Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 802

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй “татварын улсын байцаагч Ц.И, Т.Б нарын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210022545 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.И, Т.Б  нарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагч Т.Б, Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

“Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 1.6-д заасны дагуу Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.И, Т.Б нарын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210022545 тоот актыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 35 тоот тогтоолоор Татварын улсын байцаагчийн актын Тогтоох хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээсэн.

Дээрх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын бусад хэсгийг үл зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд дараах үндэслэлээр Татварын улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Тогтоох хэсгийн 1.1-д 30,865,429.6 төгрөгийн татвар ногдуулах орлогод нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байна. Манай компани 2015 онд 37,365,989.6 төгрөгийн татвар ногдох орлоготой ажилласан ч 1,803,953,942.5 төгрөгийн хасагдах зардалтай ажилласан. Хасагдах зардлыг тооцохдоо бульдозерын элэгдэлийн зардлыг 2009 оноос хойш тооцох байсан ч тооцолгүй байж байгаад 2015 онд нэг мөсөн тооцож хассан. Хэдийгээр нэг мөсөн хасалт хийсэн ч хэрвээ хуулийн дагуу 2015 онд ноогдох элэгдлийн зардлыг тооцож тухайн жилдээ хасалт хийвэл манай орлого болох 37,365,989.6 төгрөгөөс хасагдах зардал нь давах бөгөөд алдагдалтай гарч байгаа. Гэтэл элэгдлийн зардлыг өмнөх жилүүдэд тооцож хасаж байгаагүй ч тухайн 2015 онд хамаарах хэмжээг тооцолгүй бүхэлд нь илүү тооцож хасаж байгаагүй ч тухайн 2015 онд хамаарах хэмжээг тооцолгүй бүхэлд нь илүү тооцсон элэгдлийн зардал гэж үзэж хасагдах зардлыг бууруулан татвар, торгууль оногдуулсан нь буруу байна. 

2. Тогтоох хэсгийг 1.3-д “2015 онд Гэрээний дагуу өөрийн лицензтэй талбайг бусдад ашиглуулсны 89,160,300 төгрөгийн орлогод” нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байна. Гэтэл татварын байцаагч 2015 онд гэрээлэгч “Р р” ХХК болон “Ж Э Э М” ХХК-иудын хийгдсэн нөхөн сэргээлтийн зардлыг “Ж” ХХК-д орлого гэж үзэж татвар ногдуулсан. Гэтэл бодит байдал дээр бид нөхөн сэргээлт хийлгэх ажил гүйцэтгэх гэрээг дээрх компаниудтай байгуулсан бөгөөд нөхөн сэргээлтийн төлбөрт манай компанийн эфил, гаалийг угааж олсон орлогыг бүхэлд нь шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ бөгөөд төлбөрийг нь бид металлаар төлсөн. Иймд энэ нь орлого гэж үзэх боломжгүй юм.

3. Тогтоох хэсгийн 2-д нэмэгдсэн өртгийн албан татварын торгууль, алданги ногдуулсан. Энэхүү нэмэгдсэн өртгийн албан татварыг манай компани “Ж Э Э М” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар авлагаар шилжүүлж баталгаажуулахаар тохирсон ч тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар дээр татварын албатай маргаан үүсч, 2016 оны 5 сард “Ж Э Э М” ХХК-ийн талд шийдэгдэн нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг 2016 оны 08 дугаар сард хаагдсан. Энэ нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас бус татварын албанаас шалтгаалсан хоцролт юм.

4. Тогтоох хэсгийн 3-т нөхөн сэргээлтийн зардлын 89,160,300 төгрөгийг орлого хэмээн үзээд, борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж үзэн нөхөн татвар, торгууль, хүү ногдуулсан байна. Гэтэл дээрх нөхөн сэргээлт нь дээр дурьдсанчлан манай орлого биш, харин зардалд орно. Иймд манайх дээрх бусдаас авсан ажил үйлчилгээний дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үндэслэл байхгүй.

Иймд Татварын байцаагч нарын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210022545 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 “”Ж” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Актын Тогтоох хэсгийн 1.1: Өмнөх онуудад байгаагүй 1,622,877,935.6 төгрөгийн элэгдлийн зардлыг бөөн дүнгээр 2015 оны хасагдах зардалд тооцсоныг Аж ахуй, нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.1, 16.1, 21.2, 13.4-д заасан тухайн татварын жилд олсон орлогоос гарсан зардлыг хасч татвар ногдуулах, мөн татвар ногдох орлого олохтой холбоотой ашиглаагүй үндсэн хөрөнгөд элэгдэл тооцсон гэж үзэн хасч тооцоогүй. 

Актын тогтоох хэсгийн 1.3: Компани өөрийн эзэмшлийн МҮ-000400, МҮ-007741 олборлолт явуулсан тайлбайгаа “Р р” ХХК болон “Ж Э Э М” ХХК-д дахин ашиглуулахаар гэрээ байгуулсан. Гэрээнд байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг ашиглагч гаргахаар заасан байдаг. Өмнө уурхайн талбайг “Ж” ХХК өөрөө ашигласан тул дээрх 2 компанийн байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулсан 2015 оны 89,160, 300.0 төгрөгийг зардлыг орлого гэж үзэн татвар ногдуулсан. 

Актын тогтоох хэсгийн 1.4: 2013 оны дутуу тайлагнасан алтын үнийн дүнгийн хэмжээгээр тухайн оных нь алдагдлыг бууруулсан. Компани нь 2015 онд “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг шинэчлэн мэдүүлсэн учраас 2013 оны орлого, зардлын баримтыг шалгаагүй.

Актын тогтоох хэсгийн 2: Компани 2015 онд 20,646,648.90 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүйд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу 7,247,641.90 төгрөгийн торгууль, алданги ногдуулсан. Шалгалтын явцад “Ж Э Э М” ХХК-тай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын илүүг шилжүүлж тооцох тухай яригдаагүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.И, Т.Б нарт холбогдуулан гаргасан “Ж” ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.И, Т.Б нар “Ж” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210022545 дугаар актыг үйлджээ. 

Хариуцагч нар нь хяналт шалгалтаар “Ж” ХХК-д 35,191,472.6 төгрөгийн нөхөн татвар, 17,108,914.1 төгрөгийн торгууль, 11,704,329.9 төгрөгийн алданги, 26,748.1 төгрөгийн хүү, нийт 64,031,734.7 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр маргаан бүхий актыг гаргажээ.

Уг актыг эс зөвшөөрч “Ж” ХХК-ийн гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын  дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянан хэлэлцээд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тогтоолоороо нийт 2,281,883,422.30 төгрөгийн зөрчилд ногдуулсан 64,031,734.70 төгрөгийн төлбөр ногдуулсан актаас 142,731,395.50 төгрөгийн төгрөгийн зөрчилд ногдуулсан 25,691,651.20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож үлдэх 2,139,152,026.80 төгрөгийн зөрчилд ногдох 20,918,603.00 төгрөгийн нөхөн татвар, 12,826,972.30 төгрөгийн торгууль, 4,567,760.10 төгрөгийн алданги, 26,748.10 төгрөгийн хүү буюу нийт 38,340,083.50 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөлт оруулжээ.

Хэргийн оролцогчид нь татварын ногдуулалт, төлөлтийн үнийн дүнгийн тооцоололд маргаагүй бөгөөд маргаан бүхий актын хууль хэрэглээнд маргаж мэтгэлцээн явуулсан болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “татварын улсын байцаагч нар нь актаараа өмнөх онуудад хуримтлагдсан эксковаторын элэгдлийн зардлыг бөөн дүнгээр 2015 онд хасагдах зардал оруулж тооцсонд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан мөн компани нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа нөхөн сэргээлт хийлгэхээр “Р р” ХХК болон “Ж Э Э С” ХХК-д шилжүүлж, эдгээр компаниудын нөхөн сэргээлтэд зарцуулсан 89,160,300.00 төгрөгийг “Ж” ХХК-ийн орлого гэж үзсэнийг хууль бус гэж мэтгэлцсэн.

Шүүхээс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/10176 дугаар албан бичгээр “Ж” ХХК-д “...маргааны үйл баримттай холбоотой анхан шатны баримтууд болон нягтлан бодох бүртгэлийн тайлангууд шаардлагатай...” гэж шаардаж байсан бөгөөд нэхэмжлэгч өөрт байгаа хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай компаний 2015 оны нягтлан бодох бүртгэлийн тайланг гаргаж өгөөгүй тул шүүх хуралдаанд хариуцагч нараас хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий маргааны үйл баримтад хамааралтай “Ж” ХХК-ийн татварын байгууллагад цахимаар хүргүүлсэн 2015 оны жилийн эцсийн тайланг хэрэгт хавсаргаж нотлох баримтаар үнэлсэн болно.

Нэг. Суутган тооцуулж тайлагнасан маргааны талаар.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ”, 20.2-т “Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна” гэж заасны дагуу уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани нь тухайн жилд алдагдалтай татварын тайлан гаргасан тохиолдолд дараагийн 4-8 жилд дээрх алдагдлыг  суутган тооцох эрхтэй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 2009 оноос хойш “Ж” ХХК  өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан Комацу 375А-10, 375А-11 маркийн хоёр ширхэг булдозеруудын элэгдлийг жил бүр тооцон татварын байгууллагад тайлагнаж байгаагүй атлаа элэгдлийг 2015 онд нэгмөсөн 1,622,877,935.6 төгрөгөөр суутган тооцуулахаар тайлагнажээ.

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.7-д ““татварын тайлан” гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг”, 11 дүгээр зүйлийн 11.3.1-д “тайланг жилийн эцэст нэг удаа гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс”,  Аж ахуйн нэгжийн орлогын албан  татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараахь байдлаар байгуулна” гэж заасны дагуу “Ж” ХХК нь өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй машин, механизм, тоног төхөөрөмжийн элэгдлийг жил бүр тооцож татварт тайлагнах үүрэгтэй бөгөөд ийнхүү тайлагнаагүй атлаа машин, механизм, тоног төхөөрөмжийн 6 жилийн элэгдлийг бөөн дүнгээр нэг удаа тооцон  албан татвар ногдох орлогоос  суутган тооцох хуулийн зохицуулалт байхгүй болно.

 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох татварын байгууллагад цахимаар хүргүүлсэн “Ж” ХХК-ийн 2015 оны санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон түүний хавсралт зэргээс үзэхэд “Ж” ХХК нь 2015 онд 108,991,32.8 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг бараа материалын зардалд бичсэн, 65,584,123.0 төгрөгийн хөрөнгө данснаас хассан гарзыг үндсэн үйл ажиллагааны бус зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдох орлогыг бууруулсан болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 116 тоот тушаалын хавсралтаар  батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн  заавар”-р аж ахуйн нэгжийн үндсэн бус үйл ажиллагааны алдагдлыг “гарз” гэж ойлгодог байна. “Ж” ХХК-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2015 оны тайланд үндсэн бус үйл ажиллагааны зардал гэж тусгасан 65,584,123.0 төгрөг нь бодит байдал дээр хөрөнгө данснаас хассан гарз тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1 дэх хэсэгт заагдсан албан татвар ногдох хэсгээс хасч тооцох зардлуудад хамаарахгүй  болно.

Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т “Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана” гэж заасны дагуу дээрх маргаан бүхий суутгал нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдож байх ёстой. Шүүхээс анхан шатны баримтыг шүүхийн шаардсанаар нэхэмжлэгч компани гаргаж өгөөгүй бөгөөд “Ж” ХХК-ийн 2015 онд 108,991,32.8 төгрөгийг бараа материалын зардалд үндэслэлгүйгээр тайлагнасан гэж шүүхээс дүгнэлээ. 

Нөгөөтэйгүүр, шүүхийн шаардсанаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгч компани шүүхийг буруутгах үндэслэл болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Нөхөн сэргээлтийн зардалтай холбоотой маргааны талаар.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь  “Ж Э Э М” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Р р” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Тусгай зөвшөөрлийн талбайг дахин ашиглах, нөхөн сэргээлт хийх тухай гэрээ”-г тус тус байгуулж  2015 онд өөрийн эзэмшиж буй  ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нийт 89,160,300.00 төгрөгийн геологийн болон биологийн нөхөн сэргээлтийг  хийлгэсэн байна.

Энэхүү зардлыг татварын улсын байцаагч нар өмнө нь уурхайн талбайг “Ж” ХХК өөрөө ашигласан тул дээрх хоёр компаниас 2015 онд байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулсан 89,160,600.00 төгрөгийн зардал нь “Ж” ХХК-ийн татвар ногдох орлого гэж үзэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу зохих татваруудыг нөхөн төлүүлж, торгууль, алданги, хүүг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1.2-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах”, 39 дүгээр зүйлийн 39.1.4.4-т “энэ хуулийн 38.1.2-т заасан нөхөн сэргээх арга хэмжээ”, 39.3-т “Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна”, 45 дугаар зүйлийн 45.1.1-д “уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгох, байгаль орчныг нөхөн сэргээх талаар холбогдох арга хэмжээг бүрэн авах” гэж зааснаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь уурхайг ашиглаж дууссаны дараа байгаль орчныг нөхөн сэргээх үүргийг хүлээдэг байна. 

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.9-т “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасны дагуу зохицуулна”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай 9 дүгээр зүйлийн 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална” гэж зааснаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь нөхөн сэргээхтэй холбоотой зардлыг өөрөө бүрэн хариуцахаар хуульчилжээ.

Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно” гэж заасны дагуу “Ж” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан уурхайн талбайд “Ж Э Э М” ХХК болон “Р р” ХХК-иудын нөхөн сэргээлтэд зарцуулсан 89,160,600.00 төгрөгийн зардлыг “Ж” ХХК-ийн орлого гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210022545 дугаар актыг гаргахдаа 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг /2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/  үндэслэсэн бөгөөд маргааны үйл баримт нь 2015 оны татвар ногдуулалт, тайлагнах, төлөх, хянан шалгах ажиллагаатай холбоотой тул энэхүү хуулийг хэрэглэсэн нь зөв юм.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч “Ж” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасан татвар төлөгчийн хүлээсэн үүргийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Татварын ерөнхий хуулийн 4.1.7, 11 дүгээр зүйлийн 11.3.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн  12.1, 13 дугаар зүйлийн 13.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20,2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай 9 дүгээр зүйлийн 9.8, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4.4, 39.1.9, 39.3, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-ийн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар, татварын улсын байцаагч Ц.И, Т.Б нарт холбогдуулан гаргасан “татварын улсын байцаагч нарын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210022545 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ТӨМӨРБАТ