| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00280/И |
| Дугаар | 374 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 374
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00280/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 8 айлын орон сууцанд оршин суух, Норовпилийн Гомбосүрэнд (РД:СМ 33060311) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг “Төгс дүүрэн” ХХК-ийн захирал Н.Батхүүгийн (РД: СЭ 70061630) нэхэмжлэлтэй,
"орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 7 080 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Төгс дүүрэн” ХХК-ийн захирал Н.Батхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.Гомбосүрэн нь манай “ Төгс дүүрэн” ХХК-ийн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд барьсан 8 айлын орон сууцанд 2 өрөө 30 м2 байрыг захиалж гэрээ байгуулан, орон сууцны үнэ 24 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон юм. Н.Гомбосүрэн нь орон сууцанд орсноосоо хойш 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 8 000 000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 8 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 18 000 000 төгрөгийг төлсөн юм. 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдрөөс хойш ямар ч мөнгө өгөөгүй бөгөөд манай компаниас 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үлдэгдэл төлбөр төлөөгүй тохиолдолд алданги тооцох тухай мэдэгдэж мөн гэрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги тооцохоор тохирсон юм. Тус компани нь уг орон сууцыг барихдаа банкнаас зээл авсан бөгөөд хүүтэй мөнгө төлдөг, гэтэл Н.Гомбосүрэн нь өөрийн худалдаж авсан орон сууцны төлбөрийг хугацаандаа төлж барагдуулахгүй компанийг хохироож байна.
Иймд Н.Гомбосүрэнгээс орон сууцны үлдэгдэл төлбөр болох 6 000 000 төгрөг, алданги 1 080 000 төгрөг, нийт 7 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Н.Гомбосүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төгс дүүрэн” ХХК-ийн захирал Н.Батхүү нь Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 10 айлын тохилог орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр ашиглалтанд өгнө гэж тохиролцож гэрээ байгуулсан юм. Гэтэл барилгын ажил удааширч 2016 оны 03 сард ашиглалтанд орохоор болсон. Миний бие бэлэн болсон өрөөнд нь орж байя гээд 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 2 өрөө байранд орсон. Уг байр нь өвөл хүйтэн, ус байхгүй, хаалганууд нь хуруу ором зайтай, хана нь цантдаг, гадна талын шавар нь 9 сараас эхлээд нурж эхэлсэн бөгөөд чанар муутай баригдсан барилга юм. Миний бие өндөр настай хүн бөгөөд 7 080 000 төгрөгийг төлж чадахгүй. Орон сууцны орон сууцны үлдэгдэл төлбөр болох 6 000 000 төгрөгийг төлөөд энэ орон сууцандаа цаашид амьдрах хүсэлтэй байгаа. Хэрэв надаас 7 080 000 төгрөгиийг нэхэмжилнэ гэвэл өөрийн төлсөн 18 000 000 төгрөгийг Н.Батхүүгээс буцааж нэхэмжилж өөр байр орно гэжээ. (хх-ийн 12 тал)
Нэхэмжлэгч “Төгс дүүрэн” ХХК-ийн захирал Н.Батхүү шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Н.Батхүү миний бие, Н.Гомбосүрэнтэй эвлэрэн хэлэлцэж 7 080 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 080 000 төгрөгөөс татгалзаж, 6 000 000 төгрөгийг Н.Гомбосүрэнгээс гаргуулахаар харилцан тохиролцлоо.
Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 31 тал)
Хариуцагч Н.Гомбосүрэн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Н.Гомбосүрэн би, Н.Батхүүгийн нэхэмжилсэн 6 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 31 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Төгс дүүрэн” ХХК нь, хариуцагч Н.Гомбосүрэнгээс " орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 7 080 000 төгрөгийг гаргуулах"-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч “Төгс дүүрэн” ХХК-ийн захирал Н.Батхүү нь шүүхэд гаргасан орон сууцны үлдэгдэл төлбөр болох 7 080 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 080 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 6 000 000 (зургаан сая) төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Н.Гомбосүрэн нь 6 000 000 (зургаан сая) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Н.Гомбосүрэнд холбогдох, “Төгс дүүрэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй “орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 7 080 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчид 6 000 000 (зургаан сая) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Төгс дүүрэн” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 300 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 64 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, 64 150 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж “Төгс дүүрэн” ХХК-д, хариуцагч Н.Гомбосүрэнгээс 64 150 төгрөгийг гаргуулж “Төгс дүүрэн” ХХК-д тус тус олгосугай.
3. Хариуцагч Н.Гомбосүрpн нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ