Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 181/2017/00783/и |
Дугаар | 001/ХТ2018/00783 |
Огноо | 2018-05-15 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2018/00783
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02840 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 245 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “М” ХХК
Хариуцагч: “И” ХХК-д холбогдох
Гэм хорын хохиролд 3.523.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн эзэмшлийн 40-32 УБЕ улсын бүртгэлийн дугаартай “Хино Рэнжир” маркийн тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг 2017-04- 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст багийн Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн засмал замын 25 км-т тус компанийн ажилтан жолоодож, инженер зорчигчийн суудалд сууж явах үед Нордбенз маркийн 74-35 ӨМӨ улсын дугаартай “И” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөргөж, зам тээврийн осол гаргасан. Компанийн өмч HINO RANGER маркийн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд 11,808,000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд уг хохирлыг даатгалын байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн. Бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг даатгалын байгууллага хариуцахгүй гэсэн учир манай компани өөрийн ажилтан нарын эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр, өвчтэй байсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь хариуцан 3,523,735 төгрөгийн зардал гаргаж хохирлыг барагдуулсан. Иргэний хуулийн 499.1 дэх хэсэгт заасныг үндэслэн өөрийн санаачилгаар хохирлыг барагдуулсан тул зам тээврийн осол хэрэгт гэм буруутай тал болох “И” ХХК-иас өөрийн компанийн ажилтанд учирсан хохирлыг нөхөн нэхэмжилж байгаа болно. Үүнд: Э.Билгүүний эмчилгээ, шинжилгээнд 1,456,272 төгрөг, П.Эрдэнэбаярын эмчилгээ, шинжилгээнд 1,696,093 төгрөг, Э.Билгүүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеийн 5 хоногийн цалин /35 125 х 5 хоног/ 175,625 төгрөг, П.Эрдэнэбаярын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеийн 5 хоногийн цалин /39 149 х 5 хоног/ 195,745 төгрөг, нийт 3,523,735 төгрөгийн хохирлыг төлсөн. Бид ажилтнуудынхаа эрүүл мэнд болон компанийн өмч хөрөнгөөр хохироод байхад, зам тээврийн осол гаргасан тал учруулсан хохирлыг барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Иймд “И” ХХК-иас 3,523,735 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гаргасан хариу тайлбартаа: Манай компанийн 74-25 ӨМӨ улсын дугаартай автомашин “М” ХХК-ийн 40-32 УБЕ улсын дугаартай автомашины араас мөргөж, зам тээврийн осол гаргасан нь үнэн. Автомашинд учирсан хохирол болох 11,808,000 төгрөгийг өөрийн харилцагч даатгалын компани болон өөрийн хөрөнгөөр хамтарч бүрэн барагдуулсан болно. Тухайн осол гарсны дараа “М” ХХК-ийн машиныг жолоодож явсан Э.Билгүүн болон хамт явж байсан П.Эрдэнэбаяр нарын биед “Шүүхийн шинжилгээний үндэсний төв”-д хийлгэсэн шинжилгээгээр зам тээврийн ослын улмаас ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарсан. Хүний биед гэмтэл учраагүй гэх үндэслэлээр Өмнөговь аймгийн сум дундын прокурорын газрын 2017-05-22-ны өдрийн 5/124 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гэтэл нэхэмжлэгч компанийн 2 ажилтан ослын улмаас тархи доргисон оноштойгоор эмнэлэгт хэвтэж, шинжилгээ хийлгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Монгол Хьюндай” эмнэлгээс хуурамч байж болох баримтыг шүүхэд ирүүлж, уг баримтад үндэслэн нэхэмжлэгч мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Тархи доргиход 5 хоног хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй учраас хараагүйчүүдийн төвд очиж бариулахад л хангалттай байсан. Манай компани 2 ажилтны 5 хоногийн цалин 371 100 төгрөг, мөн тархи бариулахад ямар зардал гардаг түүнийг нь төлөхөөс татгалзахгүй, харин үнэтэй шинжилгээ, эмчилгээнийх нь мөнгийг төлөхгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02840 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “И” ХХК-иас 3,053,735 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгож, нэхэмжлэлэс 470,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 245 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02840 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “И” ХХК-с гэм хорын хохиролд 3 523 735 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Машинд 11.808.000 төгрөгийн хохирол гарсныг даатгалын байгууллага төлж хохирол барагдуулсан. Бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцаагүй, төлөөгүй. “МЕСА инжеренинг” ХХК-ийн ажилтнуудын эрүүл мэндийн хохирлыг “И” ХХК төлөхийг хүлээвэл цаг хугацааны хувьд алдагдалтай, хохирогч нар мөнгөгүй байсан учир ажилтнуудынхаа хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэж эмчилгээ шинжилгээ цалин хөлс бүх зардлыг хариуцсан байдаг. Ийм тусламж үйлчилгээ үзүүлэхийг хуулиар хориглоогүй. Ажилтнуудын биед учирсан гэмтэл зовиуртай гарсан осол хэрэг, шалтгаантай холбоотой байсан нь нотлогддог. Иймд ажилтан Э.Билгүүн, П.Эрдэнэбаяр нарт байгууллагаас гаргасан 3,523,735 төгрөгийн хохирлыг шүүхээр нэхэмжилсэн нь хуульд нийцэж байгааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 513.1, 513.2-т заасныг үндэслэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 513.1-г үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулсныг буруутгасан ба үйлдвэрлэлийн осол байсан бол зохих ёсоор нэхэмжлэх эрхтэй, Э.Билгүүн, П.Эрдэнэбаяр нарын эрүүл мэндэд гэм хор учирсны нөхөн төлбөр төлсөн үндэслэл тодорхой бус гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Ажилтнууд осолд орж хөдөө эмнэлэгт 1 хонож Улаанбаатарт ирсэн. Яаралтай эмчилгээ шаардлагатай байсан болохоор байгууллага нь туслахаас аргагүй байсан гэдгийг шүүх анхаарч үзэхгүй байна. “И” ХХК мөнгө төлөхийг хүлээж осолд орсон өвчтөнөө ажлаа хийхийг шаардаад суух боломжгүй байсан гэдгийг анхаарч үзэхгүй байгаад гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
М ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, И ХХК-с “... Э.Билгүүний эмчилгээ-шинжилгээний 1,456,272 төгрөг, 5 хоногийн цалин 175,625 төгрөг, П.Эрдэнэбаярын эмчилгээ-шинжилгээний 1,696,093 төгрөг, 5 хоногийн цалин 195,745 төгрөг нийт 3,523,735 төгрөг...” шаардсан байна. /хх 1-2/ Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ /хх 74/.
Анхан шатны шүүх хариуцагчаас 3.053.735 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...Э.Билгүүн, П.Эрдэнэбаяр нарын 5 хоногийн цалин нийт 371,370 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн...Э.Билгүүн нь 1,131,272 төгрөгийн, П.Эрдэнэбаяр 1,551,093 төгрөгийн эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн болох нь тогтоогдсон...хариуцагч төлөх үүрэгтэй ...энэ нь зам тээврийн осолтой шууд буюу шалтгаант холбоотой гэм хор байна...” гэсэн дүгнэлт хийжээ.
Давж заалдах шатны шүүх “... Иргэний хуулийн 513.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг нийгмийн даатгал, нийгмийн хангамж болон эдгээр байгууллагатай адилтгаж болох хуулийн этгээд шаардах эрхтэй...” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж заасан байх бөгөөд уг хэсэгт заасан “...бусад хуулийн этгээд...” гэдэгт нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн байгууллагатай адилтгах чиг үүрэгтэй байгууллага хамаарах агуулга уг зүйлд байхгүй байна.
Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгов.
Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримт, зохигч талын тайлбарын хэмжээнд Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн замын 25 дахь км-т 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр И ХХК-ийн өмчлөлийн 74-35 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн автомашиныг жолоодон явсан Г.Ганхүү нь М ХХК-ийн өмчлөлийн 40-32 УБЕ улсын дугаартай Э.Билгүүний жолоодон явсан Хино Ренжер маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан нь тогтоогджээ.
Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалтаас болж ийнхүү гэм хор учруулсан тохиолдолд жолоочийг өөрөө томилсон тээврийн хэрэгсэл өмчлөгч гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлсөн төлбөрийг буцаан шаардах нь Иргэний хуулийн 199, 513 дугаар зүйлийг зөрчихгүй юм.
Хариуцагчийн томилсон жолоочийн гэм буруутай үйлдлийн улмаас Э.Билгүүн, П.Эрдэнэбаяр нарт гэм хор учирсан, учирсан гэм хорыг нэхэмжлэгч нөхөн төлсөн нь нотлогдсон тул нөхөн төлсөн төлбөрийг И ХХК-с шаардсан нь зөв болжээ.
Нэхэмжлэгч Э.Билгүүний цалинд 175,625 төгрөг, эмчилгээний зардалд 1,131,272 төгрөг, П.Эрдэнэбаярын цалинд 195,745 төгрөг, эмчилгээний зардалд 1,551,093 төгрөг буюу нийт 3,053,735 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул хариуцагчаас 3,053,735 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 245 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02840 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 64.000 төгрөгийг М ХХК-д захирамжаар буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ