| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00551/И |
| Дугаар | 561 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 561
Хэргийн индекс 156/2016/00551/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Л.Лхагваа
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд нар оролцов.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр баг, Дэлгэрхаанд оршин суух, Хардал овогт Лүндэгсамбуугийн Лхагваагийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 30-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Лхагваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Л.Лхагваа миний бие 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд үхэрчнээр тасралтгүй 16 жил ажилласан юм. Өмч хувьчлалаар “Баясгалант” ХХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 жил малчнаар ажилласан. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтрүүдэд ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн. Иймд миний 1975 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд болон “Баясгалант” ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Л.Лхагваа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Лхагваа миний бие Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшиг” нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэрчнээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Баясгалант” ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан юм. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтрүүдэд ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн. Иймд миний 1975 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд болон “Баясгалант” ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хх-ийн 22 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Л.Лхагваа нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшиг” нэгдэлд үхэрчнээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд “Баясгалант” ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Лхагваагийн тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь ийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Л.Лхагваа нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч ЛД-56051011 регистрийн дугаартай, Хардал овогт Лүндэгсамбуугийн Лхагваа нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшиг” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч П.Энхтуяагийн: ... Би 1976 оноос 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшиг” нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм.... Л.Лхагваа бид хоёр нэг нутгийн хүмүүс учир түүний талаар сайн мэднэ.... намайг 1976 онд анх тус нэгдэлд ирж ажиллаж байхад Л.Лхагваа нь ажиллаж байсан бөгөөд 1990 оныг дуустал үхэрчнээр ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 26-27 тал)
2. Гэрч Л.Алтангэрэлийн: ... Би 1973 оноос 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан юм..... Л.Лхагваа нь 1975 оноос 1990 оны хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшиг” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан юм..... Тухайн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшиг” нэгдлийн даргаар Цэгмид гэж ажиллаж байсан.... Л.Лхагваа нь 1988 онд Аймгийн аврага малчин болж байсан. Яг хэдэн оныг нь сайн санахгүй байна улсын сайн малчин болж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 26-27 тал)
3.Хүсэлт гаргагч Л.Лхагваагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 4-9 тал)
4.Баярын бичиг, сайшаалын үнэмлэх, талархалын хуулбар (хх-ийн 11-17 тал)
3. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Хардал овогт Лүндэгсамбуугийн Лхагваа 1956 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, ЛД-56051011 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 14 тал)
4. Л.Лхагваагийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 1, 22 тал) зэрэг болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагч нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Баясгалант” ХХК-д малчнаар ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ЛД-56051011 регистрийн дугаартай, Хардал овогт Лүндэгсамбуугийн Лхагвааг 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшиг” нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Л.Лхагваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ