Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 000090

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Х.Д.д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2017/0191/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд: 

 

Прокурор                                                             Ц.Идэрмөнх

Цагаатгагдсан этгээд                            Х.Д

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч             Ж.Шинэжаргал

Хохирогч                                                              М.О

Нарийн бичгийн дарга                                                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаар цагаатгах тогтоолтой, Х. Д.д холбогдох, 201714000136 дугаартай, эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эх, хүүхэд дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогтой Х.Д

Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух П.Э-ийн гэрт хамтран амьдрагч Э.Ц-тай маргалдсаны улмаас цээжин тус газарт хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаар цагаатгах тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1.д зааснаар шүүгдэгч Б. овгийн Х.Д.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 

Шүүгдэгч Х.Д.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй суллаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2.т зааснаар хохирогч М.О-ийн нэхэмжилсэн 5,0 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэлгүй орхиж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2.т зааснаар 201714000136 тоот хэргийг Орхон аймгийн Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэд буцааж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар эд мөрийн баримт болох шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, саарал өнгийн шалны алчуур 1 ширхэг, яллагдагч Х.Д, гэрч П.Э нараас харьцуулах шинжилгээнд дээж болгон авсан үс, хумсны дээжүүд, жорлонгоос хураан авсан гэрээслэл гэх бичигтэй 1 хуудас дэвтрийн цаас, талийгаач Э.Ц-ийн өмсөж байсан хувцас болон гурвалжин захтай бугын зураг бүхий ногоон өнгийн ноосон цамц, хөндлөн судалтай саарал өнгийн дотуур өмд, хөх өнгийн жинсэн өмд, “Calvin Кlein” гэсэн бичигтэй дотоож, хөх цэнхэр өнгийн ноосон оймс 1 хос, хагас түрийтэй, үдээстэй хүрэн өнгийн гутал 1 хос, яллагдагч Х.Д.ийн өмсөж явсан хувцаснууд болох Адидас гэсэн бичигтэй саарал өнгийн ноосон өмд, цагаан өнгийн маралын хэсэг, хар өнгийн ноосон өмд, хөндлөн хөх, хар, цагаан өнгийн судалтай ноосон цамц, түрийтэй хар өнгийн гутал, ягаан цоохор өнгийн ноосон оймс нэг хос, гэрч П.Э-ын гэрчийн мэдүүлэг өгөх үеийн бичлэг хийсэн СД 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлэх,

 

Энэ хэрэгт бүтүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Д нь 153 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ:

 

Х.Д.д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

Гэрч П.Э-тын …Тэгээд би хэвтэж байсан чинь Д намайг дуудсан. өндийгөөд босоод ирсэн чинь Дайриймаа би шар өнгийн иштэй хутга аваад хатгачихсан шүү хүнд битгий хэлээрэй би айгаад байна, яах вэ яах вэ гээд байсан. ...Д намайг дуудаад ахаа босооч амьсгал хураачихлаа гээд байхаар нь өндийгөөд боссон чинь Д би шар иштэй хутга аваад хатгачихаад эргүүлээд хийчихлээ. Битгий хүнд хэлээрэй. Мэдэхгүйгээрээ байгаарай гэж хэлсэн.

 

...Шар өнгийн иштэй хутга гал тогооны шүүгээний баруун талын шургуулганд байсан юм. ...Д өөрөө л би шар өнгийн иштэй хутга аваад; хатгачихсан тэгээд буцаагаад хийсэн гэж хэлсэн шүү дээ Талийгаач юм хэлж чадахгүй айхавтар орилсон. Ай гээд орилсон. ...Тэр дуу гарах үед Д талийгаачийн хажууд нь байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19/ шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар дүгнэлт /хх-ийн 49-51/

 

1.Талийгаачийн биед цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрхний оройд баруун ховдлын урд ханыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын үзүүр, баруун хацар, баруун чихний омог, баруун чихний дор зөөлөн эдэд 10 тооны цус хуралт, хүзүү, цээжинд 7 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

2.Хатгагдаж зүсэгдсэн шарх болон шалбархай нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 7 удаагийн хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ, зөөлөн эдэд цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн цохих. цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. ...в.Талийгаачийн үхлийн шалтгаан нь цээжний зүүн талд цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг зүрхний оройд баруун ховдлын урд ханыг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус, зүрх чихэгдэлт, цээжний зүүн хөндий дэх цус хуралт болно … гэсэн 10 дугаар дүгнэлт,

 

Гэрч П.Э нь тайлбар, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг өгсний дараагаар нэг удаа гэрчээр мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд байгаа ба гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй буюу хэрэгт хамаарал бүхий шууд нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан.

 

Мөн гэрч П.Э-аас авсан мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж байгааг нотлох зорилгоор дуу дүрсний бичлэг хийж баримтжуулсан ба шүүх уг бичлэгийг шинжлэн судлаагүй атлаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Цагдаа нар намайг янз бүрээр айлгаж дарамталж зааж өгч мэдүүлэг авсан гэх мэдүүлгийг цагаатгах тогтоолын үндэслэл болгосон нь буруу байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудсанд байх гэрч П.Э-ын мэдүүлгийг ямар учраас үгүйсгэж байгаагаа дурьдаагүй буюу зөвхөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлгээ үгүйсгэсэн гэдгээр хязгаарлаж мөрдөн байцаалтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулагдаж, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг үнэлээгүй буюу шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт гаргасны дагуу оролцож буй гэр бүлийн хамаарал бүхий гэрчийн хувьд өгсөн мэдүүлгийг үнэлж шүүгдэгчийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.д заасныг зөрчсөн буюу дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Иймд Х.Д.аад холбогдох Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан..., шүүх хэргийг тал бүрээс нь нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн..., Хэрэгт авагдсан нотлох баримтаар Х.Д энэ хэргийг үйлдсэн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй.

 

Ийм учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Цагаатгагдсан этгээд Х.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би энэ хэргийг хийгээгүй..., анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн.., П.Э ах буруу мэдүүлэг өгсөнөөс би олон хоног хоригдсондоо гомдолтой байна.., шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Хохирогч М.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...надад ярих, хэлэх зүйл байхгүй... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Цагаатгах тогтоол эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн бөгөөд анхан шатны шүүх Х.Д-ийн үйлдлийг нотлогдохгүй байна гэсэн боловч ямар нотлох баримтыг үгүйсгэж байгаа, ямар нотлох баримтаар түүний үйлдэл тогтоогдохгүй байгаа талаар дүгнэлт хийгээгүй, мөн хэрэгт хавсаргаж ирүүлсэн нотлох баримтыг үнэлсэн эсэх нь тодорхой бус, хавтаст хэргийг прокурорт буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул цагаатгах тогтоолыг хчүнгүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Орхон аймгийн Прокурорын газраас Х.ийн Д.г 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух П.Э-ын гэрт хамтран амьдрагч Э.Ц-тай маргалдсаны улмаас цээжин тус газарт хутгалж санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1.д зааснаар Х.Д.д холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаад мөн хуулийн 34.19 дугаар зүйлийн 2.т зааснаар 201714000136 дугаартай эрүүгийн хэргийг аймгийн Прокуророор дамжуулан хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.         

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт ...мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн.., шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.., гэрч П.Э шүүхийн хэлэлцүүлэгийн үед мэдүүлэгээ үгүйсгэсэн..., мэдүүлгийг үнэлэх боломжгүй, зөрүүтэй.., бөгөөд Х.Д хохирогчийг алсан нь нотлогдохгүй байна... гэсэн дүгнэлт хийгээд ...Х.Д.д холбогдох хэрэг гэмт хэргийн шинжгүй... гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5., 36.9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна.Үүнд :

 

- Х.Д-ийн гэмт үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үйлдэл, эс үйлдэхүй байх эсхүл Х.Д дээрх хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй буюу үйлдээгүй байх шинжийн аль нь болох нь тодорхой бус, эсхүл хохирогчийг амиа хорлосон гэж үзэж Х.Д.г цагаатгасан бол энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй,

 

- хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг дээрх гэмт хэрэгт буруутгасан нотлох баримтыг үгүйсгэсэн баримтаа тодорхойлоогүй, ямар баримтыг үндэслэн цагаатгах болсон нь ойлгомжгүй, шүүх хуралдаан дээр гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг няцаасан үндэслэлээ заагаагүйгээс гадна гэрч П.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгийг “үнэлэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийснээс үзвэл ямар нотлох баримтыг үндэслэж цагаатгах тогтоол гарсан нь тогтоогдохгүй байна.

 

- Мөн хэрэгт нотлох баримтаар хураагдан ирсэн гэрч П.Э-ын мэдүүлэг өгөх үеийн бичлэг хийсэн 1 ширхэг СД ийг шүүх хуралдаан дээр үнэлсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна. Үнэлээгүй бол шалтгаанаа тодорхой дурдах, эсхүл нотлох баримтаас хасах эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.

 

Үүнээс үзвэл шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрөхгүй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчжээ.

 

Иймд улсын яллагчийн бичсэн .... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх... тухай эсэргүүцлийг хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6., 39.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б овогтой Х.Д.д холбогдох, 201714000136 дугаартай, 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3.Хэрэг анхан шатны шүүхэд очтол Х.Д.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭЦЭГМАА

 

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                         

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР