Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 34

 

2020        01          06                                   2020/ШЦТ/34

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч Т.Р  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаавай овгийн Т.Р т холбогдох эрүүгийн 1911028241252 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шаавай овгийн Т.Р , 1993 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 5, аав, ээж, ахын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 37-1939 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил, 8 сар, 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Р  нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20-21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” нийтийн караокегоор хамт үйлчлүүлж байхдаа ширээн дээрээс найз болох хохирогч О.Номин-Эрдэнийн Хуавэй В-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 559.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Р  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тэр өдөр хохирогчтой уулзаад амарч байсан учраас жаахан пиво хамт уусан. Ууг нь гар утсыг нь хулгайлъя гэж бодоогүй. Номин-Эрдэнэ согтчихоод хүнтэй утсаар хэрэлдээд байсан. Би боль гэж хэлээд утсыг аваад хармаалсан байж байгаад мартаад явчихсан. Дараа нь ломбардад тавиад мөнгийг нь өөртөө ашигласан. Би гар утсыг дараа мөнгөтэй болоод авчихна гэж бодсон. Би дахин ийм зүйл хийхгүй. Маш их харамсаж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-12/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 14/,

Арвижих алтан заан ХХК-ны Барьцаат үйлчилгээний тасалбар /хх 16/,

Дамно ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЧД-2-19-652 хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Хуавэй В-6 маркийн гар утас 559 000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 30-31/,

Хохирогч О.Номин-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн орчимд миний таньдаг найз Раднаабазар над руу залгасан байсныг би оройн 17 цагийн орчимд хараад буцаагаад залгасан. Тэгтэл Раднаа “чи өнөөдөр амарч байгаа болохоор чинь юу хийж байгааг мэдэх санаатай залгасан гэсэн. Тэгэхээр нь би дэлгүүр орох гээд явж байна тэгвэл уулзах юм уу” гэж асуусан. Намайг Баянбүрд дээр хүрээд ир гэхээр нь би очоод бид хоёр Баянбүрдийн автобусны буудал дээр уулзаад хамт 17-ын “Дуулга” нэртэй караокед орсон. Тэгээд би нэг эмэгтэй найзыгаа дуудаад бид гурав хамт дуулж суунгаа 0,5 литрийн Хараа архи авч уусан. Бид гурав архиа хувааж уучхаад би нэлээн муудаад юм ярьцгаагаад сууж байсан. Тэгэхэд Раднаа миний хажууд сууж байснаа гэнэт яваад өгсөн. Раднааг явсны дараа үлдсэн эмэгтэй найзтайгаа гарах гэтэл миний гар утас байхгүй байхаар нь би найзаасаа асуухад чиний гар утсыг Раднаа аваад гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ ирээд 85853332 дугаараас өөрийн 99962987 дугаар руу залгаж үзэхэд миний гар утас холбогдохгүй байсан учраас Раднаагийн 80939513 дугаарт залгахад Раднаа “би чиний гар утсыг аваагүй юу яриад байгаа юм гээд хараагаад утсаа тасалсан”. Тухайн үед Раднаа согтуу байгаа юм шиг болохоор нь дахин залгаагүй. Түүнийг аваагүй байх гэж бодоод маргааш нь “Дуулга” нийтийн караокед ирээд хяналтын камерыг шүүж үзэхэд миний гар утсыг миний хажууд сууж байгаад гараа даллаж толгойныхоо ард нууж байгаад ширээнээс босохдоо өмднийхөө халаасанд хийгээд авч гарч байгаа бичлэг байсан. Би дахин Раднаа руу залгаж хэлэхэд миний гар утсыг авснаа хүлээж, нэг болохоор ломбардад барьцаанд тавьсан, эсвэл буудалд тавьсан. Ганц утсан дээр сүртэй юм, дараа өгье гэж хэлэхээр нь би хурдан авмаар байна гэхэд чаддаг юм бол аваарай, цагдаа, сэргийлэхдээ хэлээд гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хэлсэн. Би алдагдсан гэх гар утсыг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд Архангай аймгийн Мобикомоос 569.000 төгрөгөөр худалдаж авсан Хувай Ви-6 загварын гар утас байсан. Би утсаа 550.000 төгрөгөөр үнэлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч Г.Эрдэнэбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 19 цагийн орчимд манай найз Номин-Эрдэнэ над руу залгаж “би найзтайгаа хамт явж байна, чи хаана байгаа юм бэ?” гэж асуухаар нь би “Бадаргуун" төвд дуулж байна одоо гарах гэж байна гэхэд тэгвэл уулзъя гээд бид гурав 17-ын буудлын уулзварын гэрлэн дохион дээр уулзаж Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” нэртэй нийтийн караокед хамт орцгоосон. Тэгээд бид гурав 0,5 литрийн Хараа архи захиалж аваад ууж суутал Номио согтож амьдралаа ярьж, одоо хамт амьдардаг залуу руугаа мессеж бичээд байсан. Тэгтэл тэр Раднаа гэх найз нь “Чи наад хүн амьтнаа битгий дууд ирээд хардаж, сэрдээд маргалдаж, зодоон болох хэрэг гээд гар утсыг нь Номиогоос авчхаад ширээн доогуур надад харуулчхаад ширээнээс босохдоо гар утсыг нь өмднийхөө халаасанд хийгээд гараад явсан. Удалгүй эргэж орж ирээд миний гар утасны дугаарыг аваад гарсан. Номио бид хоёр тухайн караокед сууж байтал Номио миний гар утас хаана байна гээд гар утсаа хайсан. Тэгэхээр нь би сая танай найз чинь аваад гарсан шдээ, чи мэдэж байгаа биздээ гэсэн чинь тийм үү тэгээд яагаад орж ирэхгүй байгаа юм бол, би араас нь гарчхаад ирье гэж гараад буцаж орж ирээд Раднаа байхгүй байна, миний утсыг угаасаа аваад явсан юм байна л даа гэхээр нь би угаасаа танай найз аваад явсан шдээ гэж хэлсэн. Би сайн санахгүй байна нэг сэрэхэд тухайн караокед ганцаараа үлдсэн байсан. Би тэр залууг анх надад сайн найзыгаа гэж танилцуулсан болохоор нь гар утсыг нь хадгалах гэж авсан байх, олон жил удаан найзалсан найз нь болохоор л гэж бодож байсан. Тухайн үед тэрнээс биш би яг яах гэж Номиогийн гар утсыг авсан, тэр утсыг нь яасан талаар сайн мэдэхгүй байна. Би гар утсыг нь ямар зорилгоор авсныг нь мэдэхгүй байна. Би бодохдоо сайн найз нь болохоор элдэв хүнтэй яриулахгүй гар утсыг нь хадгалах гэж л авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч Т.Түвшинжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр өөрийн хувийн автомашинтай таксинд явж байгаад 17 дугаар сургуулийн автобусны буудлаас нэг залуу хүнсний 4 дүгээр дэлгүүр орно гэхээр нь суулгаад явсан. Тэгсэн чинь ломбардын гадна очоод зогсож бай гэхээр нь би хүлээгээд хэсэг байж байхад таны бичиг баримт байна уу гэж асуусан. Тэгээд өөрийн бичиг баримтаар тухайн хүний гар утсыг барьцаанд тавьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 29/,

Шүүгдэгч Т.Р  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би өөрийн найз Энх-Амарын гэрт байж байхад манай эмэгтэй найз О.Номин-Эрдэнэ над руу 99962987 дугаарын утсаар залгаад яасан залгасан юм уу гэж асуусан. Тэр үед би тиймээ залгасан, чи юу хийж байна гэж асуухад гадуур ажилтай явж байна гэж хэлсэн. Би найз Номин-Эрдэнэтэй уулзаад ганц ганц пиво уучих уу гэж хэлсэн. Харин би пиво уухгүйг чи мэдэж байгаа биздээ, наад мөнгөөрөө маникюраа хийлгэ гэж хэлсэн. Бид 3 хамтдаа нийтийн караокед орж нэг шил 0,5 литрийн Хараа архи захиалж аваад уусан. Уг архийг уугаад сууж байхад Номин-Эрдэнэ утсаар хүнтэй яриад хэрүүл, маргаан хийгээд улам уурлаад байхаар нь түүний найз эмэгтэйн хамт түүний утсыг аваад халаасандаа хийсэн. Тэгээд би уг баарнаас гарч яваад баарны гадаа гарч тамхи татчихаад эргэж караокед орж ирсэн. Баарнаас гарч яваад таксины мөнгө байхгүй болохоор зам дээрээс такси бариад Хүнсний 4 дүгээр дэлгүүр орж гар утсыг ломбардад 180.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх 39-40/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 42/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 66/, шүүгдэгч Т.Р т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 56-61/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Р  нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20-21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” нийтийн караокегоор хамт үйлчлүүлж байхдаа ширээн дээрээс найз болох хохирогч О.Номин-Эрдэнийн Хуавэй В-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 559.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-12/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 14/, арвижих алтан заан ХХК-ны Барьцаат үйлчилгээний тасалбар /хх 16/, дамно ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ЧД-2-19-652 хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 30-31/, хохирогч О.Номин-Эрдэнийн “...Раднааг явсны дараа үлдсэн эмэгтэй найзтайгаа гарах гэтэл миний гар утас байхгүй байхаар нь би найзаасаа асуухад чиний гар утсыг Раднаа аваад гарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 20-21/, гэрч Г.Эрдэнэбаярын “...гар утсыг нь Номиогоос авчхаад ширээн доогуур надад харуулчхаад ширээнээс босохдоо гар утсыг нь өмднийхөө халаасанд хийгээд гараад явсан. Удалгүй эргэж орж ирээд миний гар утасны дугаарыг аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх 24-25/, гэрч Т.Түвшинжаргалын “...Тэгсэн чинь ломбардны гадна очоод зогсож бай гэхээр нь би хүлээгээд хэсэг байж байхад таны бичиг баримт байна уу гэж асуусан. Тэгээд өөрийн бичиг баримтаар тухайн хүний гар утсыг барьцаанд тавьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 29/, шүүгдэгч Т.Р ын “...Уг архийг уугаад сууж байхад Номин-Эрдэнэ утсаар хүнтэй яриад хэрүүл, маргаан хийгээд улам уурлаад байхаар нь түүний найз эмэгтэйн хамт түүний утсыг аваад халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг /хх 39-40/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Р ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд түүнд хуульд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Хохирогч О.Номин-Эрдэнэ нь “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Т.Р ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаавай овгийн Т.Р ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Р т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Р  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч Т.Р  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Р т урьд авсан  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН