Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 78

 

 

2020        01          23                                   2020/ШЦТ/78

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Б.Ц   /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овгийн Б.Ц  т холбогдох эрүүгийн 1911015491282 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржгон овгийн Б.Ц  , 1969 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Нийтийн байрны 10-33 тоотод оршин суух,

Архангай аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 322 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 189/А дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар өмнөх шийтгэх тогтоолоос үлдсэн 1 жил 9 сар 19 хоногийг нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Ц   нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчдын 61-701 тоотод оршин суух А.Энхбатын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт нэвтэрч хохирогч А.Сарантуулын ТСЛ брэндийн 32 инчийн зурагт 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 179.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Ц   нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/,

Хохирогч А.Сарантуул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 2 дугаар сарын сүүлээр манайх Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 60-701 а тоот хашаандаа байшин барих гээд сулласан нэг гэрт манай ах болох А.Энхбат байдаг. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр би ахад хоол хүргэж өгөх гээд очиход манай ах болох Энхбат өөр нэг хүн болох Том Цогоо байсан. 2019 оны 5 дугаар сарын 25-ны өглөө үүрээр 05 цагийн орчим машин дуугарч манай ах ирсэн. Тэгээд цагийн дараа манайд орж ирээд зурагтаа асуусан. ...зурагтыг Цогоо гэгч манай ахын гэрээс хулгай хийгээд Мөнхтуяа гэх эмэгтэйд 50.000 төгрөгөөр зарсан байсан. Би өөрөө 50.000 төгрөгийг нь төлөөд авсан. Цогтбаяр манай гэрээс авч явсан зурагтын мөнгө 50.000 төгрөгийг бүрэн барагдуулсан...” мэдүүлэг /хх 16-19/,

Гэрч С.Баттөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би гэрт нь орж эд зүйлийг нь бүртгэж үзэхэд тэдний гэрээс 32  инчийн ТСЛ маркийн хар өнгийн зурагт... Энхбат ахын гэр онгорхой байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч П.Буянчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өчигдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 16-17 цагийн үед энэ хавьд өмнө нь амьдарч байсан Цогоо гэх залуу нь манай дэлгүүрт орж ирээд 32 инчийн зурагт авах уу гэхээр нь би авахгүй гэж хэлэхэд буцаад гараад явсан. Цогоо гэгч ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Гэрч А.Энхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би надтай хамт олон хоног цуг архи уусан Цогоог зурагт зарна гээд явж байгаа талаар сонссон тул сэжиглэж байна. Цогоо манай гэрийг онгорхой байдгийг мэддэг ба мөн өмнө нь орж гарч байдаг. Намайг Янжмаагийн гэрт хонодог шөнө Цогтоо манай гэрт ирээд намайг байхгүй болохоор зурагт аваад явсан байх...” гэх мэдүүлэг /хх 24-25/,

Гэрч Д.Мөнхтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 5 дугаар сарын 24-ний орой 20 цагийн үед найз Цогоо миний амьдарч байгаа Хуяг өвгөний гэрт орж ирээд зурагт авах уу гэж надаас асуусан. Яг одоо бэлэн мөнгөөр нь авна гэвэл 50.000 төгрөгөөр ав гэсэн тул би бэлэн 50.000 төгрөг Цогоо гэх залууд өгөөд 30 инчийн хар өнгийн зурагт авсан. Тэр өдөр Цогоо ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Дамно ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЧД-2-19-696 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...ТСЛ маркийн 32 инчийн зурагт 179.700 төгрөг...” гэх үнэлгээ /хх 82/,

Шүүгдэгч Б.Ц   нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 05 дугаар сарын 22-24 ний өдрүүдэд хуучин амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд амьдардаг Данх хочтой Энхбатын гэрт архи ууж хамт байсан юм. Би 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Энхбатын гэрийн ойролцоо амьдардаг Янжмаагийн гэрт танихгүй хүмүүстэй архи ууж байгаад тэдний гэрээс гарч Энхбатын гэрт очиход Энхбат гэртээ байхгүй байхаар нь 32 инчийн ЛСД хар өнгийн зурагтыг нь зурагтын мөлхөө тавилга дээрээс нь аваад орны бүтээлэг шиг юманд боож гэрээс нь авч гараад танил Хуягаа гэх өвгөнийд очоод тэдний эрт байсан Мөнхтуяа гэх эмэгтэйд 50.000 /тавин мянга/ төгрөгөөр зарсан, ...Энхбат байхгүй болохоор нь зурагтыг нь авч гараад бусдад 50.000 төгрөгөөр зарж тэр мөнгөөр нь дэлгүүрээс архи авч уугаад дуусгасан. Ер нь бол архи авч уух зорилгоор бусдын эд зүйлсийг хууль бусаар авсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 90-91/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/, шүүгдэгч Б.Ц  т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 76-78, 95-98/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц   нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчдын 61-701 тоотод оршин суух А.Энхбатын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт нэвтэрч хохирогч А.Сарантуулын ТСЛ брэндийн 32 инчийн зурагт 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 179.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/, хохирогч А.Сарантуулын “...Цогоо гэгч манай ахын гэрээс хулгай хийгээд Мөнхтуяа гэх эмэгтэйд 50.000 төгрөгөөр зарсан байсан. Би өөрөө 50.000 төгрөгийг нь төлөөд авсан. Цогтбаяр манай гэрээс авч явсан зурагтын мөнгө 50.000 төгрөгийг бүрэн барагдуулсан...” мэдүүлэг /хх 16-19/, гэрч С.Баттөрийн “...Би гэрт нь орж эд зүйлийг нь бүртгэж үзэхэд тэдний гэрээс 32  инчийн ТСЛ маркийн хар өнгийн зурагт... Энхбат ахын гэр онгорхой байсан. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 20-21/, гэрч П.Буянчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өчигдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 16-17 цагийн үед энэ хавьд өмнө нь амьдарч байсан Цогоо гэх залуу нь манай дэлгүүрт орж ирээд 32 инчийн зурагт авах уу гэхээр нь би авахгүй гэж хэлэхэд буцаад гараад явсан. Цогоо гэгч ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх 22-23/, гэрч А.Энхбатын “...Цогоо манай гэрийг онгорхой байдгийг мэддэг ба мөн өмнө нь орж гарч байдаг. Намайг Янжмаагийн гэрт хонодог шөнө Цогтоо манай гэрт ирээд намайг байхгүй болохоор зурагт аваад явсан байх...” гэх мэдүүлэг /хх 24-25/, гэрч Д.Мөнхтуяагийн “...одоо бэлэн мөнгөөр нь авна гэвэл 50.000 төгрөгөөр ав гэсэн тул би бэлэн 50.000 төгрөг Цогоо гэх залууд өгөөд 30 инчийн хар өнгийн зурагт авсан. Тэр өдөр Цогоо ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх 29-30/, дамно ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЧД-2-19-696 дугаар хөрөнгийн үнэлгээ /хх 82/, шүүгдэгч Б.Ц  ын “...Энхбат байхгүй болохоор нь зурагтыг нь авч гараад бусдад 50.000 төгрөгөөр зарж тэр мөнгөөр нь дэлгүүрээс архи авч уугаад дуусгасан. Ер нь бол архи авч уух зорилгоор бусдын эд зүйлсийг хууль бусаар авсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 90-91/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ц  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч С.Энхтуул нь “...ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Ц  т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц  т ял оногдуулахад гэмт хэргийг улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Ц  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овгийн Б.Ц  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Ц  т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц  т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Ц  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц  т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН