Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 45

 

 

 2020        01          10                                  2020/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч М.Энхбаатар,

хохирогч Б.Азжаргал,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Д.Эт холбогдох эрүүгийн 1911015951333 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овгийн Д.Э, 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барс худалдааны төвд хүнсний ногоо зардаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн, 22 дугаар хороо, Хилчины 96-45а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Азжаргалын нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сард Азжаргал манай эхнэрийг хүчиндсэн. Мөн манайхаас ногоо хулгайлсан учраас би аав, Галбадрах, Цэдэнсодном нартай хайж, Дэнжийнмянгаас хайж олсон. Тэр үед намайг гэрийнхэнтэй чинь хамт шатааж ална гэж байсан. Би  нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон. Намайг занал хийлсэн. Би түүнийг нүүрэнд цохих үед уг гэмтэл үүссэн байх боломжтой...” гэв.

Хохирогч Б.Азжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Дэнжийнмянгын зах дээр байж байхад Д.Эын эхнэр утсаар яриад надтай уулзахаар болсон. Гэтэл эхнэр нь намайг хүчиндсэн гэж худлаа ярьж, гүтгэсэн. Би Д.Эын эхнэрт холбогдуулан цагдаад гомдол гаргасан. Одоо шалгагдаж байгаа. Намайг ямар ч шалтгаангүйгээр ногоо хулгайлсан гэж зургуулаа нийлж зодсон. Д.Э нь намайг хамт зодсон дүү нараа нуугаад хэлэхгүй байгаа. Би хэргийн материалтай танилцаагүй, Д.Эт гомдолтой байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэрч М.Ууганбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эргүүлийн 113 дугаар чиглэлд Чингэлтэй дүүргийн 12,       13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17-18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарантуул 2 худалдааны төвийн орчим Өлзийт дэлгүүрийн хажуу талд хэсэг хүмүүс зодолдож байхад нь очиж шалгасан. Машинаас буугаад зодолдож байгаа хүмүүсийг салгахад тухайн үед зодолдож байсан нэг залуу нь “наад залуу чинь манай эхнэрийг хүчиндсэн залуу байгаа юм. Танай цагдаагийн хэсгээс эрэн сурвалжилж байгаа хүн байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө хүнийг машины арын суудалд суулгаад регистрийн дугаарыг нь асуухад надад регистрийн дугаараа хэлсэн. Хэлсэн дугаарыг нь албаны цахим санд хийж үзэхэд Балдандоржийн Азжаргал гэх нэр гарч ирсэн. ...Түүний баруун нүд хөхөрсөн, хамарнаас нь цус гарсан, хамар нь хавдсан, амнаас нь цус гарсан, мөн уруул нь хавдсан байдалтай байсан. Нүүр нь шороо болсон, мөн өмсөж явсан хувцас нь шороо болсон байсан. Анх очиход 3-4 хүн нийлээд нэг хүнийг зодож байсан...” гэх мэдүүлэг /хх 17-20/,

            Гэрч С.Галбадрах нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Эрдэнэбаатар ах Азжаргалын зодох гээд дайраад байхаар нь Цэдэнсодном бид 2 хориод зодуулаагүй. Тэгээд бид нар доошоо бууж байхад Азжаргал та нарыг бүгдийг нь ална, гэртэй шатааж ална гээд орилоод байсан чинь Эрдэнэбаатар ах уурлаад бид нарын ард явж байсанаа урд гарч ирээд Азжаргалын нүүрэн тус газар нь гараараа цохисон. Миний харсанаар 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 37-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1351 дугаартай дүгнэлтэд: “...Б.Азжаргалын биед хамарт зөөлөн эдийн няцралт, зүүн дээд зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн өдөр үүсэж байж болох шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлгүй...” гэх дүгнэлт /хх 45/,

            Гэрч Д.Цэдэнсодном нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...бид нар Азжаргалыг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлзий нэртэй дэлгүүрийн арын гудамжинд байхыг харчихаад Галбадрах бариад авсан. Би араас гүйгээр барьсан. Тэгсэн араас ах ирж уулзахад Б.Азжаргал ахыг аавтай хамт ална гээд хэл амаар доромжлоход ах уурлаад  Азжаргалын нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх 115-116/,

Шүүгдэгч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг ойлголоо. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2019 оны 01 дүгээр сарын 11-ний орой манай эхнэр О.Энхжинг Б.Азжаргал хүчээр бааранд дагуулж ороод пиво авч өгч сүүлдээ буудал руу чирч оруулж хүчиндсэн юм. Энэ явдлыг эхнэр О.Энхжингээс мэдсэн. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр дүү Галбадрах, Цэдэнсодном, манай аав Даваадорж бид нар манай эхнэр О.Энхжингээр өгөөш болгон Б.Азжаргалтай Чингэлтэй дүүрэг Дэнжийн мянга орчим уулзахаар болсон юм. Ингээд Б.Азжаргал уулзах газраа ирж, манай эхнэр О.Энхжинг ирж авч явах үед дүү Галбадрах, Цэдэнсодном, манай аав Даваадорж бид дөрөв нуугдаж байсан газраасаа гарч гүйхэд Б.Азжаргал харчхаад бид нараас зугтаагаад гүйгээд явчихсан. Ингээд араас нь хөөгөөд дүү Галбадрах, Цэдэнсодном нар Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Өлзий нэртэй дэлгүүрийн арын гудамжинд Б.Азжаргалыг явж байхаар хараад бариад авсан. Тэгээд би Б.Азжаргалтай уулзахад намайг аавтай минь хамт ална гээд хэл амаар доромжлоод байхаар нь би Б.Азжаргалын нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх 126-127/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 134/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 130/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 131/, шүүгдэгч Д.Эын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 150-151/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 67 дугаар “Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” тогтоол /хх 97/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Азжаргалын нүүрэн тус газарт 2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэрч М.Ууганбаярын “...Түүний баруун нүд хөхөрсөн, хамарнаас нь цус гарсан, хамар нь хавдсан, амнаас нь цус гарсан, мөн уруул нь хавдсан байдалтай байсан. Нүүр нь шороо болсон, мөн өмсөж явсан хувцас нь шороо болсон байсан. Анх очиход 3-4 хүн нийлээд нэг хүнийг зодож байсан...” гэх мэдүүлэг /хх 17-20/, гэрч С.Галбадрахын “...Эрдэнэбаатар ах уурлаад бид нарын ард явж байсанаа урд гарч ирээд Азжаргалын нүүрэн тус газар нь гараараа цохисон. Миний харсанаар 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 37-39/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1351 дугаартай дүгнэлт /хх 45/, гэрч Д.Цэдэнсодномын “...Б.Азжаргал ахыг аавтай хамт ална гээд хэл амаар доромжлоход ах уурлаад  Азжаргалын нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх 115-116/, шүүгдэгч Д.Эын “...би Б.Азжаргалтай уулзахад намайг аавтай минь хамт ална гээд хэл амаар доромжлоод байхаар нь би Б.Азжаргалын нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх 126-127/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Д.Эт ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Д.Эт ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирол төлбөрийн хувьд хохирогч Б.Азжаргал нь гомдолтой гэх боловч  хохирлын талаар баримт ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Д.Эаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Б.Азжаргал нь цагдан хорих 0461-р ангид цагдан хоригдож байсныг шүүх хуралдаанд дуудан оролцуулсан болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Хохирогч Б.Азжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо  нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Эаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН