Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

   2020        01        23                                  2020/ШЦТ/136

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч Я.Сансар,

шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Лхолбогдох эрүүгийн 2006 00044 0082 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н.Л, Монгол улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Түүхий эдийн газар” жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Бунханы 1-8 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, РД://,

                Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

  Шүүгдэгч Н.Л нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хит” дэлгүүрийн гадна иргэн Н.Баатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

                    Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Л нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хит” дэлгүүрийн гадна иргэн Н.Баатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, түүний эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Л гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Л мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээж байна. Мэдүүлэх зүйл байхгүй. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Хохирогчоос уучлалт гуйж, эвлэрч, эмчилгээний зардалд 1.300.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг[1]
  2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №657 дугаартай дүгнэлт хэсэгт: “...Н.Баатарын биед тархи доргилт, дээд баруун 1, 11 дэх шүдний  булгаралт, хамрын ясны хугарал, хамрын таславчний мурийлт,  дух, баруун хацар, дээд уруулын орчмын зөөлөн эдийн няцрал, духанд шарх, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмэтл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, нэг цаг хугацаанд үүссэн. 3.
    Шинэ гэмтэл байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 5. Цаашид нэг шүдний булгаралт  нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувиар алдагдуулна. 6. Амь насанд аюулгүй гэмтлүүд байна”[2].,

3.Б.Ирэнбаатарын тргэний үнэмлэхний лавлагаа[3],

4. Б.Ирэнбаатарын оршин суугаа газрын тодорхойлолт[4],

    5.Шүүгдэгч Н.Баатар 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 17-18 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байх гэрийн зүг нагац ахтайгаа алхаж байгаад Лхагваатай таарсан. Бид хоёр хоёулаа согтуу байсан тул үл ойлголцсон асуудал болж, улмаар Лхагваа намайг харааж, доромжилсон. Тэгээд гараараа намайг нэг удаа цохиж унагаасан бөгөөд би газар унахад миний дээр гарч 4-5 удаа нүүр хэсэг рүү цохисон. Миний хамар хугарсан, шүд хөдөлсөн, баруун хөмсөг сэтэрсэн, уруул хавдсан. Надад хохирол 1,300,000 төгрөгийг Лхагваа өгсөн тул надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг[5] зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Лийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

            Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч  Н.Лэрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Л нь гэм буруугийн талаар маргаангүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лыг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулав.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лийг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Лийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.Лмэдэгдсүгэй.

5. Ялтан Н.Л нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Ялтан Н.Лавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ

 

                                                               

 

 

 

                       

 

                                                                

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 21 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 23 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал