Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020          01          17                                       2020/ШЦТ/54

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Г.Сундуй,

          шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Д-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809046741194 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 17-нд төрсөн, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 7 дугаар гудамж, 188 тоот оршин суух бүртгэлтэй,

          2009 оны 03 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 ахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

          2011 оны 11 дүгээр сарын 18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

          2013 оны 05 дугаар сарын 31-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 02-нд хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

          2019 оны 4 дүгээр 03-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 20-нд эдлээгүй үлдсэн 03 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, Т.Д-г /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Т.Д нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр байрны 14 тоотод иргэн М.Энхжаргалын Самсунг С8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч Т.Д нь шүүх хуралдаанд “...Тухайн өдөр найз Золхүү над руу залгаад Энхжаргал эгчийнд байна нэг ширхэг архи аваад хүрээд ир гэсэн. Тэгээд нэг шил архи аваад очсон. Би ариун цэврийн өрөөнд халтирч унаад ариун цэврийн өрөөний эд зүйлийг унагаачихсан. Гарч ирээд Энхжаргалыг ариун цэврийн өрөөнд юмаа янзалж байх хооронд гал тогооны өрөөнд байсан гар утсыг аваад гарсан. Гар утсыг нь зарах гэж байтал Энхжаргал эгч араас ирээд утсаа аваад явсан...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Би хуульд зааснаар мэдүүлэг өгөхгүй. Хавтаст хэргийн материалтай уншиж танилцсан. Гэхдээ гарын үсэг зурахгүй…” гэсэн мэдүүлэг /хх-40/,

 

Хохирогч М.Энхжаргалын “… 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40-14 тоотод байрлах гэртээ ороход дүү Зулхүү найз Дэлгэрмөрөнгийн хамт байж байсан. Зулхүү, Дэлгэрмөрөн нар согтуу байсан ба Дэлгэрмөрөн ариун цэврийн өрөө рүү ороод эд зүйл нурааж байгаа бололтой дуу гараад байсан ба гараад ирэхээр нь би эд зүйл эвдсэн байх гэж бодоод зөрөөд орсон. Энэ үед Дэлгэрмөрөн угаалгын машин дээр байсан цэвэрлэгээний эд зүйлсийг унагааж тараасан байсан. Ингээд уг эд зүйлсийг цэгцэлж байх үед гадаа хаалга дуугарч байсан ба би тоогоогүй. Хаалга дуугарснаас хойш 5 минутын орчмын дараа гал тогооны өрөөнд ороход ширээн дээр байсан гар утас алдагдсан байсан. Ингээд Дэлгэрмөрөн хулгайлсныг мэдээд 96635464 дугаараас өөрийнхөө 99115217 дугаар руу залгаж үзэж байтал ойролцоогоор 20-30 минутын дараа 80003736 дугаараас эмэгтэй хүн залгаад "чи утсаа алдсан уу, ямар утас алдсан бэ, Монтел дээр согтуу залуу зарах гээд явж байна, хурдан хүрээд ир" гэж хэлсэн. Ингээд уг 80003736 дугаартай хүнтэй холбоо барьж байгаад Монтел дээр заалгаж очиход Моби гэдэг дэлгүүр дотор Дэлгэрмөрөн миний гар утсыг зарах гээд зогсож байсан... 2018 оны 6 дугаар сард 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан, Самсунг С8 маркийн хар өнгийн гар утас, гар утсаа буцаан авсан тул надад ямар нэг хохирол байхгүй …” гэсэн мэдүүлэг /хх-19-20/,

 

Гэрч Л.Давгачимэдийн “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн ард байрлах Монтел худалдааны төвд өөрийн эзэмшлийн шинээр худалдаж авсан гар утас ажиллахгүй байхаар нь засуулах санаатай 16 цаг 20 минутын орчим явж байхад нэг халамцуу залуу гар утас зарна гээд явж байсан. Тэгэхээр нь би түүнийг сэжиглээд утсаа зарах гэж байгаа юм уу гэж асуухад зарна гээд Самсунг С8 утас бариад явж байсан. Тэгэхээр нь авъя гэж худлаа хэлээд дагуулж гараад кодыг хэл дээ гэсэн чинь утасныхаа кодыг хэлж чадахгүй, утас нь асаад байсан. Эхэлж бид хоёр тэр хавьд байсан гар утас зардаг хүмүүсийн хажууд ярьж байсан. би түүнийг авч гараад явж байхад хохирогч гэх Энхжаргал гэдэг эмэгтэй ирээд миний утсыг хулгайлаад зарах гэж байна гээд ирээд утсаа булаагаад авсан. Би түүнээс ямар учиртай юм бэ гэж асуухад Дэлгэрмөрөн гэх залуу манай дүүгийн найз юм, манайхаар орж гардаг залуу юм, манайд байж байгаад 00 орчихсон хойгуур ширээн дээр байсан утас аваад гарчихсан байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-23/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-31/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-45-47, 59-81, 87-90, 113-116/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-97-99/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Т.Д нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40 дүгээр байрны 14 тоотод иргэн М.Энхжаргалын Самсунг С8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч М.Энхжаргал, гэрч Л.Дагвачимэд нарын мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Т.Дгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Т.Дгийн дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Т.Дг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Энхжаргал нь эд зүйлээ хүлээн авсан байх бөгөөд тэрээр гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Т.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Дг дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Т.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 456 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний урьдчилан цагдан хоригдсон 57 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаа эдэлсэнд тооцож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

                                               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Т.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Дг 456 (дөрвөн зуун тавин зургаа) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дгийн цагдан хоригдсон 57 хоногийн нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүнийг ялаа эдэлж дууссанд тооцсугай.

 

4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР