Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0051

 

Д.Т, Г.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 673 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.Т, Г.Б нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр:

“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Г.Б, Д.Т нараас гаргасан Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалын Т ХХК-д холбогдох хэсгийг Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр тус тус хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ү давж заалдах гомдолдоо:

“...Нэг. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн нэгд буюу 9 дэх талд “Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, байгаль орчны сайд нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалаар “тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилж авсан” гэсэн үндэслэлээр 474 дүгээр гэрчилгээгээр маргаан бүхий газар ашиглах эрхийг “Т” ХХК-д олгож, ашиглах газрын солбицлыг тогтоосон нь хуульд нийцсэн, энэ тушаалын улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч нар нь он удаан жил тухайн газар дээр бодитойгоор амьдарч байсан гэж маргаж байх боловч нэхэмжлэгч Г.Б нь 2008 оны 6 дугаар сараас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 8 тоот хаягт, нэхэмжлэгч Д.Т нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 8 тоот хаягт бүртгэлтэй болсон нь хаягт бүртгэгдсэний дээр тэдний газар ашиглах хүсэлт гаргахаас өмнө буюу 2007 оны 10 дугаар сараас эхлэн “Т” ХХК нь уг газрыг хууль ёсоор ашиглах эрхтэй болсон, тус компанийн хүсэлт гаргасан газар нь тухайн үед бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцал үүсгээгүй байжээ.

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” хэмээн дурджээ.

Түүнчлэн уг шийдвэрийн үндэслэх хэсгийн гурав дахь үндэслэлд буюу 11 дэх талын сүүлийн догол мөрнөөс эхлэн шүүх мөн л нэхэмжлэгчдийн уг газар дээр бодитой оршин сууж байсан хугацааг 2008 онд хийгдсэн иргэний бүртгэлийн лавлагаанаас эхлүүлэн тооцсон нь алдаатай үндэслэл, дүгнэлт болсон гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгчид түүнээс өмнө буюу 2005 оноос хойш тухайн үедээ мөн адил ямар нэг зөвшөөрөлгүй ирж суурьшсан бусад иргэдийн жишгээр уг газар дээр гэр, хашаагаа барин бодитоор оршин сууж, газар ашиглаж байсныг нотлох, нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг бодитойгоор нотлоход онцгой ач холбогдолтой нотлох баримт болох гэрч Ц.Л-ийн мэдүүлгийг шийдвэртээ дурдаагүй, үнэлээгүй, үндэслэл болгоогүй байна. Энэхүү гэрчийн мэдүүлэг нь хэрэгт онцгой ач холбогдолтой болохыг уг хэрэг маргааныг анхан шатны журмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 806 дугаар шийдвэрээр шийдвэрлэх явцдаа шүүгч бүрдүүлж, “...шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон..” хэдий ч “... шүүгч гарын үсэг зураагүй, хөндлөнгийн гэрчийг уг ажиллагаанд байлцуулсан зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 37 дугаар зүйлүүдийг зөрчсөний зэрэгцээ мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д...” заасны дагуу нотлох чадвараа алдсан болохыг, “...мөн Г.Б, Д.Т нар тухайн газарт оршин сууж эхэлсэн хугацааг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохыг дурдах нь зүйтэй. Эдгээр алдааг залруулаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.” хэмээн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 сарын 28-ны өдрийн 62 дугаар магадлалд онцгойлон дурдсанаас харж болно.

Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 сарын 28-ны өдрийн 62 дугаар магадлалд дурдсаны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэхүү алдааг залруулж, гэрч Ц.Л-ийн мэдүүлгийг хуульд нийцүүлэн хавтаст хэрэгт шинэчлэн авсан бөгөөд нэхэмжлэгчид болон гуравдагч этгээд шүүх хурапдааны үеэр уг нотлох баримтыг дурдан сануулсан байтал шийдвэрийнхээ үндэслэлд огт дурдаагүй, зохих ёсоор үнэлээгүй байна. Энэхүү гэрчийн мэдүүлэгээр болон хэрэгт авагдсан сансрын зургаар нэхэмжлэгчид 2005 оноос хойш уг маргаан бүхий газар дээр гэр, хашаагаа бариад бодитоор оршин сууж, газар ашиглаж байгаа нь нотлогддог.

Нэхэмжлэгчид "Т" ХХК газар ашиглах тухай хүсэлтээ гаргахаас цаг хугацааны хувьд хоёр жилийн өмнөөс уг маргаан бүхий газар дээр байнга оршин сууж байсан нь ийнхүү нотлогдож байгаа бөгөөд хариуцагчийн дээд шатны захиргааны байгууллага болох Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газар хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүй удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн газрыг гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн гурав дахь үндэслэлд “...Үүнээс үзвэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан шаардлага хангаагүй буюу "Т" ХХК-ийн ашиглаж буй газартай давхцалтай гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар ашиглах хүсэлтэд хариу өгсөн хариуцагчийн үйлдэл хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлгүй гэж шүүх ...” дүгнэсэн нь алдаатай болсон. Газрын тухай хуулийн энд дурдагдсан заалт харин ч эсрэгээрээ нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах агуулгатай байна. Нэхэмжлэгчидтэй адил эрхийн байдалтай байсан иргэдийн гаргасан нэхэмжлэлийг гурван шатны шүүх мөн ийм агуулгаар шийдвэрлэж, тэдгээр иргэдэд оршин сууж байгаа газраа ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэж байсан болно.

Тухайлбал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 182 дугаар тогтоолын 20-22 дахь догол мөрүүдэд:

“Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газар хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүй удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн газрыг гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрт заасан нөхцөл, болзлыг хангасан, тухайн газраа он удаан жил ашиглаж байгаа нэхэмжлэгч нарт газар ашиглуулахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч 6 иргэний амьдарч байгаа газар нь “Тт” ХХК-ийн газартай давхцалгүй, харин “И н” ХХК-ийн ашиглаж байгаа гэх 3.3 га газартай тодорхой хэмжээгээр давхцалтай, захиргааны байгууллагаас “И н” ХХК-д газар ашиглуулах шийдвэр гаргахдаа тухайн газрыг бодит байдал дээр өөр бусад этгээд эзэмшиж байгаа эсэхийг нягталж, шалгаагүй буруутай талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “И н” ХХК-д 3.3 га ашиглуулахаар зөвшөөрсөн газраас нэхэмжлэгч П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нарын амьдарч буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Г-д 233 м.кв, Б.О-д 291 м.кв, Д.Э-д 403 м.кв, Ч.А-д 485 м.кв, Б.У-д 353 м.кв газрыг тус тус ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч Ш.З-ийн нэрийг орхигдуулсныг зөвтгөж, түүнийг нэмж оруулах нь зүйтэй байна.” хэмээн заажээ (Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 99 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 182 дугаар тогтоолын хуулбарыг хавсаргав.).

Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь ийнхүү нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг нотлоход хамгийн ач холбогдолтой нотлох баримтуудыг харгалзан үзээгүй шийдвэрээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заагдсан эрх тэгш байх зарчмыг зөрчиж, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заагдсан нотлох зарчмыг болон 34 дүгээр зүйлийн 34.1-д заагдсан үүргээ биелүүлээгүй учраас уг шийдвэр нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэсэн шаардлагуудыг хангаагүй хууль бус шийдвэр болжээ.

Хоёр: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт буюу 10 дугаар хуудасны 1-4 дэх мөрөнд “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны 62 дугаар магадлалын дагуу иргэдийн газар болон нийтийн эзэмшлийн талбай давхцалтай 0.56 га талбайг хасаж, үлдсэн 0.46 га газрын ашиглах эрхийг сэргээж, ...” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалын үндэслэлийг дурдсан хэрнээ энд дурдагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын агуулгыг шинжлэн судлаагүй гэж ойлгогдож байна. Учир нь энд дурдагдаж буй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны 62 дугаар магадлал нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 806 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасанчлан анхан шатны шүүх процессын алдаа гаргаж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж дүгнээд мөн хуулийн 121.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан агуулгатай гарсан. Өөрөөр хэлбэл энэ шийдвэрээр нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, мөн хариуцагчийн давж заалдах гомдлыг ч хангаж шийдвэрлээгүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалын “Т” ХХК-ийн маргаж буй газраас зөвхөн гурван шатны шүүхийн шийдвэрээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь тогтоогдсон иргэдийн газартай давхацсан хэсгийг хасаад үлдсэн 0,46 га хэмжээтэй газрыг ашиглах эрхийг сэргээх эрх олгосон агуулгагүй юм. Харин ч шүүх нэгэнт үүсээд байгаа захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахгүй байхыг шаардсан агуулгатай шийдвэр гэж үзэж байна. Хэрэв анхан шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/386 дугаар тушаалын үндэслэх хэсэг болон тэнд дурдагдсан дээрх магадлалыг шинжлэн судалсан бол уг тушаал илт хууль бус үндэслэлтэй, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заагдсан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг болон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана.” гэж заасан шаардлагыг тус тус хангаагүй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасанчлан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д заасанчлан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт болохыг олж тогтоох боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл шүүхээс энэхүү үйл баримтыг тогтоохын оронд шийдвэрийнхээ 10 дахь талын 4 дэх догол мөрөнд “... хариуцагч захиргааны байгууллагаас өөрт хуулиар олгосон эрх хэмжээний дотор гаргасан хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт..” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөө талаас энэхүү 0,46 га газрыг олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаал нь цоо шинэ захиргааны акт бөгөөд уг захиргааны актыг гаргах төрийн захиргааны үйл ажиллагаа нь хүсэлт гаргахаас эхлээд ердийн журмаар явагдсан болохыг шүүх шийдвэртээ дурдсан боловч уг захиргааны актыг гаргах явцдаа эдүгээ уг маргаан бүхий газарт бодитойгоор оршин сууж байгаа, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо тогтоолгохоор шүүхэд хандаад удаан хугацаанд явж байгаа нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа эсэх асуудлыг шалган шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заагдсан шаардлагыг хангасан нөхцөлд гаргах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, энэхүү тушаалаар 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор А/355 дугаар тушаалаар хүчингүй болсон 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалын үйлчлэл сэргэх хууль зүйн үндэслэлгүй. Уг тушаалаар олгосон газар ашиглах эрх нь сэргэсэн гэж үзэх тохиолдолд “Т” ХХК-ийн зүгээс дахин шинээр хүсэлт гаргах, хариуцагч захиргааны байгууллагаас шинэ захиргааны акт гаргах шаардлагагүй байх байсан. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

Гурав: Шүүхийн шийдвэрийн 11 дэх хуудасны 2-6 дахь мөрөнд "... Нөгөө талаар энэхүү 0.46 га газартай нэхэмжлэгч нарын хашаа татан амьдарч буй гэх, бүртгэлтэй хаяг бүхий газар тодорхой хэмжээгээр давхцаж байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, тухайн тохиолдолд нэхэмжлэгч нарын үндэслэж буй эрх ашиг сонирхлыг хууль ёсны гэж үзэхгүй” гэж, шийдвэрийн 11 дэх хуудасны 3 дахь догол мөрөнд "Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагчийн гаргасан захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох ба нэхэмжлэгч нар нь газар ашиглах эрхгүй этгээд болох нь тогтоогдож байх тул шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгчид уг маргаан бүхий газар дээр гуравдагч этгээд болох “Т” ХХК-ийн газар ашиглах эрх үүсэхээс хоёр жилийн өмнөөс оршин сууж, уг газрыг ашиглаж байсан бөгөөд хариуцагч нь Монгол Улсын Засгийн газрын гишүүний хувьд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газар хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүй удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн газрыг гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээсэн этгээд юм.

Засгийн газрын дээрх шийдвэр нь нэхэмжлэгчдийн газар ашиглах эрхийг хууль ёсны болгож байгаа бөгөөд энэхүү үйл баримтыг болон энэ үүргийг хариуцагч биелүүлэх ёстой болохыг уг хэрэг маргаантай болон нэхэмжлэгчдэд учраад буй нөхцөл байдалтай адилтгах тохиолдлуудыг эцэслэн шийдвэрлэсэн дээд шатны шүүхүүдийн удаа дараагийн шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон байдаг. Энд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 99 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 182 дугаар тогтоолыг дахин дурдаж байна.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу дээрх үйл баримтыг нэгэнт тогтоогдсон хэмээн авч үзэх ёстой байсан.

Шүүх хуралдааны үеэр ямар учраас нэр бүхий 6 иргэний 0,54 га газрыг хасаж шийдвэрлэсэн талаарх шүүгчийн асуултанд хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс хариулахдаа шүүхээс эцэслэн шийдвэрлэгдсэн байсан тул үл маргах журмаар хассан гэж тайлбарласаар байхад яг адил нөхцөлд хууль ёсны эрх, ашиг сонирхлоо шүүхээр “...тоолгохоор өөрт нь хандсан нэхэмжлэгчдийг “газар ашиглах эрхгүй этгээд” хэмээн дүгнэсэн нь илт нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Нэгэнт адилтгах тохиолдлыг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн байхад шүүхээс тэдгээрийг үл харгалзан шийдвэрээ гаргасан, хариуцагчийн зүгээс ч адил тохиолдлыг тэгш бусаар шийдвэрлэсэн зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заагдсан төрийн үйл ажиллагааны шударга ёсны болон тэгш байдлын зарчим, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заагдсан эрх тэгш байх зарчимд тус тус нийцээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчдийн давж заалдах гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нараас “Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Т” ХХК-д холбогдох хэсгийг Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр болон мөн Сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалын иргэн Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхацсан хэсгээр тус тус хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасанд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 280 м.кв талбайтай гараашийн барилга гэх үл хөдлөх эд хөрөнгийг “С” ББХК 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Бараа түүхий эдийн төв бирж”-д явагдсан Нийслэлийн өмч хувьчлалын комиссын дуудлага худалдаагаар худалдан авч, улмаар 1999 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ч.Х-д худалдсан байх ба, Ч.Х нь 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Бараа солилцох” гэрээгээр “Т” ХХК-д шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгийн 2005 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 274 дүгээр албан бичгээр “Т” ХХК-ийн өмчлөлийн гараашийн барилгад “Зайсангийн ам-62” гэх дугаар олгож байжээ.

Түүнчлэн Байгаль орчны сайдын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалтад авахаас өмнө тухайн газрыг ашиглаж байсан эсвэл тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг хувьчилж авсан иргэн, аж ахуй нэгжүүдэд газар ашиглах эрхийг олгосон ба үүнд гуравдагч этгээд “Т” ХХК-д Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших 1,0 га талбай бүхий газрыг “1994 онд гараашийн барилга хувьчилж авсан газраа аялал жуулчлалын чиглэлээр ашиглах гэрчилгээ авах” зориулалттайгаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгож, мөн оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 474 дүгээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг олгожээ.

Хэдийгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “Т” ХХК-д газар ашиглах эрх олгосон дээрх тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон боловч мөн сайдын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалаар тус захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, маргаан бүхий газарт өмнө ашиглах эрхтэй байсан талбайн 0.54 га талбайг хасаж, 0.46 га газрыг ашиглах эрхийг олгосон бөгөөд энэхүү газар нь нэхэмжлэгч Д.Т болон Г.Б нарын ашиглах эрх олгохыг хүсэж буй газартай давхцалтай байна.

Нэхэмжлэгч нараас тус газарт он удаан жил суурьшсан, үл хөдлөх хөрөнгө барьж байгуулсан тул бидний оршин суудаг газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар олгосон нь хууль бус хэмээн маргаж байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 12, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрүүдэд хийгдсэн газрын үзлэгүүдээр баталгаажуулсан баримт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн лавлагаа бүхий зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2/1168 албан бичгээр хүргүүлсэн сансрын зураг болон 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн гэрч Ц.Л-ийн мэдүүлэг зэрэг баримтуудаар иргэн Д.Т, Г.Б нар нь 2005 оноос эхлэн маргаан бүхий газарт “Т” ХХК-ийн өмчлөлийн гарааштай тулган хашаа барьж амьдарч эхэлсэн, тухайн үед гуравдагч этгээдийн зүгээс “...манай газар шүү...” гэдгийг сануулж байсан гэдэг нь хэрэгт авагдсан бөгөөд 2015 он хүртэл газар эзэмших, ашиглах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа...-нд гаргана”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” гэж хуульчилснаас үзвэл газар ашиглахийг хүссэн газар нь аливаа этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцалгүй байх тусгай шаардлагыг заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нарын ашиглах эрх олгохыг хүссэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших Г.Б-ийн 413 м.кв, Д.Т-ийн 513 м.кв газрууд нь “Т” ХХК-д олгосон газартай давхцалтай байх тул хүсэлтийг хүлээн аваагүй нь үндэслэл бүхий байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолдоо дурьдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн 23-т “...“Т” ХХК-ийн ашиглаж байгаа газрын хэмжээг Байгаль орчны яамнаас 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон 474 дугаар бүхий “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-нд 1.0 га байхаар заасан ... боловч бодит байдал дээр 0,78 га газар болох нь баримтаар нотлогдож байна...” гэж  дүгнэснийг дурьдах нь зүйтэй.

Мөн  гуравдагч этгээдийн 1 га талбайг ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/355 дугаар тушаалаар хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын хүсэлтийг дахин хүлээн авч шийдвэрлэх бус 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/386 дугаар тушаалаар 0.46 га газрыг ашиглах эрхийг олгосон хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Учир нь дээрх тушаалаар “Т” ХХК-ийн газар ашиглах эрх бүхий талбайн нийтийн эзэмшлийн талбайтай давхцал бүхий 0.54 га талбайг хасаж, үлдсэн 0.46 га газрыг ашиглах эрхийг сэргээсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.” гэж заасанчлан хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өмнө гаргасан шийдвэрээ зөвтгөн залруулсан гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс “...Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүй удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн газрыг гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн...” хэмээн давж заалдах гомдолдоо тайлбарлаж байх боловч гомдолд хавсаргасан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 182 дугаар тогтоолоос үзвэл уг үндэслэл нь Богдхан уулын дархан цаазат газар хязгаарлалтын бүсэд он удаан жил буюу 1986-1991 оны хооронд шилжин ирснээр 2015 оны гэрчилгээжүүлэлтийн үеийн байдлаар 24 ба түүнээс жил амьдарч, ашиглаж буй хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тухайн хэргийн нэхэмжлэгч 6 иргэнд хамаарч байхаас гадна тэдний ашигалж байсан газар нь “Т” ХХК-ийн ашиглалтад өгсөн 0.46 га талбайтай давхцалгүй байсан байна.

Гэтэл энэ тохиолдолд эсрэгээр гуравдагч этгээд “Т” ХХК нь 1994 оноос эхлэн тухайн газрыг үйл ажиллагаа явуулахаар ашиглаж, газраа ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь нэхэмжлэгч нараас түрүүлж үүссэн бөгөөд улмаар 2007 онд хуульд заасан шаардлагыг хангуулан газар ашиглах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэн, зохих гэрчилгээ авсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ү-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

   ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

   ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

   ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА