Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 837

 

 

 

   2019         9           20                                   2019/ШЦТ/837

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,

Улсын яллагч Д.Агар,

Хохирогч Х.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,

Шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Т-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, барилга дээр туслах ажилчин хийдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Ж.Т

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Ж.Т нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Монгол Улсын Боловсролын Их сургуулийн баруун урд уулзварын замд 2019 оны 6 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг 45 минутын үед  “Тоёота Приус” маркийн 23-62 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Нямсүрэнг мөргөж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Х.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Би 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа явж байсан ба замын хөдөлгөөний дүрмийн дагуу ногоон гэрэл, цагаан шугамаар зам гарч байхад шүүгдэгч мөргөсөн. Би хүүхдүүд рүүгээ утсаар ярьж дуудсан. Хүүхдүүд ирсний дараа түргэн тусламж ирсэн. Би үйчилгээний ажилтан учраас ослын улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа. Тархи толгой байнга өвддөг болсон. Хоёрдугаар шатны эмчилгээ хийлгэх гэсэн боловч мөнгөний бололцоогүйн улмаас нэхэмжлэлээ авсан. “Мөнгөн гүүр” эмнэлэгт 14 хоног хэвтэж 1.450.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн ба шүүгдэгч Ж.Т төлж барагдуулсан. Гэхдээ гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

 

   Эрүүгийн хэргээс:

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-11 дүгээр хуудас/,

    Жолооч Ж.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 13 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17 дугаар хуудас/,

Камерын бичлэг үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 18 дугаар хуудас/,

 

Хохирогч Х.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 05-ны өглөөний 06 цаг 46 минутад Багшийн дээдийн уулзварт баруун талын явган хүний гарцаар хойноосоо урагш чиглэлд ногоон гэрэл асахыг хүлээж 3-4 минут зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь явган хүний гарц тэмдэглэлээр зам хөндлөн гартал хаанаас ирснийг нь мэдээгүй машин ирж мөргөсөн. Мөргүүлээд газарт унаад босох гэж байтал жолооч ирээд дэмнэж босгосон ба цусаа цэвэрлээд хүүхдүүдээ утсаар дуудсан. Толгойд 3 оёдол, яс цуурсан, няцрал хугаралттай, баруун нүд гэмтсэн бүдэг хардаг болсон мөн зүүн гар бугуйгаар хугарсан. Би эрүүл саруул байсан. Жолоочид маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-н 20-21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Х.Нямсүрэнгийн биед дух яс, баруун нүдний ухархайн дээд хана, хажуу хана, баруун гайморын хөндийн урд хана, хацар ясны хугарал, тархи доргилт, зүүн шуу ясны хугарал, дух, баруун хөмсөгт шарх, нүүр, хүзүү, баруун, зүүн нүдний зовхи,  баруун шилбэ, баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх 6896 дугаартай дүгнэлт /хх-н 26 дугаар хуудас/,

Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-н 64 дүгээр хуудас/, гэмтлийн эмчийн үзлэг” /хх-н 65-68 дугаар хуудас/, эмнэлгээс гарах,шилжих үеийн эпикриз” /хх-н 69 дугаар хуудас/,

Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-н баруун урд замын гэрэл дохионы ажиллах горим /хх-н 60-61 дугаар хуудас/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 42762 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Т-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг  шалгах хуудас /хх-н 47 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа /хх-н 48 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 49 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 50 дугаар  хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-н 51 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-н 52 дугаар хуудас/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

  Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч  Ж.Т нь Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Монгол Улсын Боловсролын их сургуулийн баруун урд уулзварын замд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 06 цаг 46 минутын үед "Тоёота Приус" маркийн 23-62 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Нямсүрэнг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.Тыг  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Нямсүрэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 1.499.540 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Ж.Т төлж барагдуулсан /хх-ийн 78 дугаар хуудас/ байна. Хохирогч Х.Нямсүрэн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдав.

 

Хохирогч Х.Нямсүрэн нь шүүх хэлэлцүүлэгт “...Мөнгөн гүүр эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчилгээ хийлгэхэд гарсан 1.499.540 төгрөгийг шүүгдэгч Ж.Т төлж барагдуулсан. Одоогоор баримтаар нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг дурдаж, энэ хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул хохирогч Х.Нямсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хэрэгт хураагдсан Ж.Ты “В” ангиллын 728195 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.  

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж.Т-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ж.Т-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Ж.Тд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

                4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ж.Ты “В” ангиллын 728195 дугаартай  жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.   

            6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шүүгдэгч Ж.Т нь хохирогч Х.Нямсүрэнгийн эмчилгээний зардалд  1.499.540 төгрөг төлсөн, хохирогч Х.Нямсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ОДОНЧИМЭГ