Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

      

 

2020          01          17                                       2020/ШЦТ/53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909025040075 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 02-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, лам, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, ах дүү нарын хамтаар тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т.М /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Т.М нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар гудамжны худгийн дэргэд хохирогч М.Өлзийдэмбэрэлтэй маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Т.Мыг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар гудамжны худгийн дэргэд хохирогч М.Өлзийдэмбэрэлтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч Т.Мад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Т.М нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар гудамжны худгийн дэргэд хохирогч М.Өлзийдэмбэрэлтэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь баруун дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч М.Өлзийдэмбэрэлийн "...2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Т.Тэмүүжин гэх найзын найз Т.М гэх залууд зодуулсан бөгөөд ямар шалтгааны улмаас зодуулсан талаар гэрчийн мэдүүлэгт мэдүүлсэн, би архи согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн байсан, болсон үйл явдлыг сайн санаж байна. Тэмүүжин бид хоёрыг маргалдаж байхад Тэмүүжинг өмөөрч намайг зодсон. Т.М нь миний нүд орчим гараараа цохиод би газар унахад ахиад миний нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

            Гэрч Т.Тэмүүжингийн "...найз н.Ананд, н.Өлзийдэмбэрэл, н.Мөнхбат нартай уулзаад архи пиво аваад 6 дугаар гудамжны худгийн хажууд ууж байгаад н.Мөнхбат, н.Өлзийдэмбэрэл нар хоорондоо муудалцаад барьцалдаж аваад н.Өлзийдэмбэрэлийн нүүр руу нь 2-3 удаа цохисон, би дундуур нь орж салгасан, дараа нь бид нар мөнгөгүй болоод н.Өлзийдэмбэрэлийн гар утсыг ломбардад тавих болоод н.Ананд ломбард явсан, дахин архи ундаа авчраад уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

          Гэрч Н.Анандын "...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17-ын автобусны буудал дээр уулзалдахаар болоод очиход н.Тэмүүжин, н.Мөнхбат, н.Аззаяа нар байсан сүүлд М.Өлзийдэмбэрэл ирсэн, бид нар архи том пиво аваад гудамжинд уусан, тэгээд хоорондоо ярьж байгаад гар утсыг нь би ломбардад тавихаар явсан, намайг ломбард руу явахад М.Өлзийдэмбэрэл, Т.М нар хоорондоо маргалдаад муудалцаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ¹7668 тоот актын “…М.Өлзийдэмбэрэлийн биед баруун дээд зовхи, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

   яллагдагч Т.Мын "...сүүлийн архи ууж байхад М.Өлзийдэмбэрэл, Т.Тэмүүжин хоёр маргалдахаар нь салгах гэж байхад намайг хальт алгадсан, тэгэхээр нь би цохисон, дүгнэлтэд тусгасан гэмтлийг би учруулсан, архи уусан үедээ өөрийн уураа барьж дийлээгүй ийм зүйл хийсэндээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Т.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Т.Мад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Т.Мад 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Т.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР