Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 223/МА2016/00006

 

Б.Даштогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сар 16-ны өдрийн 151/ШШ2016/00591 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Даштогтохын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Хишигжаргалд холбогдох

7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Даштогтох,

Хариуцагч Ж.Хишигжаргалын өмгөөлөгч Д.Энхтунгалаг

нарийн бичгийн дарга Б.Байгалмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Даштогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие нь 2012 оны 10 сард Ж.Хишигжаргалаас Багахангай дүүргийн 1 хороо 4 дүгээр байрны 32 тоотод орших 1 өрөө байрыг 7 000 000 төгрөгөөр худалдаж авсан.

 

Тухайн байрыг Ж.Хишигжаргал нь Багсам гэдэг хүнээс авсан, 2014 оны 7 сард 10 жил болж байгаа учир нэр дээр чинь шилжүүлж өгнө гэхээр нь итгэсэн юм. Гэтэл 2014 оны 12 сард байрны эзэн Б.Багсам гэж хүн ирээд, улсын бүртгэлийн гэрчилгээгээ үзүүлээд миний байр гээд бид хоёр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 10.000.000 төгрөгөөр худалдан авч, өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн.

 

Иймд Ж.Хишигжаргал нь Б.Багсам гэдэг хүний байрыг надад 7.000.000 төгрөгөөр худалдсан байсан тул түүнээс 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү,

 

Миний бие нь Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 1 хороо 4 дүгээр байрны 32 тоотын 1 өрөө орон сууцыг 2012 оны 10 сард Ж.Хишигжаргалтай тохиролцож түрээслэн сууж байгаад 2013 оны 06 сард уг байрыг Ж.Хишигжаргалаас 7.000.000 төгрөгөөр худалдан авсан. 7.000.000 төгрөгийг бэлнээр Ж.Хишигжаргалд хүлээлгэн өгсөн.

Уг байрыг Ж.Хишигжаргал нь надад худалдахдаа Б.Багсам гэдэг хүнээс 2004 оны 7 сард худалдан авсан. 2014 оны 07 сард байр худалдан аваад 10 жил болж байгаа учир нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсэн юм. Тэгээд надад Б.Багсамын байрны цэнхэр гэрчилгээ, Өмч хувьчлах товчооны тодорхойлолтыг өгсөн. Өмч хувьчлах товчооны тодорхойлолтод Б.Багсам нь Ж.Хишигжаргалд орон сууцаа худалдсан тул нэр дээр нь шилжүүлж өгнө үү гэж бичсэн болохоор би итгээд 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан.

Би байрандаа 4.000.000 төгрөгийн засвар хийгээд 2015 оны 08 сард гэрчилгээг өөрийн нэр дээр болгохоор дүүргийн Улсын бүртгэлийн газар очиход уг байр нь Б.Багсам гэдэг хүний нэр дээр шинээр гэрчилгээ гарсан байсан.

Энэ тухай Ж.Хишигжаргалтай уулзахад надад хамаагүй би Цэнджав гэдэг хүнээс 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан, тухайн үед Багахангайн бүх байр ийм ханштай байсан гэж хэлсэн.

Ингээд би уг байрын хууль ёсны эзэмшигч Б.Багсамтай уг байрыг 10.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулан, худалдан авсан.

Ж.Хишигжаргал нь бусдыг орон сууцыг хууль бус бичиг баримт үзүүлж, надад худалдсан тул 7.000.000 төгрөг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Хишигжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Даштогтох нь миний Цэнджав гэдэг хүнээс 2004 онд худалдаж авсан байранд түрээслэн сууж байгаад улмаар худалдаж авъяа гэж санал гаргасан. Тэр үед би ийм бичиг баримттай байр гэдгийг нь өөрт нь хэлж өгсөн. /Бичиг баримтыг өгсөн/. Тэр үед байр 15-20 сая хүрч байсан ба би үнэ тохирч 7 сая төгрөгөөр зарсан.

Би 2012 оны 10 сард байраа түрээслэж 2013 оны 06 сард зарсан. Түрээслэх хугацаанд түрээсийнхээ мөнгийг бүрэн гүйцэд ч өгөөгүй. Тэгээд би 2004 онд Цэнджав гэдэг хүнээс авсан байрыг 2013 он хүртэл хугацаанд эзэмшиж байх хугацаанд ямар ч асуудал гарч байгаагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ж.Хишигжаргалаас 7.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Даштогтоход олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Ж.Хишигжаргалаас 126.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид Б.Даштогтоход олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Хишигжаргал давж заалдах гомдолдоо: ... Миний бие нэхэмжлэгч Б.Даштогтоход Багахангай дахь өөрийн худалдан аваад амьдарч байсан 1 өрөө байраа 7 сая төгрөгөөр зарсан нь үнэн гэдэг дээр маргах зүйлгүй боловч тухайн үед нэхэмжлэгч нь манай байрыг түрээслэж байгаад өөрөө санал гарган худалдан авахаар болж эрхийн зөрчилтэйг мэдсэээр байж гуйж гувшиж байгаад зах зээлийн үнээс хамаагүй доогуур үнээр худалдан авсан. Тэр үед тэнд байр 15-20 сая төгрөгийн үнэтэй байхад би бичиг баримт нь бүрэн биш эзэн нь олдохгүй тул гэдэг шалтгаанаар хямд өгсөн. Гэхдээ Даштогтох 2015 онд байрны өмчлөгч Багсамтай уулзах үедээ намайг дуудаж уулзаад тохирцгоосон бол өнөөдөр энэ асуудал гаргахгүй байсан. Гэтэл надад хэлж мэдэгдэхгүйгээр өөрөө Багсамтай тохироод 10 сая төгрөг өгөөд бичиг баримтаа шилжүүлж авсан байгаа нь миний байр зарсан асуудлыг өөрөө зөвшөөрч байсныг гэрчилж байгаа ба Багсамыг нас барсныг дуулаад үхсэн хүн үг хэлэх биш гэдэг утгаар энэ маргааныг гаргаж байна гэж үзэж байна. Өнөөдөр Багахангай дүүрэгт 1 өрөө байр ямар үнэтэй байгаатай харьцуулахад 2 хүнд мөнгө өгч авсан байр нь зах зээлийн үнээс хамаагүй хямд тусч байгаа учраас дараагийн хүнтэйгээ наймаа хийхдээ эхний хүнтэй уулзахгүйгээр нэр дээрээ шилжүүлэн авсан байгаагаар илэрч байна. Анхнаасаа би бичиг баримт нь дутуу гээд зөвшөөрөхгүй байхад хамаагүй гээд л гуйж байгаад л худалдан авсан би хүчээр өгөөгүй. Надаас байр худалдан авахдаа хамаагүй эрсдлээ хариуцна гээд байсан хэрнээ одоо жинхэнэ эзэн гэх Багсамыг гараад ирэхээр надад мэдэгдэлгүйгээр тэр хүнтэй хэлцэл хийж бичиг баримтаа шижлүүлж аваад үхсэнийх нь дараа шүүхэд маргаан хийж байгааг гайхаж байна. Тухайн үед Б.Багсам байсан бол би шууд л өөрийнхөө нэр дээр болгоод авч болох л байсан.

Гэрч Цэнджав нь 2010 оны үед байрыг надад 300 мянган төгрөгөөр зарсан гэжээ. Гэтэл нэг орны үнэ нь ч хүрэхгүй үнээр орон сууц зарна гэдэг бол хэзээ ч байхгүй асуудал. Тэгээд ч Цэнджавын өмч байх үед надад Багахангай дүүргийн орон сууц хувьчлах товчооноос 2004 онд албан бичиг хийж өгөх боломж байхгүй байсан. Иймд би энэ байрны хувьд 2004 оноос хойш худалдан авсан шударга эзэмшигч бөгөөд өөрийн худалдан авч эзэмшилдээ байгаа зүйлээ бусдад хямд үнээр зарсан төдий зүйл юм. Иймээс Даштогтох нь зах зээлийн үнэнээс хамаагүй бага өртөгөөр уг орон сууцыг худалдан авсан ба тухайн үед эрхийн доголдолтойг мэдсээр байж худалдан аваад улмаар өмчлөгч Б.Багсамтай хэлцэл хийх үедээ намайг байлцуулаагүй ба нас барсны дараа шүүхэд хандаж маргаан гаргасан зэргээс үзэхэд өөрийнхөө хийсэн наймаагаа өөртөө ашигтайгаар эгүүлэх зорилгоор намайг гүтгээд ашиг олох зорилго агуулсан нь тодорхой байна. Шүүхэд байгаа баримтаар намайг уг орон сууцыг худалдах үед эрхийн доголдолтойг мэдсэн эрхийн зөрчлөө арилгуулахдаа надад мэдэгдээгүй зэргээс үзэхэд намайг залилах санаа агуулж байсан нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гаргасан энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Иймд уг шийдвэрийг хянаж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байх боловч зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсноос нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоож чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Даштогтох нь 2013 оны 06 дугаар сард Ж.Хишигжаргалаас аман хэлцлээр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-р байрны 32 тоот 1 өрөө орон сууцыг худалдан авч, 7.000.000 /долоон сая/төгрөгийг хариуцагчид өгсөн, маргаж буй 1 өрөө орон сууцыг хариуцагч захиран зарцуулах эрхгүй, Б.Багсам гэгчийн өмчлөлийн орон сууц байсан тул нэхэмжлэгч нь Б.Багсамтай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-гээр дахин 10.000.000 төгрөгөөр өмчлөгчөөс нь худалдан авч өмчлөх эрхийг хуульд заасан журмаар шилжүүлэн авсан болох нь хэргийн баримтаар нотлогдсоноос гадна тухайн үйл баримтыг зохигчид маргаагүй байна. /хх-ийн 6, 8, 36-40 дүгээр тал/

Б.Даштогтох, Ж.Хишигжаргал нарыг 2013 онд хэлцэл хийх үед Б.Багсамын нэр дээр олгогдсон орон сууц хувьчлах товчооны гэрчилгээ, Багахангай дүүргийн орон сууц хувьчлах товчооноос Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн албанд хандаж 2004 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгосон тодорхойлолтод ... Иргэн Б.Багсам нь 2004 оны 07 дугаар сарын 14-нд иргэн Жанчив овогтой Хишигжаргалд зарж орон сууц хувьчлах гэрчилгээг иргэн Ж.Хишигжаргалын нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байгаа тул тодорхойлолт гаргав гэсэн агуулга бүхий бичиг баримт хариуцагчид байсныг нэхэмжлэгчид өгч хэлцэл хийсэн, хариуцагч уг орон сууцыг 2004 оноос 2013 он хүртэл эзэмшиж, ашиглаж байсан, нэхэмжлэгч мөн хэлцэл хийхээсээ өмнө хөлслөн амьдарч байсан зэрэг үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй боловч энэ нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Өмчлөх эрх гэсэн ойлголтыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бүрдүүлэх бөгөөд эдгээр нь зөвхөн тухайн хөрөнгийн өмчлөгчид байдаг, өмчлөгчийн хүсэл зоригоор хэрэгжүүлдэг өмчлөгчийн туйлын эрхэд хамаарах болно. Хариуцагч өөрөө ийм эрхтэй болох нь , эсхүл эрх бүхий этгээдээс нь дээрх эрхийг шилжүүлэн авсан гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй байх тул Б.Даштогтоход бусдын өмчлөлийн зүйлийг худалдсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй юм. Хариуцагч нь тухайн орон сууцыг 2004 оноос хойш худалдан авч эзэмшиж байсан шударга эзэмшигч гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй байдаг байна.

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн харилцааны дагуу үүснэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн буруугаас учирсан хохирол 7.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан гэж шийдвэрийн үндэслэх хэсгийн эхэнд тодорхойлж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтыг шаардах эрхийн үндэслэл болгон баримталсан нь шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг хоорондоо зөрчилтэй болсон, хохирол шаардах эрхэд хамааралгүй, хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний талууд гэрээний үндсэн үүргийн биелэлтийг шаардах эрхэд хамаарах хуулийг хэрэглэснээс гадна шүүхийн шийдвэрийн бүтэц, агуулгад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4 118.5 дахь хэсгийн заалтад нийцэхгүй байна.

Хариуцагч Ж.Хишигжаргал давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэгч өөрөө санаачлага гаргаж худалдаж авсан...би энэ байрыг 2004 оноос хойш бусдаас худалдан авч эзэмшиж байсан шударга эзэмшигч...Б.Даштогтох нь зах зээлийн үнээс хамаагүй хямд үнээр худалдан авсан... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...: гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.