Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

2020          01          17                                       2020/ШЦТ/52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

          улсын яллагч Г.Ганбагана,

          шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Н-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909036091220 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 17-нд Ховд аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт

тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц.Н-г /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ц.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам засварын ажил гүйцэтгэж байсан Д.Балжиннямтай маргалдан, толгойн тус газар нь 1 удаа гараараа цохьсны улмаас тархи доргилт, духны цус хуралт, 46, 36 шүдний эмтрэл гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би Д.Балжиннямын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Д.Балжинням газар унахдаа замын хажуу талын
боржур дээр унасан тэгэхдээ шүд нь гэмтсэн байх. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй
танилцсан. Д.Балжиннямын биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч
байна...” гэсэн мэдүүлэг /хх-4-5/,

 

Хохирогч Д.Балжиннямын "...Би хүү Н.Гантулгатай маргалдаад барьцалдаад авсан юм. Тэгэхэд Ц.Н гуай ирээд бид хоёрыг салгаад миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод газар унагаасан унахдаа замын боржур дээр унаад шүд гэмтсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

 

Гэрч Н.Гантулгын "...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтаншагай гэх дэлгүүрт би аав, ээждээ туслаад ажиллаж байгаад хүн хаалга авна гээд 100 айлын зам засаж байсан тэгээд тэр автомашин нь машины зам руу ороод тавьсан байхаар нь би хаалга хүргээд өгөөд машинд нь ачиж өгсөн. Тэгсэн зам дээр ажиллаж байсан ах ирээд намайг "гуйлгачин минь холд" гэсэн тэгэхээр нь хэрэлдээд бид хоёр барьцалдаж аваад байж байхад манай аав Норовсамбуу ирээд бид хоёрыг ирээд салгаад аав тэр залууг толгойнд нь цохисон тэгээд манай ээж Энхтүвшин ирээд тэр залуутай маргалдсан тэгээд аав ээж хоёр явъя гээд явсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11174 тоот актын “…Д.Балжиннямын биед тархи доргилт, духны цус хуралт, 46, 36 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-30/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-13/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-52-53/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам засварын ажил гүйцэтгэж байсан Д.Балжиннямтай маргалдан, толгойн тус газар нь 1 удаа гараараа цохьсны улмаас тархи доргилт, духны цус хуралт, 46, 36 шүдний эмтрэл гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Балжинням, гэрч Н.Гантулга нарын мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11174 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Ц.Н сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.     

Шүүгдэгч Ц.Нгийн хохирогч Д.Балжиннямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Нгийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Балжиннямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид учирсан эмчилгээний зардалд шүүгдэгчээс 700.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Нгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгасан, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Ц.Н-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4.Шүүгдэгч Ц.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР