Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 44

 

   2020        01        09                                    2020/ШЦТ/44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Н.Булганчимэг,

  өсвөр насны шүүгдэгч Т.Х  , түүний өмгөөлөгч Ч.Энхжин нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Т.Х  д холбогдох эрүүгийн        1911028901236 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Т.Х  , 2003 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 30 дугаар гудамжны 2936 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Өсвөр насны шүүгдэгч Т.Х   нь 2019 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Реасе mall худалдааны төвийн урд талд хохирогч Х.Өсөх-Одыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар цохиж, өшиглөн эр үүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Өсвөр насны шүүгдэгч Т.Х   нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 3.127.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Хохирогч Х.Өсөх-Од нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний 02 цагт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 26 дугаар байранд байрлах гэрээсээ гараад найз Гантогтохын хамт яваад Реасе mall худалдааны төвийн CU орж ундаа авах гээд явж байтал Шөлөндөө хоолны газрын урд байсан 4 эрэгтэй, 1 эмэгтэй хүн манай найз Гантогтох бид хоёрын зүг лүү “лифтон юм уу юу юм архи шаацан юм уу” гэх зэргээр орилоод шоглоод байх шиг байсан. Тухайн үед нэг их юм бодохгүй дотогшоо ороод ундаагаа аваад гарч ирэхэд мөн бид хоёр луу орилоод байхаар нь юу гээд байгаа юм бэ гэсэн чинь нэг залуу нь гүйж ирээд Гантогтохын нүүр лүү хоёр удаа цохиод өшиглөсөн. Гэтэл нөгөө дөрвийн нэг нь “өө болж байна шүү дээ” гээд орилоод байсан. Тэгснээ намайг орох юм бол ална шүү гээд байсан. Тэгээд Гантогтох өөрийг нь цохисон залууг түлхээд зугтаачихсан тэрний хойноос хоёр нь хөөгөөд үлдсэн хоёр нь намайг барьж аваад нэг нь шууд нүүр лүү цохичихсон би доошоо “ёо нүүр” гээд бөхийсөн чинь хойноос хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн. Тэгээд намайг цохисон залуу манай найзын араас гүйгээд явчихсан. Тэнд байсан нөгөө охин нь намайг зүгээр үү гээд байж байсан чинь нөгөө 4 залуу буцаж ирснээ уучлалт гуйгаад байсан. Хүслэн гэх хүүхэд миний биед уг гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх 8-11/,

Гэрч С.Чулуунбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найзууд Төгөлдөр, Пүрэвбаатар, Лхаянмядаг болон хамаатны дүү Хүслэн нарын хамт үндэсний соёл амралтын хүрээлэн дээр Халловены баярт оролцоод тэндээсээ гараад харих гээд замаараа Чингэлтэй дүүргийн  3 дугаар хороонд байрлах шөлөндөө хоолны газарт орж хоол идчихээд гарч ирээд такси барих гээд байж байхад ард хоёр залуу бас явж байж таарсан юм шиг байна лээ. Манай дүү Хүслэнтэй маргалдаж эхэлсэн тэгээд би очоод яасан юу болоод байгаа юм гэсэн чинь Хүслэн нэг залууг нь сүүлд мэдсэн Гантогтох гэх залууг нэг цохиод авах шиг болсон ба нөгөө залуу бултчихсан. Тэгсэн тэр Гантогтох нь хэл амаар доромжлоод янз бүрийн юм яриад байхаар нь би чи чимээгүй бол гэсэн чинь манай дүү дахиад тэр залууг цохиод авсан тэгсэн чинь тэр залуу манай дүүг үүрээд унагаасан ба унахдаа гараараа нүүрээ дараад унасан тэгээд тэр залуу ганц нэг удаа Хүслэнг цохисон байхаар нь би дундуур нь ороод чи яаж байгаа юм гээд тэр залууг нэг удаа зүүн шанаа руу нь цохисон...” гэх мэдүүлэг /хх 12-14/,

Гэрч Д.Гантогтох нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өсөх-Одын гэрт уулзаад тэднийд юм ярьж сууж байгаад шөнийн 02 цагт ундаа авах гээд Тэнгисийн СU хаалттай байхаар нь Реасе mall-ын хажууд байдаг СU рүү явсан тэгээд Шөлөндөөгийн урдуур өнгөрч явахад хэсэг залуус явган хүний зам дээр тамхи татаад зогсож байсан. Манай найз Өсөх-Од өмднийхөө ард ундаа хийсэн байсан чинь ундаа юм уу архи шаацан юм уу гээд шоолоод орилоод инээлдээд байхаар нь нээх тоолгүй СU рүү ороод ундаагаа аваад буцаад гараад ирэхэд тухайн залуучууд бид хоёрыг шоолоод орилоод байхаар нь юу гээд байгаа юм бэ гээд эргээд харсан чинь яасан гэхээр нь би одоо болъё харьж унтаач гэсэн чинь хар нэхий өмссөн залуу гүйж ирээд миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би тэр залууг түлхээд зугтаасан чинь Өсөхөө үлдчихсэн байсан. ...Өсөхөө дээр очиход хамраас нь цус гарчихсан доошоо хараад сууж байсан...” мэдүүлэг /хх 17/,

Гэрч Э.Төгөлдөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Гантогтох гэх залуу Хүслэн хоёр маргалдаад бие биенийгээ цохилцоод эхэлсэн ба тэр залуу Хүслэнг газар унагаахаар нь бид нар очиж салгасан. Тэгсэн тэр залуу найзыгаа орхиод зугтаасан. Харин нөгөө Өсөх-Од гэх сүүлд нэрийг нь мэдсэн залуу зугтах гэхэд нь Хүслэн барьж аваад нүүр лүү нь нэг цохисон ба доошоо тонгойх үед нь нэг удаа нүүр орчимд өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/,

Гэрч Ч.Лхаянмядаг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр парк дээр шоу болоод найз Чулуунбат, Пүрэвбаатар, Төгөлдөр нарын хамт очсон. Тэгсэн удалгүй Хүслэн гээд Чукагийн дүү нь ирсэн. Тэгээд тэндээсээ гараад бүгдээрээ гэр гэрлүүгээ явах гээд зам дээр такси барих гээд юм яриад зогсож чинь хоёр залуу хажуугаар яваад өнгөрөх үед Хүслэнтэй маргалдаж эхэлсэн. Яг тухайн үед яагаад маргалдсан талаар нь мэдээгүй. Тэгээд Хүслэн нэг залуутай барилцаж аваад хоорондоо нэг нэг цохилцсон тэр залуу Хүслэнг газар унагаасан тэгсэн тэр залуу найзыгаа орхиод цаашаа яваад өгсөн ба Чулуунбат араас нь явсан наана Хүслэн Төгөлдөр бид гурав Өсөх-Од гэх залуутай үлдээд зогсож байсан. Тэгсэн нэг мэдсэн Хүслэн Өсөх-Од гэх залууг барьж аваад нүүр рүү нь нэг цохисон. Доошоо тонгойх үед нь нэг удаа өшиглөсөн...” гэх  мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч Г.Пүрэвбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Хүслэн нь нэг залуутай барилцаж аваад бие биенээ нэг нэг цохиод байсан ба тэр залуу Хүслэнг газар унагаасан тэгээд Хүслэн босож ирээд дахиад цохих гэтэл оноогүй тэгсэн тэр залуу онодог болчхоод ахтайгаа яриарай гээд байсан. Тэгснээ тэр залуу найзыгаа орхиод цаашаа яваад өгсөн. Чулуунбат араас нь явсан ба би араас нь зодоон хийж магадгүй гэж бодоод салгах гээд очсон. Тэгэхэд хоорондоо зүгээр ярилцаад зогсож байсан. ...сүүлд нь Хүслэн уг залууг цохисон байсныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №13243 дугаар дүгнэлтэд: “...Х.Өсөх-Одын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хамрын нуруу, баруун шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 31/,

Өсвөр насны шүүгдэгч Т.Х   нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...нөгөө Өсөх-Од гэх залуугийн хамт үлдсэн ба тэрээр намайг би цэрэгт явсан чи ахыгаа зодох юм уу мянгатад чи намайг таних уу гэх зэргээр яриад байхаар нь би түүний нүүр лүү нь цохисон ба нүүрээ дараад тонгойход нь гарлуу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 45-47/,

Өсвөр насны шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх 51/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 53/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 52/, хохирогч Х.Өсөх-Одын гаргаж өгсөн эмчилгээний баримт /хх 35-39/, хохирогч Х.Өсөх-Одын гаргаж өгсөн гомдол саналгүй гэх хүсэлт /хх 40/, өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон баримт /хх 48/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Т.Х   нь 2019 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Реасе mall худалдааны төвийн урд талд хохирогч Х.Өсөх-Одыг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар цохиж, өшиглөн эр үүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хохирогч Х.Өсөх-Одын “...Хүслэн гэх хүүхэд миний биед уг гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх 8-11/, гэрч С.Чулуунбатын “...би чи чимээгүй бол гэсэн чинь манай дүү дахиад тэр залууг цохиод авсан тэгсэн чинь тэр залуу манай дүүг үүрээд унагаасан ба унахдаа гараараа нүүрээ дараад унасан тэгээд тэр залуу ганц нэг удаа Хүслэнг цохисон байхаар нь би дундуур нь ороод чи яаж байгаа юм гээд тэр залууг нэг удаа зүүн шанаа руу нь цохисон...” гэх мэдүүлэг /хх 12-14/, гэрч Д.Гантогтохын “...би тэр залууг түлхээд зугтаасан чинь Өсөхөө үлдчихсэн байсан. ...Өсөхөө дээр очиход хамраас нь цус гарчихсан доошоо хараад сууж байсан...” мэдүүлэг /хх 17/, гэрч Э.Төгөлдөрийн “...Өсөх-Од гэх сүүлд нэрийг нь мэдсэн залуу зугтах гэхэд нь Хүслэн барьж аваад нүүр лүү нь нэг цохисон ба доошоо тонгойх үед нь нэг удаа нүүр орчимд өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/, гэрч Ч.Лхаянмядагийн “...нэг мэдсэн Хүслэн Өсөх-Од гэх залууг барьж аваад нүүр лүү нь нэг цохисон. Доошоо тонгойх үед нь нэг удаа өшиглөсөн...” гэх  мэдүүлэг /хх 20-21/, гэрч Г.Пүрэвбаатарын “...Тэгэхэд хоорондоо зүгээр ярилцаад зогсож байсан. ...сүүлд нь Хүслэн уг залууг цохисон байсныг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 22-23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №13243 дугаар дүгнэлт /хх 31/, өсвөр насны шүүгдэгч Т.Х  гийн “...нөгөө Өсөх-Од гэх залуугийн хамт үлдсэн ба тэрээр намайг би цэрэгт явсан чи ахыгаа зодох юм уу мянгатад чи намайг таних уу гэх зэргээр яриад байхаар нь би түүний нүүр лүү нь цохисон ба нүүрээ дараад тонгойход нь гарлуу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 45-47/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Х  г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч, төрсөн эцэг Н.Тулгад даалгаж шийдвэрлэв.

Хохирогч Х.Өсөх-Од нь “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овгийн Т.Х  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Т.Х  д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Х  г тэнссэн хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг төрсөн эцэг Н.Тулгад үүрэг болгосугай.

4. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.Х  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ХАЛИУН