Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 63

 

   2020        01          16                                   2020/ШЦТ/63

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Б.Н  , түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

хохирогч Ж.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Молк овгийн Б.Н  д холбогдох эрүүгийн 1911022531199 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Молк овгийн Б.Н  , 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг Тамган гэх газар оршин суух,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, харгалзсан, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Н   нь 219 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 2 дугаар гудамжны 476 тоотод зочид буудлын чиглэлээр баригдсан хохирогч Ж.Ганхуягийн 2 давхар байшингийн цонхоор хууль бусаар нууцаар нэвтрэн орж бугуйн цаг, гар утас, хөөрөг, бөгж, гинж, тасдагч, дрилл зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 923.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Н   нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Ж.Ганхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Н  д ар гэр байхгүй. Авсан эд зүйлсээ хаана тавьсан талаараа шүүгдэгч санахгүй байгаа гэдэг нь үнэн байх. Би байнга байдаг байсан ч тухайн үед ээж маань эмнэлэгт байсан. Дриллээр юм хийж байгаад үлдээсэн. Маргааш өглөө 08 цагт ирэхэд хулгай орсон байхыг мэдсэн. Боломжтой бол 923.680 төгрөгийг авмаар байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/,

Хохирогч Ж.Ганхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 22-476 тоотод буудлын чиглэлээр баригдсан 2 давхар байшингийн цонхоор хулгай орж нэр нь тодорхойгүй бугуйн цаг, нокио 2600 загварын гар утас, Афоне-5 загварын гар утас, Ай во загварын гар утас, Гитонол нэртэй үе мөчний тос, эм, адууны зурагтай тос, гартаам хөөрөг, цахилгаан дрилл 2 ширхэг, нэр нь тодорхойгүй, машин өнгөлдөг дрилл, нэр нь тодорхойгүй, Кени брэндийн тасдагч, даралтын аппарат, нэр нь тодорхойгүй, мөнгөн гинж, бөгж, 926 сорьцтой, 15 хэмжээтэй машины өвлийн дугуй 2 ширхэг зэрэг эд зүйл алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дугаар хуудас/,

Гэрч М.Оюунбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Алдагдсан эд зүйлүүдийн дийлэнхийг нь бол миний нөхөр өөрөө ашигладаг даралтын аппарат, тос, эмийг бол нөхөр ээждээ өгнө гээд худалдаж авсан байсан юм. Цахилгаан тасдагч, дрилл зэрэг эд зүйлүүдийг нөхөр гэрийнхээ эд зүйлүүдийг засах, хийх үедээ ашигладаг байсан. Хулгай орохын өмнө дээрх эд зүйлүүд бүгд байсан...” гэх мэдүүлэг /хх 6/,

Шинжээч Б.Болор-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...8 гэж дугаарласан гарын мөр папилон санд Баятуу овогтой Нурдалдай гэх хүний баруун гарын алганы хээний дардастай тохирч байгаагаас хайлт хийхэд ...5 удаа гарын мөрийн санд бүртгэгдсэн байна...” гэх мэдүүлэг /хх 29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06/409 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,5,6,7,8 гэж дугаарласан 7 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 4 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээний шаардлага хангах 8 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд МЫ000110015161 дугаараар бүртгэгдсэн Баятуу овогтой Нурдалдайн баруун гарын алганы хээний дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /хх 34-37/,

Дамно ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №ЧД2-19-732 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...бугуйн цаг 130.000, гар утас 15000, гар утас 18.000, дрилл 18.000, тос 15000, тасдагч 9000, дрилл 66.000, хөөрөг 450.000, дугуй 50.000, цахилгааны утас 4680, гинж бөгж 45000, аппарат 55.000 төгрөг нийт 923.680 төгрөг...” тайлан /хх 46-47/,

Шүүгдэгч Б.Н   нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын үед ганцаараа Хүчитшонхор захаас доош зам дагуу уруудаж явж байгаад засмал замын ертөнцийн зүгээр зүүн талд зам дагуу ягаан өнгийн хоёр давхар байшин байхаар нь хашааны төмөр гүйдэг хаалгаар нь ороод байшингийн зүүн талын хаалганы цагаан өнгийн төмөр цоожийг нь гараараа татсан чинь онгойхоор нь байшин руу ороод байшин дотроос нэг ширхэг цахилгаан дрилл, байшин дотор 25 килограммын улаан өнгийн шуудай байхаар авч цахилгаан дрилл, 5 билүү 6 метр урттай цахилгааны утас зэргийг хийж аваад байшингаас орсон газраараа гарсан. Би байшингаас өөр зүйл хулгайлаагүй юм. Тухайн айлаас хулгайлсан улаан өнгийн гар цахилгаан дриллийг Хар хорин зах дээр явуулын хүнд 12.000 төгрөгөөр зарсан. Цахилгааны утсыг нь шатаагаад гадна бүрээсийг нь авч зэс утсыг нь Судал төвд /түүхий эд авах цэг/ тушаасан. Хэдэн төгрөгөөр тушаасан талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 53-54/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61/, шүүгдэгч Б.Н  д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 66-70/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Н   нь 219 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 2 дугаар гудамжны 476 тоотод зочид буудлын чиглэлээр баригдсан хохирогч Ж.Ганхуягийн 2 давхар байшингийн цонхоор хууль бусаар нууцаар нэвтрэн орж бугуйн цаг, гар утас, хөөрөг, бөгж, гинж, тасдагч, дрилл зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 923.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-11/, хохирогч Ж.Ганхуягийн “...2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 22-476 тоотод буудлын чиглэлээр баригдсан 2 давхар байшингийн цонхоор хулгай орж ...зэрэг эд зүйл алдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дугаар хуудас/, гэрч М.Оюунбатын “...Хулгай орохын өмнө дээрх эд зүйлүүд бүгд байсан...” гэх мэдүүлэг /хх 6/, шинжээч Б.Болор-Эрдэнийн “...8 гэж дугаарласан гарын мөр папилон санд Баятуу овогтой Нурдалдай гэх хүний баруун гарын алганы хээний дардастай тохирч байгаагаас хайлт хийхэд ...5 удаа гарын мөрийн санд бүртгэгдсэн байна...” гэх мэдүүлэг /хх 29/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06/409 дугаар дүгнэлт /хх 34-37/, дамно ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №ЧД2-19-732 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 46-47/, шүүгдэгч Б.Н  гийн  “...Тухайн айлаас хулгайлсан улаан өнгийн гар цахилгаан дриллийг Хар хорин зах дээр явуулын хүнд 12.000 төгрөгөөр зарсан. Цахилгааны утсыг нь шатаагаад гадна бүрээсийг нь авч зэс утсыг нь Судал төвд /түүхий эд авах цэг/ тушаасан. Хэдэн төгрөгөөр тушаасан талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 53-54/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Н  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Н  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н  д ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Энэ гэмт хэргийг улмаас учирсан хохирол болох 923.680 төгрөгийг шүүгдэгч Б.Н  гаас гаргуулан хохирогч Жамцын Ганхуяг /ХН74091610/-д олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Н  гийн цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Молк овгийн Б.Н  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Н  д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н  гаас 923.680 /есөн зуун хорин гурван мянга зургаан зуун ная/ төгрөгийг гаргуулан хохирогч Жамцын Ганхуяг /ХН74091610/-д олгосугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н  гийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 42 /дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н  д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН