг татаад байна гэж бодоод Цэндтэй гайгүй харилцаатай байдаг өөрийн төрсөн дүү Ануг гэрээс нь буюу Чингэлтэй дүүргийн 10-р хороо Дэнжийн 40-5146 тоотод байх гэртээ ороод Ануд хандаад Цэндээ эгч чинь татаад байх шиг байна чи очоод үзээд өгөөч гэж хэлсэн ба Ануг дагуулаад нөгөө хашаандаа яваад очтол Цэнд газарт суучихсан уйлаад сууж байсан юм тэгээд босож ирээд дахиад намайг үсдээд авахаар нь Ану Цэндийг надаас салгах гээд зууралдах үед Цэнд Ануг чи муу гичий минь эгчтэйгээ нийлж зодлоо гээд Анугийн үснээс зулгааж доош нь дараад хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн юм... миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй бөгөөд би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... зодоон болох үед Ану, Цэнд бид гурав л байсан юм өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 18-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №13094 дугаартай дүгнэлтэд: “...А.Анугийн биед тархи доргилт, гарын сарвуунд шалбаралт, хярзангийн оёдол тавигдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 22/,
Шүүгдэгч ГЦ нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Хулантай үсдэлцэж байгаад Ануг намайг эгчтэйгээ нийлж зодох гэж байна гэж бодоод Ануг үсдээд түүний хэвлий хэсэг рүү өшиглөсөн юм. Дээрх гэмтлийн би Анугийн биед учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 33-34/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 40/, шүүгдэгч шүүгдэгч ГЦ эд холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 44-46/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх 48/, хохирогч А.Анугийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх 60/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч ГЦ нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40-5146 тоотод А.Анутай маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, хэвлий хэсэг рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, гарын сарвуунд шалбаралт, хярзангийн оёдол тавигдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, хохирогч А.Анугийн “...миний биед учирсан тархи доргилт гэмтлийг Цэнд эгч үсдээд байхдаа учруулсан ба намайг үсэдсэн байхдаа миний хэвлий хэсэг рүү өшиглөхөд миний доод оёдол задарсан...” гэх мэдүүлэг /хх 10-11/, гэрч Ц.Хулангийн “...Цэнд Ануг чи муу гичий минь эгчтэйгээ нийлж зодлоо гээд Анугийн үснээс зулгааж доош нь дараад хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хх 18-19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №13094 дугаар дүгнэлт /хх 22/, шүүгдэгч ГЦ ийн “...Ануг үсдээд түүний хэвлий хэсэг рүү өшиглөсөн юм. Дээрх гэмтлийн би Анугийн биед учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 33-34/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ГЦ ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч ГЦ эд ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч ГЦ эд ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирогч А.Ану нь “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч ГЦ ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн ГЦ ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ГЦ эд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ГЦ нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч ГЦ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ГЦ эд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН