| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00526/И |
| Дугаар | 550 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 550
2016 оны 10 сарын 17 өдөр Дугаар 156/ШШ2016/00550
Хэнтий аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00526/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-13, Дельта авто сервис ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулах “Майнд-Тэч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум 7 дугаар багт байрлах “Атар-Чандгана сүү” ХХК-д холбогдох
Зээлийн болон барьцааны гэрээний төлбөр, алданги, торгуульд нийт 102 649 780 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Майнд-Тэч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Майнд Тэч” ХХК нь “Атар чандгана сүү” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр №008 дугаартай зээлийн ба барьцааны гэрээ байгуулан нэг бүр нь 287 000 төгрөгийн үнэ бүхий 80 уут нийт 22 960 000 төгрөгийн үнэтэй ХБНГУ-д үйлдвэрлэсэн Trapper сортын рапсийн үрийг зээлээр нийлүүлсэн. Үүнээс 15 790 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр нь 7 169 780 төгрөг болж байна.
Зээлийн болон барьцааны гэрээний гол зохицуулалт нь “Майнд Тэч” ХХК нь “Атар чандгана сүү” ХХК-д рапсийн үр зээлээр нийлүүлэх “Атар Чандгана Сүү” ХХК нь зээлээр авсан рапсийн үрийг тарьж ургуулах, ургацын хэмжээг талууд харилцан зөвшилцөж тооцоолох, ургацыг “Майнд-Тэч” ХХК-д буцаан худалдах, “Атар Чандгана Сүү” ХХК нь гэрээгээр тохиролцсон хэмжээнээс бага хэмжээгээр ургац нийлүүлсэн, гэрээнд заасан хэмжээний ургац болон илүү ургасан ургацыг “Майнд Тэч” ХХК-д нийлүүлээгүй, гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх зохицуулалттай гэрээ юм.
Гэрээний дагуу “Атар Чандгана Сүү” ХХК нь 2015 оны 11 сарын 01-ний өдөр гэхэд зээлээр авсан үрийн төлбөр, мөн 400 тн ургацыг “Майнд Тэч” ХХК-д тушаах ёстой байсан.
“Атар Чандгана Сүү” ХХК нь гэрээний 2.2-т заасан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлөх байсан төлбөрөөс 15 790 220 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг болтол төлөөгүй ба гэрээний 5.2-д заасан алданги 11 480 000 төгрөг, талууд гэрээгээр тохиролцсон 400 тн ургацаа манай компанид тушаагаагүй ба гэрээний 5.3-д заасан торгууль 84 000 000 төгрөг болж байна.
Иймд зээлийн үлдэгдэл 7 169 780 төгрөг алданги 11 480 000 төгрөг, гэрээний 5.3-д заасан торгууль 84 000 000 төгрөг, нийт 102 649 780 төгрөгийг “Атар Чандгана Сүү” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.
Гэрээний барьцаа хөрөнгөөр барьцаалсан “Атар чандгана Сүү” ХХК-ийн өмчлөлийн 000111566 тоот гэрчилгээний дугаартай Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Өлзийт тосгонд байрлах 3080 м2 талбайтай засварын газраар зээлийн өр төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК-ийн захирал Ө.Мөнхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай компанийн зүгээс “Атар чандгана Сүү” ХХК-д холбогдуулан 102 649 780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компанийн зүгээс “Атар чандгана Сүү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалтай харилцан ярилцаж, торгуулийн 84 000 000 төгрөг, алдангийн 11 480 000 төгрөг, нийт 95 480 000 төгрөгөөс татгалзаж, рапсны үрийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 7 169 780 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч “Атар чандгана Сүү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие “Майнд Тэч” ХХК-ийн 102 649 780 төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож “Майнд Тэч” ХХК-ийн захирал Ө.Мөнхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 95 480 000 төгрөгөөс татгалзаж, 7 169 780 төгрөгийн хэмжээнд эвлэрч манай “Атар чандгана сүү” ХХК нь тухайн мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, тэдний 2016.10.17-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК нь хариуцагч “Атар чандгана Сүү” ХХК-д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээний төлбөр, алданги, торгуульд нийт 102 649 780 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нь “Майнд Тэч” ХХК-ийн захирал Ө.Мөнхжаргал хариуцагч “Атар чандгана Сүү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК-ийн захирал Ө.Мөнхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 95 480 000 төгрөгөөс татгалзаж, рапсны үрийн үлдэгдэл төлбөр 7 169 780 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор хариуцагч “Атар чандгана Сүү” ХХК-аас авахаар, “Атар чандгана Сүү” ХХК нь рапсны үрийн үлдэгдэл төлбөр болох 7 169 780 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны дотор нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК-д төлөхөөр тус тус харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ..
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК-ийн хариуцагч “Атар чандгана Сүү” ХХК-аас зээлийн болон барьцааны гэрээний төлбөр, алданги, торгуульд нийт 102 649 780 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК-ийн захирал Ө.Мөнхжаргал хариуцагч “Атар чандгана Сүү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал нар нь 7 169 780 төгрөгийн хэмжээнд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 671 200 төгрөгийн тал хувь болох 335 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 335 600 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК-д, “Атар чандгана Сүү” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 335 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Майнд Тэч” ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч тал нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захмрамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж. БОЛДБААТАР