Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 46

 

2020       01          10                                   2020/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Э.Намуун,

            хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Д.Батцэцэгийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

            шүүгдэгч Ч.Ч , түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамба овгийн Ч.Ч т холбогдох эрүүгийн 1903011130499 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дамба овгийн Ч.Ч , 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Сутайн буянт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо 32-29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.Ч  нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 10 цаг 58 минутын үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 39 дүгээр сургуулийн уулзварын урд талын автобусны буудал дээр “Дэйвуу” маркийн 21-61 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1-т заасан “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй;” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Батгэрэлийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Ч  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 10 цаг 58 минутад 39 дүгээр буудалд зогсоод хүнээ буулгаад хаалгаа хаагаад хөдөлсөн. Хөөе гээд хүн дуугарахад толинд харахад хүн байсан. Би хүмүүсээ буулгаад 102 болон 103 дугаарт дуудлага өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу, хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-10/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 28-30/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Цагдаагийн газраас над руу нэг цагдаа залгаад Тээврийн цагдаагийн алба дээр ирж уулзаарай гэж хэлсэн, тэгээд Тээврийн цагдаагийн алба дээр очтол манай ах Батгэрэлийг зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 34/,

Иргэний хариуцагч Э.Золзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...“Дэйвуу” маркийн 21-61 УНБ улсын дугаартай автобус манай Сутайн буянт ХХК-ны эзэмшлийн автобус байгаа юм. Манай компанид ослын улмаас учирсан хохирол байхгүй. Манай байгууллага бусдад учирсан хохирлыг боломж бололцоогоороо төлж барагдуулна..” гэх мэдүүлэг /хх 53-54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2086 дугаар дүгнэлтэд: “...Д.Батгэрэлийн биед зүүн шилбэний булчин, зөөлөн эд, тараагуур, хураагуур судас тасарч урагдсан том хэмжээний шарх, баруун шаант, тахилзуур ясны олон сэлтэрхийт бяцарсан ил хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, шилбэ, тавхай, шагайд шарх, зулгаралт, баруун шилбэ, тавхайд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаач Д.Батгэрэл нь авто ослын улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ...” гэх дүгнэлт /хх 69-71/,

Автотээврийн үндэсний төвийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 70804 дугаар дүгнэлт /хх 81-85/,

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 491 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх 103-104/,

Шүүгдэгч Ч.Ч  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “..автобус жолоодоод 39 дүгээр сургуулийн хойноосоо урагшаа явдаг автобусны буудал дээр явж очоод зогссон, тухайн үед хүмүүсээ буулгаж суулгаж дуусаад автобусны хаалгаа хаагаад хөдлөх үед хойд талд зааланд нэг хүн хөөе гээд орилсон, тэгэхээр нь би баруун гар талын гадна талын толинд хартал автобусны баруун талын хойд дугуйн дор хүн орсон байсан, тэгэхээр нь би автобусаа хойшоо ухрааж зогсоод автобуснаасаа буугаад нөгөө хүн дээр очтол доошоо хараад газарт хэвтэж байсан, тэгэхээр нь би автобусанд сууж явсан хүмүүсээ буулгаад 102 болон 103 дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 119-120/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 147/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 67/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 121-122/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 123/, шүүгдэгч Ч.Ч ийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх 124-127, 155-158/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 166-167/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батцэцэгийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх 38-47, 49-51/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ч  нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 10 цаг 58 минутын үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 39 дүгээр сургуулийн уулзварын урд талын автобусны буудал дээр “Дэйвуу” маркийн 21-61 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1-т заасан “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй;” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Батгэрэлийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 28-30/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батцэцэгийн “..Цагдаагийн газраас над руу нэг цагдаа залгаад Тээврийн цагдаагийн алба дээр ирж уулзаарай гэж хэлсэн, тэгээд Тээврийн цагдаагийн алба дээр очтол манай ах Батгэрэлийг зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 34/, иргэний хариуцагч Э.Золзаяагийн “...Манай байгууллага бусдад учирсан хохирлыг боломж бололцоогоороо төлж барагдуулна..” гэх мэдүүлэг /хх 53-54/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2086 дугаар дүгнэлт /хх 69-71/, автотээврийн үндэсний төвийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 70804 дугаар дүгнэлт /хх 81-85/, тээврийн цагдаагийн албаны 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 491 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх 103-104/, шүүгдэгч Ч.Ч ийн “...хаалгаа хаагаад хөдлөх үед хойд талд зааланд нэг хүн хөөе гээд орилсон, тэгэхээр нь би баруун гар талын гадна талын толинд хартал автобусны баруун талын хойд дугуйн дор хүн орсон байсан, тэгэхээр нь би автобусаа хойшоо ухрааж зогсоод автобуснаасаа буугаад нөгөө хүн дээр очтол доошоо хараад газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх 119-120/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Ч.Ч ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Ч  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батцэцэгт 18 сая төгрөг төлсөн бөгөөд шүүгдэгчид гомдол, саналгүй гэснийг дурдав.

Ингэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгч Ч.Ч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор бөгөөд шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Ч.Ч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдав.

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Ч ийн №424628 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Шүүгдэгч Ч.Ч  нь нэхэмжлэл барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй хохирол гомдолгүй...” гэх тул шүүгдэгч Ч.Ч ийн бусдад төлөх төлбөргүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дамба овгийн Ч.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Ч т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ч.Ч  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Ч ийн №424628 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН