Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 223/МА2016/00007

 

Н.Отгонбаасангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сар 07-ны өдрийн 151/ШШ2016/00555 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н.Отгонбаасангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Бямбацогтод холбогдох

15.578.600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Ц.Бямбацогт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, Нарийн бичгийн дарга Б.Байгалмаа нар оролцов.

Н.Отгонбаасан анхан шатны шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл тайлбартаа: Миний бие нь Ц.Бямбацогттой жирийн танилын харилцаатай бөгөөд түүнтэй ярьж тохиролцсоны үндсэн дээр би түүнд модон торх зарахаар болсон ба 2013 оны 07 сарын 13-ны өдөр өдөр Хөвсгөлөөс 2 чиргүүлтэй машинаар 21 см-ийн диаметртэй бөөрөнхий мод 137 ширхэг, 3-ын банз 260 ширхэг буюу 5 метр, балк 10 ширхэгийг авчирсан.

Мөн торх бариулахаар 8 хүн хөлсөлж дагуулж ирсэн. Энэ хүмүүсийн ирэх очих зардлыг би төлж байсан. Уг нь Ц.Бямбацогт торх барьж дуустал тэр хүмүүсийн зардлыг хариуцахаар тохирсон юм. Ц.Бямбацогттой тохирсоны дагуу би бүх материалаа авчраад торхоо барьж эхэлсэн ба тэрээр тохирсон мөнгөө өгөхгүй байсан тул торхоо цаашид барих боломжгүй болсон. Сүүлд 5-ын банз нэмж авчирч өгч байсан. Тэгэхдээ би мөнгөө өг эсвэл модоо авъя хэмээн удаа дараа ярьсан боловч өөдөөс хэрүүл маргаан хийгээд байх юм.

 

 

Дээрх торхыг барихад үнэлгээгээр үнэлэгдсэн модны үнэ 15.880.000 төгрөг, чиргүүлтэй машин 2 удаа хөлсөлсөн унааны хөлс 6.000.000 төгрөг, сүүлд банз авчирч өгсөн маяти машины тээврийн хөлс 1.500.000 төгрөг, маяти машинаар зөөж авчирсан банзны үнэ 1.750.000 төгрөг, Хөвсгөл аймгаас авчирсан 8 ажилтаны унаа, хоол, цалинд 2.720.000, Итгэлт Эстимэнт үнэлгээний газрын үнэлгээний хөлс 150.000 төгрөг нийт 28.000.000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс өмнөх шүүх хуралдааны үеэр тооцоо бодоход 12.421.400 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар Ц.Бямбацогтоос авсан байх тул одоо үлдэгдэл 15.578.600 төгрөгийг Ц.Бямбацогтоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Хариуцагч Ц.Бямбацогт нь Н.Отгонбаасангаас анх 6х7 хэмжээтэй байшингийн энгийн торхыг 8 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 1 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Улмаар 2013 оны 07 сарын 13-ны өдөр гоёлын торх болгож хэмжээг нь 8х10 болгож, үнийг 15 сая төгрөг гэж тохиролцсон гэдэг.

Н.Отгонбаасан 8х10 хэмжээтэй байшингийн торх модыг 2 удаа, банз модыг 1 удаа тээвэрлэж ирээд Ц.Бямбацогтын хашаанд барьсан. Энэ торх нь Ц.Бямбацогтын эзэмшилд байгаа.

Ц.Бямбацогтоос торхны үнэ 15.880.000 төгрөг, торхыг 2 удаа тээвэрлэсэн зардал 6.000.000 төгрөг, банзны үнэ 1.750.000 төгрөг, банз ачиж ирсэн маяти машины хөлс 1.500.000 төгрөг, ажилчдын хоол, цалины үнэд 2.720.000 төгрөг, Итгэлт Эстимэйт ХХК-д төлсөн үнэ 150.000 төгрөг, нийт 28.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Хархорин сум дундын шүүх хуралдаан дээр тооцоо нийлж үзэхэд 12.421.400 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар Ц.Бямбацогтоос авсан байдаг.

Энэ өгсөн мөнгө болох 12.421.400 төгрөг дээр маргаан байхгүй. Одоо нэхэмжилж байгаа 15.578.600 төгрөг нь модон торхны үнэ юм. Энэ модон торхны үнийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Бямбацогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 13.500.000 төгрөгт байшингийн торх, барих хүмүүс хүмүүсийн цалин, хоол, унааны зардал бүгд багтана гэж тохирсон. Үүнийг Ж.Намжилсүрэн, Б.Элбэгманлай нарын мэдүүлгээрнотлогдно. Н.Отгонбаасан 3 удаа явахдаа 137 ширхэг банз, 80 хэдэн палк авчирсан. Үүнээс н.Туяа, н.Лхагва-Очир нарт 10 ширхэг палк, 140 банз авчирсан байдаг. 9 сарын сүүлээр авчирсан банзыг н.Хорлоо гэдэг айлынд буулгасан. Хойноос банз ирнэ гээд 2 хүнийг манайд 14 хоног байлгасан. Надаас 12.000.000 төгрөг авсаныхаа дараа дутуу барьсан торхоо 15 880 000 төгрөгөөр үнэлээд, бас дээрээс нь 15.000.000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна.

Хархорины шүүх дээр болсон шүүх хурал дээр Н.Отгонбаасанд 12 421400 төгрөг өгсөн. Манайд авчирсан, үнэлгээгээр тоологдсон торхнууд тоо ширхэгээр одоо бүгд байгаа. Нэмж төлөх төлбөр байхгүй, харин энэ торхыг нь буцааж өгөөд өгсөн мөнгөө бас дээр нь зээлсэн мөнгөний хүүгээ нэмж авмаар байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ц.Бямбацогтоос 2.578.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Отгонбаасанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 235.843 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Ц.Бямбацогтоос 56.208 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Отгонбаасанд олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч Н.Отгонбаасан шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ Ц.Бямбацогтод гоёлын торхийг 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр худалдсан, мөн уг худалдсан торхоо 2 удаа Хөвсгөлөөс ачиж авчирсан, мөн банз мод 1 удаа зөөж авчирсан нийт 3 удаа холоос зөөн тээвэрлэхтэй холбоотой зардлаа хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэ болно. Энэ маргааны үндэслэл болсон худалдан авах үйл баримттай зохигчдын хэн аль нь маргадаггүй, зөвхөн худалдсан үнийн дүн дээр маргадаг болно. Энэ талаар хэрэгт авагдсан хоёр талын гэрчүүдээс авсан мэдүүлгээр болон хэрэгт авагдсан өөр бусад нотлох баримтаар нотлогддог. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон хариуцагчийн хариу тайлбараар худалдах, худалдан авахтай холбоотой маргаан гэдэг нь нотлогдсон гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс уг маргааныг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ мэтээр дүгнэж шүүхийн шийдвэрээ гаргасан нь хуулийг үнэн зөв хэрэглэж чадсангүй гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. Анхан шатны шүүх нь Н.Отгонбаасан, Ц.Бямбацогт нар нь 2013 оны 6 сарын үед амаар тохиролцож Н.Отгонбаасан нь Хөвсгөлийн Мөрөн сумаас Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт байрлах Ц.Бямбацогтын өмчлөлд модон торхоор байшин барьж өгөх, Ц.Бямбацогт нь хөлс төлөхөөр харилцан тохиролцсоноор зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрхзүйн харилцаа үүссэн байна хэмээн дүгнэсэн байна. Шүүх нь энэхүү дүгнэлтэндээ үндэслэн нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор нотлох баримтаа цуглуулаагүй нь үүргээ биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талаас өөрийн худалдсан торх буюу мөн тээврийн зардлаа нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтаа өөрийн боломжит хэлбэрээр цуглуулж өгсөн байдаг бөгөөд хариуцагч талаас гаргаж өгч байгаа хариу тайлбар болон хариуцагч талаас асуулгасан гэрчүүдээс зөвхөн худалдсан үнийн талаар асуулгаад явж байсан зэргээр энэхүү харилцаа нь ажил гүйцэтгэх харилцаа биш гэдэг нь тодорхой байдаг. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангасан хэсэгтээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар модон торхны үнэ 13.500.000 төгрөг, тээврийн зардал 1.500.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэсэн үндсэн шаардлагыг хангаж чадаагүй шийдвэр болсон байна гэж үзэж гомдол гаргаж байгаа болно. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заагдсан ажил гүйцэтгэх гэрээний маргаан гэж үзсэн нь хуулийн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгосон эрх зүйн үндэслэлээ тодорхойлоогүй нь буруу байна.

Нэхэмжлэгч Отгонбаасан, Хариуцагч Бямбацогт нар нь байшингийн модон торх бэлдэц угсруулж авахаар тохиролцон, уг ажлыг гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байна. Нийт бөөрөнхий мод 137 ширхэг, 3-ын банз 260 ширхэг, 5 метрийн палк 10 ширхэгийг авч өгөлцсөнөө талууд хүлээн зөвшөөрдөг бөгөөд, гагцхүү материалын үнэ, түүнийг тээвэрлэсэн болон барьж босгоход гарсан зардлын талаар эс тохиролцон маргасан ба нэхэмжлэгч тал нь ажил гүйцэтгэсний зардлаа авсан, одоо зөвхөн торхны үнэ 15.578.000 төгрөг гаргуулна гэж шаарддаг бол хариуцагч Бямбацогт нь модон торх угсруулж авах ажлыг торхны үнэ, ажлын хөлс зэрэг бүгд ороод 13.500.000 төгрөгөөр тохирч бүх мөнгөө бүрэн төлсөн гэж маргажээ. Нэхэмжлэгч шаардлага болон үндэслэлээ нотолж чадаагүй байна. Мөн худалдах худалдан авах гэрээний маргаан болохоос ажил гүйцэтгэх гэрээний маргаан биш гэж маргаж байгаа ч хавтаст хэрэгт байгаа нэхэмжлэлээс үзэхэд торх зарсан, торх барих болсон, торхыг барихаар 8 хүн дагуулж ирсэн, торхыг барьж эхэлсэн, мөнгө өгөхгүй байснаас торх барих ажил зогссон гэж дурьдсанаас үзвэл худалддах, худалдан авах гэрээ бус, харин тодорхой бодит үр дүн бий болгох зорилгоор хийгдсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх... 343.3-д Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүхээс дээрхи заалтыг үндэслэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэстэй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор тогтов. Давж заалдах шатны шүүх маргаж буй зүйлийг торхны үнэ гэж үзээгүй боловч хариуцагчаас гаргуулсан 2.578.000 төгрөгийг хариуцагч давж заалдаагүй тул шүүх хөндлөнгийн байх зарчмаар шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хэвээр үлдээсэн болохыг дурьдаж байна.

Гомдол гаргагч талаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 223.000 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нэхэмжлэгч Н.Отгонбаасангийн нэхэмжлэлтэй, Ц.Бямбацогтод хариуцагдах 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 151/ШШ2016/00555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 223.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ш.ТӨМӨРБААТАР