Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00779

 

Б.Пын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 153/ШШ2017/00527 дугаар шийдвэр,

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.П

          Хариуцагч: Б.Дд холбогдох

          35.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн     

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, хариуцагч Б.Д, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар хамтарч ажиллаж байсан бөгөөд 22 сая төгрөгийн асуудал гарснаас болоод цагдаагаар шалгуулсан. 2017-06-05-ны өдрийн 599 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. П.Пүрэв-Очироос Б.Дгийн данс руу 30 сая өгрөг шилжиж орсон бөгөөд 21.320.000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг нотолсон прокурорын тогтоол гарсан. Б.Дгийн хувьд С.Эрдэнэчимэгээр алт дайж явуулсан талаар албан ёсны баримт байхгүй. Б.П 2016-05-11-ний өдөр алт авсан болохоос, С.Эрдэнэчимэгээс алт аваагүй гэж хэлээд байгаа. 2016 оны 5 дугаар сард Б.Поос  Б.Д рүү шилжүүлсэн 30 сая төгрөгийн үлдэгдлийг нэхэмжлээд байгаа. Мөн 489.636.000 төгрөг Б.Дгийн данс руу орж байсан нь дансны хуулгаар нотлогдсон. Одоо үлдэгдэл 21.320.000 төгрөг байгаа....2015 оны 9 дүгээр сараас 2016-06-01-ний өдөр хүртэл тооцоо нийлээгүй бөгөөд үүнээс үүссэн маргаан байгаа. Би хэргээс 2016 оны 5 дугаар сард шилжүүлсэн 30 сая төгрөгийн баримтыг харж чадаагүй. Харин 2016-04-25-ны өдөр 30 сая төгрөг шилжүүлсэн баримт байна. Энэ шилжүүлсэн мөнгөнөөс 8сая төгрөгийн алтыг авсан бөгөөд 22 сая төгрөгийн үлдэгдэл болон хүү, алданги 13сая төгрөг нэхэмжлээд байгаа. Хариуцагч Б.Д 480сая төгрөг авснаас 459 сая төгрөгийг аваад тооцоо нийлсэн гэж ойлгож байна. Үлдэгдэл 21 сая төгрөг, хүү алданги нийт 35 сая төгрөгийг хариуцагч Б.Дгээс гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид нар олон жилийн итгэлцэл дээр хамтарч ажилласан. Миний данс руу хариуцагчаас мөнгө шилжиж орж байсан бөгөөд би алтаа явуулаад дараа нь мөнгөө авдаг байсан. 2016-04-24-ний өдөр Б.П руу алт явуулаад 30сая төгрөгийг над руу явуулсан. Тухайн асуудлын талаар удаа, дараа цагдаагаар шалгуулсан бөгөөд Б.Пыг прокурорын газар дээр тооцоогоо хийе гэхээр хийгээгүй явсан. Нэхэмжлэгч өөрөө бүрэн камержсан өрөөнд суудаг бөгөөд нэг ч удаа шалгуулж байгаагүй. Б.П миний данс руу мөнгө хийж байсан боловч 630 грамм алтны мөнгийг явуулаагүй. Нэхэмжлэгчийн дансны хуулгыг баримт гэж үзэж болохгүй. Би өөрөө хохироод явж байгаа бөгөөд 35 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сүүлийн 8 удаагийн алтны тооцоо нийлээгүй. Нэхэмжлэгчийн өрөөнд очоод тооцоо нийлэх гэхээр нийлээгүй. Уг нь камертай өрөө байсан. Би 2-3 удаа нэхэмжлэгчийн өрөөнд орсон. Мөн прокурор, цагдаа нарын хажууд тооцоо нийлэхийг хүссэн боловч тооцоо нийлээгүй гэжээ.

        Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 153/ШШ2017/00527 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан Б.Пын нэхэмжлэлтэй Б.Дд холбогдох 35 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Пын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 153/ШШ2017/00527 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан Б.Дгээс 22 сая төгрөг гаргуулан  Б.Пт олгож, нэхэмжлэлээс 13 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 267.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон...” өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч, түүний өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “..Б.П нь 2016-04-25-ны өдөр хариуцагчийн данс руу 30 сая  төгрөг шилжүүлсэн үйл баримттай талууд маргаагүй... Б.Д нь алт явуулсан гэх боловч  гэрч нь алт хүргэж өгсөн он сар, хэмжээг тодорхойлж чадаагүй...” гэж  22 сая төгрөгийг  гаргуулсан. Давж заалдах шатны шүүх нь шийдвэр гаргахдаа ИХШХШТХ-ийн  40 дүгээр зүйлд заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Б.П  нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 5 дугаар сард алт худалдан авахаар Б.Дд 30сая төгрөг шилжүүлсэн гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаан дээр  шаардлагыг тодруулахад “би хэргээс 2016 оны 5 дугаар сард мөнгө шилжүүлсэн баримт олж хараагүй. Харин 4 дүгээр сард явуулсан мөнгөний тооцоо байх” гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Мөн нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сард Б.Дгээс алт хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэмжээ нь бага байгаа гэдэг боловч хэдий хэмжээний алт хүлээн авснаа нотолж чадаагүй байдаг.  Маргаж буй үйл баримт нь 2016 оны 5 дугаар сард шилжүүлсэн мөнгө гэж байхад 2016 оны 4 дүгээр сард шилжүүлсэн мөнгөний баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн  нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн.  Давж заалдах шатны шүүх нь хариуцагчийг  баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Б.П нь “Б.Дд 2016 оны 5 дугаар сард 30сая төгрөг шилжүүлсэн гэсэн шаардлагаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад хэрэгт хамааралгүй баримтыг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Мөн зохигч нарын хооронд Иргэний хуулийн 243.1-д зааснаар “худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Учир нь Б.П, Б.Д нар олон жилийн хугацаанд алтны худалдаа эрхэлж ашиг олох зорилгоор хамтран ажиллаж байсан талаар зохигчид хэн аль нь тайлбарлаж, хүлээн зөвшөөрдөг. Энэ нь  байнгын шинжтэй, тасралтгүй үргэлжилж байсан учир Иргэний хуулийн 476.1-р хамтран ажиллаж байсан байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Б.П 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “...алт худалдан авах зорилгоор 30 сая төгрөг шилжүүлсэн боловч 8 сая төгрөгийн алт авсан...иймд үлдэх 22 сая төгрөгийг 13 сая төгрөгийн хүү, алдангийн хамт авна ...”  гэсэн үндэслэлээр Б.Дгээс 35,000,000 төгрөг шаарджээ. /хх 1/ Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн /хх 42/ байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... талууд алт худалдах-худалдан авах чиглэлээр хамтран ажиллаж байсан нь тогтоогдож байх хэдий ч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь тодорхойгүй байна...” гэсэн дүгнэлт хийжээ.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Хэрэгт буй баримтаар талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, үүссэн бол ямар гэрээний харилцаа үүссэн талаар зохигч тал үндэслэл бүхий тайлбар өгөөгүй байх тул хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243, 476 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарласан гэж үзнэ.

       Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, уг гэрээний зүйл нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “...хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна...” гэсэн шаардлагад нийцэж байгаа эсэх талаар талууд мэтгэлцээгүй, шүүх дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 153/ШШ2017/00527 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 267.950 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ