| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0071/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 67
2020 01 22 2020/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжин,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрхий мэргэн овогт Буниагийн Энхтүвшинг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909037971355 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн тариалан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, “Радиотор сервис” ХХК-д засварчин ажилтай, ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Э /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Соёл төвийн караокед хохирогч Г.Дулмаагийн “чи ямар дээрэлхүү юм бэ? дуугүй байгаач ээ” гэж хэлснээс болж хэрүүл маргаан үүсгэж хохирогч Г.Дулмааг түлхэж унагааж, босох гэж байхад нь толгойн тус газарт нь 1 удаа пивоны стаканаар цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт духанд шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…намайг хэл амаар доромжлоод байхаар нь хоёр гараас нь барьсан чинь миний нүүрэн тус газарт цохиод байхаар нь шилэн стакан аваад Дулмаагийн дух хэсэгт нэг удаа цохичихсон юм. Тэгсэн чинь миний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би караокены газраас гараад гадаа гарч хамрынхаа цусыг тогтоосон юм...” гэсэн мэдүүлэг /хх-6-7/,
Хохирогч Г.Дулмаагийн "...Би 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёл нэрийн караоке дотор нийтийн зааланд найз Түвшинтэй уулзах гээд хүлээгээд ширээн дээр нь сууж байсан юм. Хүлээж байхдаа нэг шилтэй пиво уугаад дуусчихсан. Дахин нэг шилтэй пиво захиалаад сууж байсан. Намайг ширээн дээрээ сууж байхад үл таних орчим 30 орчим настай, гаднах хувцсыг караоке дотор бүрэнхий байсан учир сайн харагдаагүй. Тэр үл таних залуу нь үл таних эмэгтэйг муу дуулж байна шүү дээ чи болиоч гэж орилоод байхаар нь чи ямар дээрэлхүү юм бэ дуугүй байгаач ээ гэж хэлсэн чинь үл тэр л таних залуу намайг тэнэг авгай минь чи муу эндээс гар гэж хэлээд над дээр ирээд сандал дээрээс босох гээд татаад байхаар нь би сандлаасаа босож ирээд нөгөө үл таних залуугийн хөл рүү хөлөөрөө өшиглөсөн юм тэгсэн чинь тэр залуу намайг газар түлхээд унгасан юм. .Би газраас босох гээд гараараа түшээд босох гэтэл тэр үл таних залуу нь пивоны стакан аваад миний дух хэсэгт нэг удаа цохиод авсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 13-17/,
Гэрч М.Батнасангийн "...хадам ээж Дулмаагийнд эхнэр Мөнх-Одтой байж байтал хадам ээж Дулмаа толгойгоо хагалсан, цус гарсан орж ирэхээр нь юу болсныг асуутал Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо Соёл төвийн караокед үйлчлүүлж байхад нь хамт үйлчлүүлж байсан эрэгтэй нь толгой руу пивоны шилээр цохисон гэж хэлсэн. Би хадам ээж Дулмаа, эхнэрийн хамт караоке руу такси барьж очсон. Оччихоод цагдаад дуудлага өгөөд караоке руу нь ороод хаалга талаасаа 3 дах ширээнд 2 эрэгтэй сууж байсан. Би ээжээс хэн цохьсныг асуухад хар өнгийн долгионтой халимаг үстэй, малгайтай цамц, саарал хантааз, хөх өнгийн жинсэн өмдтэй 25-30 орчим насны 175-180 см орчим өндөртэй эрэгтэйг заахаар нь би очоод нөгөө эрэгтэйгээс яагаад манай хадам ээжийг цохиж байгаа юм бэ гэж асуухад намайг хэл амаар доромжлоод байхаар нь чирч гаргасан гэж хэлсэн. Намайг очиход шил бол байгаагүй. Караокены хүмүүсээс асуухад хүмүүс зодолдоод шил хагалахын хувьд хагалсан бид нар цэвэрлэсэн гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 20/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11918 тоот актын “…Т.Дулмаагийн биед тархи доргилт духанд шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-28/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-46-47/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Соёл төвийн караокед хохирогч Г.Дулмаагийн “чи ямар дээрэлхүү юм бэ? дуугүй байгаач ээ” гэж хэлснээс болж хэрүүл маргаан үүсгэж хохирогч Г.Дулмааг түлхэж унгааж, босох гэж байхад нь толгойн тус газарт нь 1 удаа пивоны стаканаар цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт духанд шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Дулмаагийн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11918 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Б.Эгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Дулмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Г.Дулмаа нь өөрт учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардалд 167.500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Эгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгасан, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР