Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 00041

 

 

 

 

      

 

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Хохирогч М.Д, Ж.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бхолбогдох эрүүгийн 1938003230468 дугаартай хэргийг 2020 оны 01 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Намнангийн ар гэх газарт 00-88 ДАХ улсын дугаартай Тоёота “Кроун” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй.. эсвэл... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.Обиедээ гэмтэл авч нас барж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироож авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Намнангийн ар гэх газарт 00-88 ДАХ улсын дугаартай Тоёота “Кроун” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Ж.Оамь насыг хохироож автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938003230468 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...би жолоо барих үедээ хэсэгхэн зуурт үүрэглэж зүүрмэглэснээс болоод осол гаргасан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-14-р хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 15 дугаар хуудас/, 

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 23-24 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /ХХ-ийн 51-52-р хуудас/,

Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-р хуудас/,

Хохирогч М.Дмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...манай нөхөр Ж.ОСэлэнгэ аймгийн Номгон багт байх гэрээсээ 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нутгийн дүү Төмөрбаатар, Л.Б, Пүрэвдорж нарын хамт Хөвсгөл аймаг руу явж газар тариалангийн тракторын сэлбэг ачиж ирнэ гэж хэлээд гарсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө би ажил дээрээ байж байтал манай нөхөр Ж.Онь Л.Бийн жолоодож явсан суудлын жижиг машинд сууж яваад осолд орж нас барсан гэж байсан...Энэ хэргийг санамсар болгоомжгүй болсон мөн бид нар ах дүү шиг харьцаа холбоотой байсан хүмүүсийн хувьд миний зүгээс мөнгө төгрөг, гомдол санал гэхээсээ илүүтэй цаашдаа харьцаа холбоотой байж нэгэндээ тус дэмтэй яваасай гэж хүсэж байна...Цаашид нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн. Хохирол төлбөрийн тухайд замын зардал болон оршуулгын зардлыг цаг тухайд нь гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Нутгийн залуу Магнайбаяр над руу залгаад таны дүү Ж.ОХөвсгөл аймгийн Тариалан суманд аваарт орсон байна гэж хэлсэн. Би Сэлэнгэ аймгаас гараад Хөвсгөл аймгийн Тариалан суманд ирэхэд манай дүү Ж.Онас барчихсан байсан...Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлөгдсөн талаар эвлэрлийн гэрээ байгуулагдсан байгаа...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэгтэл Төмөрбаатар намайг сэрээгээд “хүүе манай хоёр уначихсан байна” гэж хэлээд машинаас гарсан. Би тэгэхэд нь хэдэн цаг болж байсныг хараагүй, гэгээ орсон байсан. Би араас нь гараад яваад очиход Л.Б Ж.Онарын машин замын ард талруу ороод ус зайлуулах сувгийн жалганы ирмэг дээр тэнхлэгээрээ тээгээд унасан байсан. Мөн машинтай гурван залуу ирсэн байсан бөгөөд Л.Бийг машинаас гаргаад газар хэвтүүлээд хуччихсан зогсож байсан. Харин Ж.Оах машины урд талын зорчигчийн суудал дээр сууж хэвтсэн суудал нь хойшоо налсан байдалтай байсан бөгөөд амьсгал хураасан байсан. ...Л.Б ахыг алчихлаа шүү дээ гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-38-р хуудас/,

Гэрч Б.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэгээд өглөө 08:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Намнангийн ар гэх газарт явж байхад зам дээр 3 залуу гар өргөж гүйгээд намайг зогсоосон. Тэгээд юу болсон талаар асуухад цуг явсан машин чинь унасан байна гэж хэлсэн. Би Пүрэвдоржийг сэрээгээд буугаад гүйгээд очиход 00-88 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын урд талруу онхолдож, тэнхлэгээрээ газарт тээсэн байдалтай зогсож байсан бөгөөд Л.Б машины гадна талд хэвтэж байсан. Харин Ж.Оах машины урд талын зорчигчийн суудал дээр дээшээ харж нас барчихсан эвгүй харагдаж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-40-р хуудас/,

Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 06 цаг өнгөрч байхад Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Хөвсгөл аймгийн Тариалан сум хоорондын замд явж байтал замын урд тал руу 00-88 ДАХ улсын дугаартай, хар өнгийн кровн-200 маркын суудлын автомашин осолдсон байхыг олж харсан. Би машинаа зогсоогоод буугаад очиход жолооч автомашины баруун хойд хаалгаар гарах гээд авраарай гэж орилж байсан. Би цуг явсан хүмүүстэйгээ хамжиж жолоочийг гаргаж газарт хэвтүүлээд юмаар хучсан. Жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан зорчигч нь суудал дээрээ хойшоо налж хэвтсэн байдалтай нас барсан байх шиг байхаар нь бид нар огт хүрээгүй...Тэгээд эмнэлэг болон цагдаагийн газарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 43-44-р хуудас/,

Гэрч Б.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 06 цаг өнгөрч байхад Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Хөвсгөл аймгийн Тариалан сум хоорондын замд явж байтал замын урд тал руу 00-88 ДАХ улсын дугаартай, хар өнгийн кровн-200 маркын суудлын автомашин осолдсон байхыг олж харсан. Машинаасаа буугаад очиход жолооч автомашины баруун хойд хаалгаар гарах гээд оролдож байсан. Жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан зорчигч нь суудал дээрээ хойшоо налж хэвтсэн байдалтай нас барсан байдалтай байсан. Бид жолоочийг арын хаалгаар нь гаргаж анхны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 45-46-р хуудас/,

Иргэний хариуцагч Ц.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 00-88 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Л.Бт өгч явуулсан...Би Л.Бээс машин тэргээ эвдэрсэн гэж ямар нэг зүйл нэхэмжлээгүй, миний зүгээс хохирогч талд тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн. Болж бүтэхээрээ туслаж дэмжий гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36-р хуудас/,

     Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай:

  1. Ж.Оцогцост гэмтэл учирсан байна.

      2. Амь хохирогч Ж.Оцогцост цээж хэвлий, тархины битүү гэмтэл болон баруун дунд чөмөг, баруун тавхай, зүүн шагайн үе хэсэгт ил хугарал, эрүүний баруун зүүн залаа хэсэгт далд хугарал, зулай, хамар, эрүүнд шарх битүү гэмтлүүд тогтоогдлоо.

      3. Дээрхи гэмтлүүд нь авто ослын улмаас хүний биеийн хүчнээс хэт давсан үйлчлэлээр тус тус үүсгэгджээ.

  1. Ж.Оцогцост учирсан гэмтэл нь үхэлд хүргэх хэмжээнд байна

     5. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхээс өмнө амь хохирогч Ж.Онь нас бараад ойролцоогоор 12 цаг өнгөрчээ.

        6. Шүүх химийн шинжилгээний хариу гараагүй байгаа тул Ж.Онь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

        7. Амь хохирогч Ж.Онь авто ослын улмаас цогцос цээж хэвлий, тархиндаа битүү гэмтэл авч цочмог цус алдалтын шокод орж нас баржээ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /ХХ-ийн 54-59-р хуудас/,

       Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 12 дугаартай: Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Намнангийн ар гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан 00-88 ДАХ  улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон” зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт /хх-ийн 71-72-р хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт,  биеийн зураг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт жолоочийн үнэмлэхний хуулбар, /ХХ-ийн 106-109, 117 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938003230468 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Намнангийн ар гэх газарт 00-88 ДАХ улсын дугаартай Тоёота “Кроун” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Ж.Оамь насыг хохироож автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-14 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 15 дугаар хуудас/, 

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 23-24 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 51-52-р хуудас/,

Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-р хуудас/,

Хохирогч М.Д, Ж.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Гэрч Э.П/ХХ-ийн 37-38-р хуудас/, гэрч Б.Т/ХХ-ийн 39-40-р хуудас/, иргэний хариуцагч Ц.А/35-36-р хуудас/, гэрч Б.Б/ХХ-ийн 43-44-р хуудас/, гэрч Б.А/ХХ-ийн 45-46-р  хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

     Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч                                           М.Батмөнхийн 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 54-55-р хуудас/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2019 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 12 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-72-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

     Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

     Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Л.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, автотээврийн төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Л.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон байх бөгөөд  хохирогч М.Д, Ж.Б нар нь шүүгдэгчийг хохирол төлсөн талаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 109-р хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1938003230468 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Л.Бийн №982391 дугаартай В,C,D,E,M ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, цус мэт улаан зүйлээр бохирлогдсон жолоочийн ослын дэрний даавууны хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Л.Бт хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1938003230468 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Б-ийн №982391 дугаартай В,C,D,E,M ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт, цус мэт улаан зүйлээр бохирлогдсон жолоочийн ослын дэрний даавууны хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгасугай.

6. Эрүүгийн 1938003230468 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР