| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00519/И |
| Дугаар | 562 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00519/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн оролцов.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт оршин суух, Боржгин овогт Дашдондогийн Төрхуягийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 09-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Төрхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Төрхуяг миний бие 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн “Сүмбэр” бригадад, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” компанид малчнаар тус тус ажилласан юм. Миний бие өндөр настны тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, тамга тэмдэг байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн юм. Иймд 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн “Сүмбэр” бригадад, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч Д.Төрхуяг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хөдөө мал малладаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 25 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Төрхуяг нь 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12
дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн “Сүмбэр” бригадад, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Төрхуяг нь тэтгэвэрт орохоор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, тамга тэмдэггүй байх тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхэд хандах хэрэгтэй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.Төрхуяг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СД-64091201 регистрийн дугаартай, Боржгин овогт Дашдондогийн Төрхуяг нь 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн “Сүмбэр” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Н.Сүхмөнхийн: ...Би 1980 оноос 1993 оныг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм... Д.Төрхуяг нь 1980 оны 09 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн “Сүмбэр” бригадад малчнаар ажиллаж байсан... Тухайн үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн “Сүмбэр” бригадын даргаар Шагдарсүрэн гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 21-22 тал)
2.Гэрч У.Мөнгөнцэцэгийн: ... Би 1980 оноос 1985 оныг хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдэлд сахиулаар ажиллаж байсан юм... Д.Төрхуяг нь 1980 оны 09 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн “Сүмбэр” бригадад малчнаар ажиллаж байсан... Тухайн үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн “Сүмбэр” бригадын даргаар Шагдарсүрэн гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 24-25 тал)
3. Хэнтий аймгийн архивын тасгаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн “Сүмбэр” бригад малчнаар ажиллаж байсан Дашдондог /Лувсан/ овогтой Төрхуягийг 1983 оны 08 дугаар сараас 1993 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 6 тал)
4. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн даргын 61 дугаартай тушаалын хуулбарт:... Лувсан овогтой Төрхуягийг ажилд томилсон тушаалыг нөхөн гаргасан тооцсугай гэжээ. (хх-ийн 8 тал)
5. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн даргын 141 дугаартай тушаалын хуулбарт:... Сүмбэр бригадын хавсралтанд дурьдсан нэр бүхий малчдыг ажлаас чөлөөлсүгэй.... Малчдын ажилласан хугацааны цалин хөлсийг тооцож олгохыг санхүүд зөвшөөрсүгэй.... хавсралтын 9 дүгээрт Д.Төрхуяг гэжээ. (хх-ийн 9 тал)
6. Хүсэлт гаргагч Д.Төрхуягыг хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Дашдондогийн Төрхуягийг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн “Сүмбэр” бригадад 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс “Сүмбэр” бригадад малчнаар томилов гэжээ.. (хх-ийн 14 тал)
7. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржгин овогт Дашдондогийн Төрхуяг 1964 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, СД-64091201 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 4 тал)
8. Д.Төрхуягийн шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 1, 17 тал) зэрэг болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагч нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 03 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” компанид малчнаар ажиллаж байсан болох нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Хүсэлт гаргагч Д.Төрхуяг нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 25 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СД-64091201 регистрийн дугаартай, Боржгин овогт Дашдондогийн Төрхуягийг 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдлийн “Сүмбэр” бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Төрхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ