Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0069

 

 


“Э Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 732 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Э Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 732 дугаар шийдвэрээр:

“...Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.8-д заасныг тус тус үндэслэн “Э Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн даргад холбогдох “Э Ө” ХХК-ийн гүйцэтгэсэн Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлыг үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөв тусгагдсан дүнгээр /3,504,754,900 төгрөг/ санхүүжилт олгохоос татгалзсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд тусгагдсан дүнгээр олгуулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, гэрээ байгуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нямдорж давж заалдах гомдолдоо:

“...1. ЭХА-016/14 дугаар Б-У-Э 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6кв-ын дэд станц /сүхбаатар/ ХХҮI.1.33-ын ажлыг гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцож 2014 оны 05 дугаар сарын 01-нээс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэхээр заасан ч гэрээний хугацааг 2 удаа сунгаж цахилгаан дамжуулах агаарын шугам, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан талаар хэргийн оролцогчид үйл баримтад маргаагүй байна гэж дүгнэжээ.

Гэтэл хариуцагч талаас хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 2 удаа гэрээг сунгах хүсэлт гаргасан талаар маргадаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын бараа материал татан авалт, ажиллах хүчний зохион байгуулалт алдагдсанаар гэрээт ажил 2 удаа хойшлогдсон талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргаж нотолсон байдаг. Үүнийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №150 дугаар шийдвэрээр зөв дүгнэсэн байдаг. Уг асуудлаар нэхэмжлэгч тал өөрөө ч маргадаггүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндсэн маргаан болох гэрээт ажил хойшлогдсоноос үүсэх валютын зардал, ажиллах хүчний зардал, бараа материалын зардлыг нэхэмжилдэг. Гэтэл шүүх маргааны хамгийн гол үйл явц болох хэний буруугаас болж гэрээт ажил хойшлогдсон, удааширсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгчээс Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Н.Б-д захиалга өгч 11,484,054,900 төгрөг гэж тооцсоныг Эрчим хүчний хөгжлийн төв магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулан Эрчим хүчний яаманд хүргүүлсэн. Эрчим хүчний яамнаас в/300 тоот албан бичгээр Сангийн яаманд хүргүүлж, Сангийн ямнаас Улсын Их Хуралд хүргүүлж батлагдсан. Энэ нь Үндсэн хуулийн 1.2, 20, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.8-д зааснаар санхүүжилт олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна гэж дүгнэжээ. Үүнд дараах тайлбарыг гаргаж байна.

“Э Ө” ХХК тендерт анх орохдоо тэргүүлэх төсөвчин Н.Б-д захиалга өгч, төсөв хийлгэж, 2014 оны 04 дүгээр сард 8.4 тэрбум төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэх боломжтой болохоо илэрхийлж 75/2014 тоот албан бичгээр Эрчим хүчний яаманд хүргүүлж тендер ялж гэрээнд гарын үсэг зурсан. Харин 2016 оны 12 дугаар сард тэргүүлэх төсөвчин Б-д дахин захиалга өгч төсөв хийлгэсэн. Ингэхдээ анх 2014 онд хийлгэж байсан төсвийн хэмжээ өөрчлөлт оруулалгүй 2017 оны ханшинд тулгуурлаж дахин хийлгэсэн байдаг. Төсөвчин Б шүүхэд бичгээр болон биечлэн мэдүүлэхдээ: “Э Ө” ХХК-иас 1 ажилд 2 удаа төсөв хийлгэсэн. Эхнийх нь 2014 онд, дараагийнх нь 2016 оны 12 сард. Уг 2 ажил хэмжээ, тоо ширхэг яг ижил. Харин цаг хугацааны хувьд 3 жилийн зөрүүтэй. Нийт ажлын өртөг 2014 оных 8.4 тэрбум төгрөг бөгөөд ашгаа хасаж тооцсон. Харин 2016 оны 12 сарын төсөв нь ашиг, валют, бараа материал, ажиллах хүчний зардал өссөн дүнгээр 11.4 тэрбум төгрөг болсон. Надад ямар учраас дахин төсөв хийлгэж байгаа, цааш нь юунд ашиглах талаар огт мэдэгдээгүй гэсэн байдаг.

Илүү төлбөр гарсан магадлал хэрхэн хууль болсон талаар шүүх шинжлэн судалсан. Гэрч ЭХЭЗХ-ийн захирал Түмэнжаргалын мэдүүлэгт: Эрчим хүчний яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу төсвийг судалж үзэхээр материал нэхсэн боловч яаманд уг тендертэй холбоотой материал байхгүй байсан. Тиймээс тэргүүлэх төсөвчин Б-ийн гаргасан төсвөөр төсөөлж, төсөв гаргаж ЭХХТ-рүү хүргүүлсэн гэсэн байдаг. Мөн гэр н.Т /тендер сонгон шалгаруулах комиссын нарийн бичиг/, архивын эрхлэгч н.От нарын мэдүүлгээр маргаан бүхий тендерийн бичиг баримт байхгүй нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Тиймээс төсөв гаргасан Б-ийн 2017 оны 01 дүгээр сард гаргасан /3 жилийн дараа/ төслөөр харьцуулагдаж явсаар хууль болсон.

Үүнийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №150 дугаар шийдвэрээр зөв дүгнэсэн. Уг тендер хэдэн сарын хугацаанд гүйцэтгэх байсан, аль талын хүсэлтээр 2 удаа хойшлогдсон, төсөв яагаад 2 удаа хийгдсэн, хэрхэн хууль болсон зэргийг 732 дугаар шүүхийн шийдвэрээр огт үнэлээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүнээс хариуцагчид хандан: Танай яам энэ асуудлаар Авилгатай тэмцэх газарт хандсан уу ? гэсэн асуултаас өөр хууль зүйн талаас үнэлээгүй. Мөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 138 тоот техникийн комисс байгуулах тухай тушаал гарсан. Техникийн комисс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажиллаж шинээр баригдсан 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг 72 цагийн туршилтын хүчдэл дор залгаж дутуу ажлыг дуусгах талаар комиссын гишүүдийн зүгээс үүрэг даалгавар өгч ажилласан. Гишүүдийн өгсөн үүрэг даалгаврыг “Э Ө” ХХК нь гүйцэтгэж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ЭХХТ/138/04/2017 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт баталгаажсан. Гэтэл нэхэмжлэгч жилийн дараа буюу 2017 оны 12 дугаар сард дахин төсөв хийлгэхээр өгсөн нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч 8.9 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерт 2014.03.17-ны өдрийн 75/2014 тоо албан бичгээр 8.4 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэсэн үнийн санал ирүүлж ЭХА-016/14 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээний тусгай нөхцөлийн 44-т гэрээний үнийн дүнд тохируулга хийхгүй талаар талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. /Нэхэмжлэгчийн зүгээс ямар тохиолдолд гэрээний үнийн дүнд тохируулга хийх талаар шүүхийн явцад нотлоогүй/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.2-т “Хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно” 40.3-д “Худалдан авах гэрээнд энэ хуулийн 40.2-т зааснаас гадна дараах нөхцөлийг заавал тусгана”, 40.3.8-д “гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх нөхцөл аргачлал мөн”, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.8-д “батлагдсан төсөв, орон тооны дээд хязгаартаа багтаан яамны төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах” хэмээн тус тус хуульчилсан.

Мөн Эрчим хүчний Хөгжлийн Төвийн зүгээс Сүхбаатар аймгийн Б-У-Э-ны 35кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кВ-ын дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлыг байнгын ашилалтанд хүлээн авсан тул ЭХА-016/14 тоот гэрээг дүгнэж, эцсийн тооцоо хийх талаар 2019 оны 10 дугаар сарын 03-ны 2а/1304, 2019.10.23-ны 2а/1430, 2019.12.16-ны 1/1681, 2019 оны 12 дугаар сарын 23-ны 2а/1728 албан тоотуудыг хүргүүлсэн. Гэвч “Э Ө” ХХК-ийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 461/2019 албан тоотоор захиргааны хэргийн шүүхэд хандсан ба шүүхийн шийдвэрийн дагуу эцсийн тооцоо хийх тухай тайлбар ирүүлсэн. Тиймээс уг гэрээ дүгнэгдээгүй болно. Иймд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 732 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 732 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, дараах өөрчлөлт орууллаа.

Нэхэмжлэгч Э Ө” ХХК нь Б-У-Э-ны чиглэлийн 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 110/35/6 кв-ын дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрийг 2019 оны Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр буюу 3,504,754,900 төгрөгийн санхүүжилт олгохоос татгалзсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл болон нэмэлт төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсөвт тусгагдсан дүнгээр олгуулах тухай шийдвэр гаргаж, гэрээ байгуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Харин хариуцагч Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаас “... Э Ө” ХХК нь гүйцэтгэх ажлуудаа хугацаа хоцорч хийсэн..” буюу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэмэлт төлбөр гарсан тул санхүүжилт олгох боломжгүй хэмээн маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Э Ө” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЭХА-0614/14 тоот Баруун-Урт-Эрдэнэцагааны 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/б кв-ын дэд станцын өргөтгөл /Сүхбаатар/-ын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн ажлыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэж дуусган туршилтыг хүчдэлийг залгаж, 3 жилийн хугацаагаар ажиллуулсны эцэст 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 45/2019 дугаар “Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт”-ээр барилга байгууламжийг ашиглалтад гэрээнд заагдсаны дагуу оруулж хүлээлгэн өгсөн байна.

Мөн “Э Ө” ХХК нь 2017 оны 01 дүгээр сард Монгол Улсын тэргүүлэх төсөвчин Н.Б-д захиалга өгснөөр уг ажлын төсвийг 2017 онд мөрдөгдөж байгаа норм дүрэм, жишиг үнэд тулгуурлан дахин зохиож, төсөвт өртөг 11,484,054,900 төгрөг гэж тооцсоныг Эрчим хүчний хөгжлийн төв 2017 оны 170/2017 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан байна.

Ийнхүү “Э Ө” ХХК нь 2013 онд батлагдсан төсөвт өртгөөр уг ажлыг дуусгах боломжгүй, захиалагчаас олгосон санхүүжилт хүрээгүй тул магадлалын ерөнхий дүгнэлтээр гарсан төсвийн дагуу төсөвт өртгийг нэмэгдүүлэх хүсэлтээ Эрчим хүчний яаманд гаргасныг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн В/300 тоот албан бичгийг дээрх санхүүжилтын асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хүргүүлсэн байх бөгөөд Сангийн яамнаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 16 дугаар хэсгийн 1.1 дэх заалтаар Эрчим хүчний сайдын багцад “Э Ө” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Б-У-Э-ны 35 кв-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/б кв-ын дэд станцын өргөтгөл /Сүхбаатар/-ын ажлын нийт тооцоологдсон 11,484,054,900 төгрөгөөс нэмэгдэл зардал болох 3,504,800,000 төгрөгийг санхүүжилтаар олгохыг хуульчлан батлагдсан байна.

Анхан шатны шүүх “...Төрийн байгууллага, албан тушаалтан хуулийг биелүүлэх, хэрэгжүүлэх хууль дээдлэх, үүрэгтэй болохоос бус тухайн хууль хэрхэн батлагдсан болох, мөн хууль хууль ёсны эсэх талаар маргах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган санхүүжилт олгохоос татгалзсан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь хариуцагч нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д “Төрийн нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 9.6.8-д “батлагдсан төсөв, орон тооны дээд хязгаартаа багтаан яамны төсвийн хөрөнгийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах” гэж зааснаар энэ тохиолдолд батлагдсан төсвийг тогтоосон зориулалтын дагуу зарцуулах үүргийг хүлээсэн.

Харин нэгэнт “Э Ө” ХХК-ийн нэмэлт зардал төсвийг Эрчим хүчний хөгжлийн төв 2017 оны 170/2017 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулан 2019 оны Монгол Улсын Төсвийн тухай хуулиар олгохоор шийдвэрлэсэн байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн в/4142 дугаар албан бичгээр “.. гэрээний тусгай нөхцөлийн 44-д гэрээний үнэд тохируулга хийхгүй байхаар харилцан тохиролцсон байна...” гэх үндэслэлээр санхүүжилт олгохоос татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг зөрчсөн шийдвэр болсон ба нэхэмжлэгчид бодит гарсан зардалд нийт төсвийн санхүүжилтийн үлдэгдэл 420 сая төгрөгийг олгоно гэж хариуцагч маргаж байгаа нь учир дутагдалтай байна.

Гэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрт “Энх өглөө ХХК-ийн гүйцэтгэсэн дэд станцын барилга угсралтын ажлын үлдэгдэл болон нэмэлт зардлын төлбөрт санхүүжилт өгөхдөө 2019 оны төсөвт тусгагдсан үнийн дүнгээр биш харин талууд гэрээний дүнгээ харилцан дүгнэж, бодит гарсан зардлаар тооцож олгох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ.” гэж заасанчлан захиргааны гэрээг байгуулахад гэрээний талуудын эрх тэгш, бие даасан зарчмыг баримтлах шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд санхүүжилтийг хариуцагчаас төсвийн үлдэгдэл дүнд хязгаарлагдалгүйгээр яамны зохих төсвийн төсөлд тусгасны үндсэн дээр гарсан зардлыг нөхөн төлөх үүргийг хүлээнэ.

Үүнээс гадна 2019 онд хийгдсэн нэмэлт зардлын тооцоололд уг бүтээн байгуулалтын ажил нь 2 жил дараалан явагдаж цаг хугацааны болон ажлын үнийн дүнгийн зардал нэмэгдсэн болохыг харгалзан үзэж зохих журмын дагуу санхүүжилтыг бодитоор тооцож олгох нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 11 дүгээр сарын 05-ны өдрийн 732 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд тусгагдсан дүнгээр” гэснийг хасч “гэрээний үүргийг дүгнэж, нэмэгдсэн зардлын бодит үнийн дүнгээр тооцож олгуулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, гэрээ байгуулахыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

  ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

  ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН

  ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА