| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00550/И |
| Дугаар | 533 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 533
2016 оны 10 сарын 26 өдөр Дугаар 156/ШШ2016/00533
Хэнтий аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00550/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо 58 дугаар байрны 28 тоотод оршин суух, иргэн Дагвадоржийн Бямбадоржийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 2 дугаар багт байрлах “Си Эйч Би Жи Констракшн” ХХК-ын захирал иргэн Гантөмөрийн Чинбаярт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13 200 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие “Си Эйч Би Жи Констракшн” ХХК-ын захирал иргэн Гантөмөрийн Чинбаяртай 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий хугацаа 25 хоног, ажил эхлэх хугацаа 2015 оны 6 дугаар сарын 8-наас ажил дуусах хугацаа 2015 оны 7 дугаар сарын 3-ныг хүртэл байхаар тохиролцсон.
Тухайн ажил гүйцэтгэх гэрээний 1.1-т заасны дагуу миний бие захиалагчийн даалгаврын дагуу түүний материалаар С-78, С-80 дугаар орон сууцны гадна шавардлага, эмульсэн будалт, цонхны амалгаа зэрэг ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байхаар тусгасан ба уг үүргээ цаг хугацаанд бүрэн гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байхаар тусгасан ба уг үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн.
Захиалагч болох Г.Чинбаяр нь Иргэний хуулийн 351.1.1-т заасны дагуу гэрээнд заасан хугацаанд эсвэл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, уг ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т заасны дагуу ажлыг авч хөлсийг саадгүй төлөх үүрэгтэй. Мөн уг ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т заасны дагуу ажлын хөлсийг 2015 оны 6 дугаар сарын 19-нөөс 2015 оны 7 дугаар сарын 3-ныг хүртэл нийт 37 000 000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байсан. Гэтэл уг хугацаандаа ажлын хөлсөө бүрэн гйүцэд өгч барагдуулаагүй.
2016 оны 01 сарын 26-ны өдөр Г.Чинбаяр нь үлдэгдэл ажлын хөлс болох 13 200 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сард багтаан өгье, одоо эдийн засгийн хохиролтой болчоод байгаа учраас мөнгөгүй байна хэмээн энэ тухай бичгээр үйлдэж гарын үсэг зуран харилцан тохиролцсон. Гэтэл одоог хүртэл уг ажлын үлдэгдэл хөлсийг өгөөгүй.
Бид ажил гүйцэтгэх гэрээний 5.1-т заасны дагуу ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэсэн.
Иймд уг гэрээний 5.5-т захиалагч ажлын үр дүнг цаг хугацаанд нь авах үүргээ биелүүлээгүй бол ажлын үр дүнг хүлээн авсанд тооцож хөлс төлөхийг захиалагчаас шаардах эрхтэй гэж заасны дагуу Г.Чинбаяраас үлдэгдэл болох 13 200 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Бямбадорж шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь “Си Эйч Би Жи Констракшн” ХХК-ын захирал Г.Чинбаяраас 13 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие Г.Чинбаяртай харилцан тохиролцож, Г. Чинбаяр нь миний нэхэмжилсэн 13 200 000 төгрөгийг 2 хувааж, эхний 6 600 000 төгрөгийг 2016 оны 11 дгээр сарын 01-ний дотор төлөхөөр, үлдэх 6 600 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч “Си Эйч Би Жи Констракшн” ХХК-ын захирал Г.Чинбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь иргэн Д. Бямбадоржийн нэхэмжилсэн 13 200 000 төгрөгийг 2 хувааж, эхний 6 600 000 төгрөгийг 2016 оны 11 дгээр сарын 01-ний дотор төлөхөөр, үлдэх 6 600 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, тэдний 2016.09.28-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Бямбадорж нь хариуцагч “Си Эйч Би Жи Констракшн” ХХК-ын захирал Г.Чинбаярт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 13 200 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь Д.Бямбадорж, хариуцагч “Си Эйч Би Жи Констракшн” ХХК-ын захирал Г.Чинбаяр нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Г. Чинбаяр нь төлбөрийг 2 хувааж, эхний 6 600 000 төгрөгийг 2016 оны 11 дгээр сарын 01-ний дотор төлөхөөр, үлдэх 6 600 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын дэээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д.Бямбадорж хариуцагч “Си Эйч Би Жи Констракшн” ХХК-ын захирал Г.Чинбаяр нарын 2016.09.28-ны өдөр бичгээр байгуулан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч Д.Бямбадоржийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 223 950 төгрөгийн тал хувь болох 111 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 111 975 төгрөгийг Төрийн сангийн 180000941 гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбадоржид, хариуцагч “Си Эйч Би Жи Констракшн” ХХК-ын захирал Г.Чинбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд 111 975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Бямбадоржид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР