Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 72

 

 2020        01          21                                  2020/ШЦТ/72

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

  шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, О.Билгүүнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханддорж овгийн Б.Г од холбогдох эрүүгийн 1911028881286 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ханддорж овгийн Б.Г , 1972 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, байгаль хамгаалагч, ойжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 18 дугаар байрны 57 тоотод оршин  суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Г  нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнтийн давааны постоор 31-82 УНХ улсын дугаартай “Тоёота пробокс” маркийн тээврийн хэрэгслээр ховор ургамлын жагсаалтад багтсан “Ягаан цээнэ /paeonig anomala Раll61771/” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хүүхдийн үсний найранд очихоор орон нутаг руу явсан. Маргааш нь намайг явах гэхэд эмчилгээний сайн ургамал байгаа гэхээр нь би тухайн ургамлыг авсан. Ховор ургамал гэдгийг нь тухайн үедээ мэдээгүй. Ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо төлсөн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/,

Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын хуулбар /хх 15/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 16/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...3 шуудай нийт 21.065 кг ховор төрлийн ягаан цээнэ...” /хх 17/,

Хохирогч Ц.Цолмонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ягаан цээнэ ургамал нь Монгол улсын байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад орсон тул ахуйн зориулалтаар түүж бэлтгэхийг хориглосон байдаг юм. Зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авч түүж бэлтгэхийг зөвшөөрдөг. ...Ягаан цээнэ ургамал нь эмийн ашигт ургамлын төрөлд багтдаг учир эмчилгээний зориулалтаар ашигладаг байж болзошгүй. ...Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны а-282 дугаар тушаалаар экологи эдийн засгийн үнэлгээг 1 кг тутамд 75 кг-аар тогтоосон байдаг тул ургамлын аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 21-22/,

Гэрч Г.Чойжил нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 сарын 01-ний өдрийн хугацаанд 2 цагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гүнтийн постод үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин тухайн өдрийн 15 цагийн орчимд зам дээр орж гарч байгаа тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээд байж байхад Гүнтээс хотын төв рүү орж ирж байсан 31-82 УНХ улсын дугаартай автомашиныг зогсоож шалгахад тухайн тухайн тээврийн хэрэгсэлд жолоочийн хамтаар 1 хүн мөн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн хамт явж байсан. Улмаар уг тээврийн хэрэгслийн багажийг шалгахад 3 шуудай Цээнийн ягаан цэцэг, хатаасан хэлбэртэй ачиж явсныг түр саатуулаад улмаар хамт ажиллаж байсан Мэргэжлийн хяналтын байцаагчийн хамтаар ямар төрлийн ургамал болох, мөн нэн ховор ургамлын жагсаалтад үзэхэд тухайн ургамал нь ховор ургамлын ангилалд хамаарч байсан тул тус нутаг дэвсгэрийг хариуцсан газар болох Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст энэ талаар дуудлага өгч уг тээврийн хэрэгсэл, ховор ургамлыг цагдаа нарт хүлээлгэн өгсөн...” гэх дүгнэлт /хх 25/,

Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...Уг ургамлын дээж нь манай оронд тархсан Цээнэтэн...овгийн Цээнэ...төрөлд багтах Ягаан цээнэ ...гэх зүйл ургамлын газар дээрх эрхтэн болох үрээ гөвсөн хонхорцог мөн. Энэ нь үрээ байгаль дээр үлдээж, хонхорцог нь хагдран унадаг тул байгальд хор хөнөөлгүй болно. Монгол Улсын Байгалийн ургамлын тухай /1995,2004/ хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно.

Уг зүйл ургамлын экологи-эдийн засгийн /БОАЖ-ын сайдын 2015-07-09-ны өдрийн А-282 тушаалын хавсралтаар/ одоогийн үнэлгээгээр 1 кг нь 75.000 төгрөг байна. Уг зүйл ургамлыг эмийн түүхий эдийн зориулалтаар ашигладаг болно...” гэх дүгнэлт /хх 32/,

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын  09-ний өдрийн А-282 дугаар Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай тушаалын хавсралт /хх 37-55/,

Шүүгдэгч Б.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу хүүхдийн даахь үргээх ёслолд оролцохоор явсан юм. ...Эрдэнэт хотын Хүлэг замын үүдэнд нэг залуутай таарч Цээнийн ягаан цэцэг нэртэй ургамал авсан юм. Тухайн ургамлыг өөртэй болон малдаа өгөх зорилгоор 1 шуудай тус бүрийг 40.000 төгрөг өөр худалдан авсан. Тэгээд орой 10 цаг өнгөрч байхад Хот руу гарсан. Тэгээд Гүнтийн давааны постны цагдаа намайг зогсоон шалгаж, улмаар автомашины тээшийг шалгаж, уг ургамлыг ховор төрлийн ургамал байж болзошгүй гэж хэлээд тус цагдаагийн хэлтсийн жижүүрийг дуудаж, улмаар цагдаагийн газарт болсон асуудлын талаар мэдүүлэг өгөөд, тухайн ургамлыг хураалгасан. ...Би үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 60-61/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 64/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 72/, шүүгдэгч Б.Г ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 78-88/, шүүгдэгч Б.Г ын хохирлын мөнгө төлсөн баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г  нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнтийн давааны постоор 31-82 УНХ улсын дугаартай “Тоёота пробокс” маркийн тээврийн хэрэгслээр ховор ургамлын жагсаалтанд багтсан “Ягаан цээнэ /paeonig anomala Раll61771/” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын хуулбар /хх 15/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 16/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “...3 шуудай нийт 21.065 кг ховор төрлийн ягаан цээнэ...” /хх 17/, хохирогч Ц.Цолмонбаатарын “...Ягаан цээнэ ургамал нь эмийн ашигт ургамлын төрөлд багтдаг учир эмчилгээний зориулалтаар ашигладаг байж болзошгүй. ...үнэлгээг 1 кг тутамд 75 кг-аар тогтоосон байдаг тул ургамлын аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 21-22/, гэрч Г.Чойжилын “...уг тээврийн хэрэгслийн багажийг шалгахад 3 шуудай Цээнийн ягаан цэцэг, хатаасан хэлбэртэй ачиж явсныг түр саатуулаад улмаар хамт ажиллаж байсан Мэргэжлийн хяналтын байцаагчийн хамтаар ямар төрлийн ургамал болох, мөн нэн ховор ургамлын жагсаалтад үзэхэд тухайн ургамал нь ховор ургамлын ангилалд хамаарч байсан...” гэх дүгнэлт /хх 25/, шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 32/, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын  09-ний өдрийн А-282 дугаар Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай тушаалын хавсралт /хх 37-55/, шүүгдэгч Б.Г ын “...нэг залуутай таарч Цээнийн ягаан цэцэг нэртэй ургамал авсан юм. Тухайн ургамлыг өөртэй болон малдаа өгөх зорилгоор 1 шуудай тус бүрийг 40.000 төгрөг өөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх 60-61/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1, 9 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Энэ гэмт хэргийг улмаас учирсан хохирол болох 1.579.875 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 3 шуудай буюу 21.065 кг “Ягаан цээнийн” ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгож, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг тус цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ханддорж овгийн Б.Г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 3 шуудай буюу 21.065 кг “Ягаан цээнийн” ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын орлого болгохыг тус цагдаагийн хэлтэст даалгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН