Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/02

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Гад холбогдох 1921008270406 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........................ өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан төвлөрүүлэлтийн монтёр мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн ............................ багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 166 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 хоногийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялын зарим хэсэг болох 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 7 жил 1 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 5 жил 10 сар 24 хоногийн хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 7 жил 10 сар 24 хоногийн хорих ялаар тогтоож, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 75 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 09 хоногийн хорих ялаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ................... овогт Г. /РД: ............../

Шүүгдэгч Г нь согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар баг Төмөр замын ажилчдын 10 дугаар байранд оршин суух Цын гэрт хохирогч Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зүүн гарын бугуйн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна“ гэв.

 

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Г уурлаж ямар ч байсан хутга гаргаж ирээд намайг хатгах гээд өөдөөс далайж цохисон бөгөөд миний хувьд зүүн гараараа хаахад түүний гарт байсан хутганы ир нь миний зүүн гарын бугалга орчимд зүссэн юм. ...Миний хувьд гаргах гомдол санал байхгүй. ...Г эмчилгээний зардал гэж миний ээж Алтанцэцэг бид хоёрт 1.000.000 төгрөг өгсөн, дахин нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 20-22, 23-24 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 734 тоот дүгнэлтэд:

 1.Эгийн биед зүүн гарын бугуйн 2 ширхэг шарх гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 41 тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 тал/

Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 14 тал/

Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 33 тал/

Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 34 тал/

Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 42 тал/

     Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Г нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Чулуунхороот сумын 3 дугаар баг Төмөр замын ажилчдын 10 дугаар байранд оршин суух Цын гэрт хохирогч Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зүүн гарын бугуйн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Э, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай тухай прокурорын тогтоол, анхны үзлэгийн тодорхойлолт,  Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 734 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

 

Шүүгдэгч Гад холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Шүүгдэгч Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.    

 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Эы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 см урттай хүрэн өнгийн хуванцар бариултай, төмөр цагаан хутга 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч Гын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............ овогт Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гыг 260 /хоёр зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гад оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Гад оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газрын цахилгаанчины туслахаар ажиллуулсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 см урттай хүрэн өнгийн хуванцар бариултай, төмөр цагаан хутга 1 ширхэгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Гын ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ