| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0058/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 70
2020 01 20 2020/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч С.Энхтуул,
шүүгдэгч Б.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овгийн Б.Б д холбогдох эрүүгийн 1911030651305 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Б.Б , 1993 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, армутурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эгч, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 72-16а тоотод оршин суух /Иргэний үнэмлэхийн хаяг: Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойт 94 дүгээр гудамж, 3 тоот/,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шитгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар хугацааны өмнө суллагдсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 698 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 16-190 тоотод Ц.Урангоог хардан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь уруулд шарх, зүүн доод 1, 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…“...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Урангоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед гэртээ 13 настай дүү Цэлмэгийн хамтаар амрах гэж байтал Бираадамба миний утас руу залгахад нь би хариу өгөөгүй. Тэгсэн гэрт согтуу хүрээд ирсэн. Би эгчийгээ ирж байна гэж бодоод хаалга тайлаад өгчихсөн. Бираадамба гэрт орж ирээд танайд нэг хоночих уу гэхээр нь чи согтуу байна одоо манайхаас яв гэхэд намайг явсны дараа найзуудыгаа дуудаж архидаад алаа дэлгээд хэвтэх үү чи гэж хэл амаар доромжлоод байхаар нь дүүгийн хажууд хэрэлдээд яах вэ гаръя гээд гадаа гудамжинд гарахад орилоод байхаар нь 1 удаа түүнийг алгадсан. Тэгвэл би ядаж ганц пиво уучхаад явъя тэгэх үү гээд гуйгаад байхаар нь дэлгүүр ороод өөрөө нэг пиво аваад манай гэрт ороод уугаад сууж байх үед нь ээж утасдаад өнөөдөр очихгүй юм шиг байна гэж ярьсан. Гэтэл Бираадамба ээж чинь ирэхгүй бол хоночхоод явъя гэхээр нь ор засаж өгөөд сууж байтал намайг цуг унтъя гэж татаж чангаагаад байхаар нь үгүй гэхэд миний уруул хэсэгт гараараа 1 удаа цохисон. Энэ үед дүү сэрээд та яагаад аниаг зодоод байгаан гэсэн. Би шууд 102-т дуудлага өгөөд ээжийгээ дуудсан...” гэх мэдүүлэг /хх 14-15/,
Гэрч С.Цолмон нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ өөрийн эгч Урангоотой байхад орой 21 цагийн орчим хаалга тогшихоор нь нээтэл Бираа ах халамцуу орж ирэн хэсэг суусан бөгөөд би өлсөөд байсан болохоор дэлгүүр ороод ир гэхэд Урангоо эгч, Бираа ах хоёр төд удалгүй гадаа хэрэлдээд байгаа сонсогдсон тэгсэн удалгүй буцаж гэрт орж ирэхэд Бираа ах гартаа том савтай пиво барьчихсан байсан тэр пивоо бараг ганцаараа уусан эгч жаахан л уусан тэгсэн шөнийн 00 цагийн орчим Бираа ах, эгчид хандан “Чи найзуудыгаа надаас илүү үздэг” гэж хэлэн чанга чанга хэрэлдээд байсан мөн эгч Бираа ахыг яв зайл гэж зөндөө хэлсэн тэгсэн мөнгө байхгүй явж чадахгүй гээд байх шиг байсан тэр үед эгч намайг утас аваад өг гэхээр нь өөрийнхөө гар утсыг өгтөл Бираа ах голоос нь аваад шидчихсэн дараа нь Урангоо эгчийн утсыг дэрний дор байхаар нь аваад өгөх гэтэл мөн аваад нөгөө орлуу шидсэн энэ үед тэр хоёр хэрүүл маргаан хийн барьцалдаж аваад байсан нэг хартал эгчийн амны орчмоос цус гарчихсан харагдсан бөгөөд утсаараа цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №13942 дугаар дүгнэлтэд: “...Ц.Урангоогийн биед доод уруулд шарх, зүүн доод 1,2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх 21/,
Шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Чингэлтэй дүүрэгт байрлах Урангоогийн гэрт очиход дүүтэйгээ хамт байсан бөгөөд гэрт нь ороод уучлаарай гэхэд Урангоо “чи зүгээр зайл, больё, салъя” гэхээр нь би салмааргүй байна гэсэн тэгээд овоо гайгүй болоод би Урангоод хандан хоёулаа ганц пиво уухуу гэж хэлээд хамтдаа дэлгүүр орж 2.5 литрийн Сэнгүр пиво аваад буцаж гэрт ирээд нөгөө пивоо ууж дуусаад хоорондоо яриа өрнүүлэн 02 цаг болгосон тэгсэн Урангоогийн гар утсанд чат ирсэн бөгөөд Наба Наба гэсэн фэйс хаягаас нэг залуу “гараад хороололд хүрээд ир” гэсэн мессеж ирсэн тэгэхээр нь би гар утсыг нь булаагаад утсыг нь гэдсэн доороо хийгээд хэвттэл утсаа авъя “миний хэнтэй ярих чамд хамаагүй” гэж хэлэн над руу орилж хашхичаад утсаа булаацалдаад байсан бөгөөд би гар утсыг нь баруун гартаа бариад доош хараад хэвтчихсэн байсан бөгөөд миний гар утас барьсан гарыг өөрлүүгээ огцом татаад өөрийнхөө шүдийг цохичхоод над руу уурлан “...одоо манай гэрээс яв зайл...” гэхээр нь би “...одоо шөнийн 03 цаг болж байна унаа байхгүй болохоор хоночхоод явъя...” гэхэд чамайг хонуулахгүй цагдаа дуудаж өгнө гэхээр нь өөрөө мэд гэхэд цагдаа дуудчихсан удалгүй цагдаа нар ирж намайг авч явсан өөр болсон зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх 26-29/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45/, оршин суугаа газрын /хх 44/, шүүгдэгч Б.Б д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 41-43, 48-58/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3/1881 тоот албан бичиг зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 16-190 тоотод Ц.Урангоог хардан маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь уруулд шарх, зүүн доод 1, 2 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ц.Урангоогийн “...Бираадамба ээж чинь ирэхгүй бол хоночхоод явъя гэхээр нь ор засаж өгөөд сууж байтал намайг цуг унтъя гэж татаж чангаагаад байхаар нь үгүй гэхэд миний уруул хэсэгт гараараа 1 удаа цохисон. Энэ үед дүү сэрээд та яагаад аниаг зодоод байгаан гэсэн. Би шууд 102-т дуудлага өгөөд ээжийгээ дуудсан...” гэх мэдүүлэг /хх 14-15/, гэрч С.Цолмонгийн “...Урангоо эгчийн утсыг дэрний дор байхаар нь аваад өгөх гэтэл мөн аваад нөгөө орлуу шидсэн энэ үед тэр хоёр хэрүүл маргаан хийн барьцалдаж аваад байсан нэг хартал эгчийн амны орчмоос цус гарчихсан харагдсан бөгөөд утсаараа цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №13942 дугаар дүгнэлт /хх 21/, шүүгдэгч Б.Бираадамбын “...би гар утсыг нь баруун гартаа бариад доош хараад хэвтчихсэн байсан бөгөөд миний гар утас барьсан гарыг өөрлүүгээ огцом татаад өөрийнхөө шүдийг цохичхоод над руу уурлан “...одоо манай гэрээс яв зайл...” гэхээр нь би “...одоо шөнийн 03 цаг болж байна унаа байхгүй болохоор хоночхоод явъя...” гэхэд чамайг хонуулахгүй цагдаа дуудаж өгнө гэхээр нь өөрөө мэд гэхэд цагдаа дуудчихсан удалгүй цагдаа нар ирж намайг авч явсан өөр болсон зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх 26-29/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бираадамбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч Б.Б д ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 3/1881 тоот албан бичигт “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 698 дугаар шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн Б.Б /УП93121131/ нь 44 цагийн ялыг эдэлж 196 цагийн үлдэгдэлтэй байна...” гэх тул шүүгдэгч Б.Б д ял оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 698 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 196 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 496 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Шүүгдэгч Б.Б д ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч Ц.Урангоо нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Б.Бираадамбыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Батхүүгийн Бираадамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 698 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 196 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 496 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохын тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН