Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 50

 

2020        01          13                                  2020/ШЦТ/50

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Г.Анармөнх,

хохирогч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Т.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиадборжигон овгийн Т.М т холбогдох эрүүгийн 1911028891220 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хиадборжигон овгийн Т.М , 1979 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймагт төрсөн, 40 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 16-236в тоотод түр оршин суух /Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 7 дугаар гудамжны 35 тоотод оршин суух албан ёсны хаягтай/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлж, ялуудыг нэмж нэгтгэн 7 жил 3 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх ял шийтгүүлж 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.М  нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” худалдааны төвийн гадна Ж.Энхжаргалтай маргалдан улмаар түүний толгойд нь чулуугаар цохиж, хамар руу нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сард Ж.Энхжаргалд гар утас засуулахаар өгсөн байсан. Хэрэг болдог өдөр уг гар утсаа асууж, хоорондоо маргалдсан. Ж.Энхжаргал намайг тэврээд газар унахаар нь би газар байсан чулууг авч цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ж.Энхжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Монтелийн гадна гар утасны эвдрэлээс болж хоорондоо маргалдсан. Миний хамрын яс хугарч энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа. Цаашид 2.100.000 төгрөгийн хагалгаанд орох ёстой гэж эмч хэлсэн. Гэхдээ энэ эмчилгээ хэзээ хийгдэх талаар сайн мэдэхгүй байгаа. Хамрын хагалгаа хийлгэх эмчилгээний зардлыг төлөх юм бол надад өөр ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

Хохирогч Ж.Энхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Майдар нь чи нөгөө утсаа 30.000 төгрөгөөр худалдаад авчих гэхээр нь мөнгө байхгүй би авч чадахгүй чи өөрөө өөр газар аваачаад зарчих гэхэд миний утсыг асаж унтардаг байсан хэвэнд нь оруулаад өгчих гэхээр нь би СПУ шатчихсан байсан одоо асахгүй гэж хэлтэл Майдар нь асаагаад өг гээд түүнээс болж бид хоёр маргалдаад барьцалдаж аваад би тэврээд унагаасан. Гэтэл хүмүүс бид хоёрыг салгаад хоёр тийшээ болгосон. Майдар нь замын хажууд байсан тоосго аваад миний толгой руу цохисон. Тэгээд нүд харанхуйлаад зогсож байтал дахиад миний хамар луу цохисон. Хүмүүс бид хоёрыг салгасан чинь Майдар зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/,

Гэрч Ц.Батмагнай нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Монтел дээр гадаа гар дээрээ гар утас авдаг байсан хүмүүсийн хамт зогсож байсан юм. Тэгсэн Энхжаргал гэдэг гар утасны засварчин залуу гадаа Майдартай маргалдаад байсан ба Майдар Энхжаргалаас чи миний утсыг өгөөч гэхэд би өгнө шдээ гэж хэлэхэд Майдар өөдөөс нь чи засаж чадахгүй юм бол би дэлгэцийнхээ мөнгийг авъя гээд хоорондоо ярьж байсан. Тэгсэн чинь л Энхжаргал би чамд өгнө чи яасан сүртэй юм бэ гээд хоорондоо маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад Майдар хоёулаа гар барья янз бүрийн асуудал байхгүй биз дээ гээд хоёулаа гар барьж байсан. Тэгснээ гэнэт л Майдар чулуу аваад шидэх гэснээ больчихсон юм тэгсэн Энхжаргал тэр хоёр хоорондоо зууралдаад авсан ба бид нар салгасан тэгсэн Майдар хувцас цүнхээ тайлаад надаа өгсөн ба Майдар чулуу аваад Энхжаргалыг цохиод авсан. Тэр хоёр барилцаад авахад нь Майдар Энхжаргалын нүүр лүү нь мөргөчихсөн. Тэгээд л бид нар салгасан...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13280 дугаар дүгнэлтэд: “...Ж.Энхжаргалын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн зулайн урд хэсэгт шарх, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамар яс, баруун ухархайн дотор ханын хугарал, хамрын нуруу, зүүн хацрын гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх 18-19/,

Шүүгдэгч Т.М  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Энхжаргалаас засуулахаар өгсөн гар утсаа авъя гэж хэлтэл байхгүй, дараа өгье гэсэн. Тэгээд би аль 7 хоногийн өмнө өгсөн байсан учраас би авъя гэж хэлтэл маргааш ав, дараа ав гээд байсан ба утаснаасаа болоод Энхжаргалтай маргалдсан. ...тэрнээс болоод бид 2 маргалдаж барилцаж авсан. Тэгсэн Энхжаргал намайг газар унагаахаар нь би газраас босож ирэхдээ чулуу авч босож ирээд Энхжаргалын толгой руу нь шидчихсэн юм. Тэгсэн толгойноос нь цус гарсан ба над руу гүйгээд ирэхээр нь би өөдөөс нь мөргөчихсөн. Нэг удаа чулуугаар толгой руу нь цохиод нэг удаа нүүр рүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх 30-31/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 37/, хохирогч Ж.Энхжаргалын гаргаж өгсөн  хохирлын баримт /хх 22-26/, шүүгдэгч Т.М т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 34-35/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.М  нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел” худалдааны төвийн гадна Ж.Энхжаргалтай маргалдан улмаар түүний толгойд нь чулуугаар цохиж, хамар руу нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогч Ж.Энхжаргалын “...Майдар нь замын хажууд байсан тоосго аваад миний толгой руу цохисон. Тэгээд нүд харанхуйлаад зогсож байтал дахиад миний хамар луу цохисон. Хүмүүс бид хоёрыг салгасан чинь Майдар зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/, гэрч Ц.Батмагнайн “...гэнэт л Майдар чулуу аваад шидэх гэснээ больчихсон юм тэгсэн Энхжаргал тэр хоёр хоорондоо зууралдаад авсан ба бид нар салгасан тэгсэн Майдар хувцас цүнхээ тайлаад надаа өгсөн ба Майдар чулуу аваад Энхжаргалыг цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх 15-16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13280 дугаар дүгнэлт /хх 18-19/, шүүгдэгч Т.М ын  “...Энхжаргал намайг газар унагаахаар нь би газраас босож ирэхдээ чулуу авч босож ирээд Энхжаргалын толгой руу нь шидчихсэн юм. Тэгсэн толгойноос нь цус гарсан ба над руу гүйгээд ирэхээр нь би өөдөөс нь мөргөчихсөн. Нэг удаа чулуугаар толгой руу нь цохиод нэг удаа нүүр рүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх 30-31/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Т.М т ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Т.М т ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь хохирогч Ц.Энхжаргалд 500.000 төгрөгийн хохирол барагдуулсан бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиадборжигон овгийн Т.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М т 500 /таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Т.М  нь хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ж.Энхжаргал нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН