| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00558/И |
| Дугаар | 559 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 559
2016 оны 10 сарын 28 өдөр Дугаар 156/ШШ2016/00559
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00558/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 79 дүгээр байр 38 тоотод оршин суух, иргэн Мөнхбаатарын Анхбаатар /РД:УХ92061170/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч М.Анхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Г.Хосбаяртай эхнэрээрээ дамжуулан танилцсан бөгөөд Г.Хосбаяр нь танилцахдаа найзынх нь ах нь Боловсролын яаманд ажилладаг ямар ч асуудалгүй бүх сургуулийн диплом гаргаж өгнө, таньдаг мэддэг хүн байвал хэлээрэй, найз нь 3 000 000- 5 000 000 төгрөгийн хооронд гаргаад өгнө гэж хэлж байсан. Энэ хугацаанд энэ сургуулийн диплом гаргаж өглөө, тийм сургуулийн диплом гаргаж өглөө гэж удаа дараа хэлж байсан. Улмаар 2015 оны 10 сарын эхээр манай эхнэр тодорхой шалтгааны улмаас сургуульдаа суралцах боломжгүй болж сургуулиасаа чөлөө авч эмнэлгийн байгууллагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ хугацаанд цаг хугацаа их зарцуулах, сургуулиас завсардах гээд байсан тул Г.Хосбаярт учир шалтгаанаа хэлэн өөрийн эхнэрт диплом гаргуулахаар болсон. Г.Хосбаяр нь ямар ч асуудалгүй найз нь 2016 оны 6 сард дипломыг нь гаргаад өгнө гэж хэлэн найздаа яахав 2 200 000 төгрөгийг өгчих таньдаг мэддэг найз нөхөд юм чинь хямдхан гаргаад өгье гэж хэлэн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 11 сарын 16-ны өдөр 1 200 000 төгрөгийг тус тус нотариатаар баталгаажуулан бэлнээр өгсөн. Мөнгө өгсөн өдрөөс хойш 1 сард 2-3 удаа залгаж ярин Боловсролын яаманд байдаг ахтай ярьчихсан, диплом чинь асуудалгүй гарна гэж удаа дараа утсаар ярин хэлдэг байсан бөгөөд 2016 оны 5 сараас хойш залгахад утсаа авахгүй огт хариу өгдөггүй хэл чимээгүй болсон. Миний бие өөрийн биеэр Боловсролын яам болон тухайн сургуулиас очин лавлаж, ийм зүйл ямар ч боломжгүй болохыг саяхан мэдсэн. Иймд бусдыг хууран мэхэлж хууль зөрчсөн иргэн Г.Хосбаяраас 2 200 000 төгрөгийн холбогдох хууль дүрмийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Анхбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Г.Хосбаяраас 2 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Г.Хосбаяр нь дурдсан хаягтаа оршин суудаггүй болох нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд Г.Хосбаярыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүсч байна. Хаягийг нь тодруулсны дараа дахин шүүхэд хандана гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Анхбаатар нь хариуцагч Г.Хосбаярт холбогдуулан Хосбаяраас 2 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Г.Хосбаярыг эрэн сурвалжилж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргажээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Г.Хосбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байх ба тэрбээр оршин суугаа газраа өөрчилсөн, одоо хаана байгаа болох нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн мэдэгдэх хуудас, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №23060 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Мөнхбаатарын Анхбаатар /РД:УХ92061170/-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Ганбаатарын Хосбаяр /РД:ЛЮ91071015/-ыг эрэн сурвалжласугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ганбаатарын Хосбаяр /РД:ЛЮ91071015/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох, шүүхэд авчрах ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Хосбаярын талаарх баримтыг хуулбарлан, шийдвэрийн хамт Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Анхбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 50 150 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 20 050 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР