Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/19

 

  2020         01          10                                                  2020/ШЦТ/19

                                               

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Жт холбогдох 1921008460012 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1955 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний бага эмч, санхүүч мэргэжилтэй, .................. ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 30-48 тоотод оршин суух, 2009 онд Алтангадас одон, 2019 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, ******* овогт Ж. /РД: ............./

Шүүгдэгч Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 30-48 тоотод байх гэртээ хадам ээж А руу бие засдаг төмөр суултуурыг өшиглөсний улмаас толгойн тус газар нь онож тархи доргилт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэв.

 

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд хүргэн Ж согтуу орж ирээд эхнэр Эрдэнэцэцэгээс хоол хийсэн үү гээд маргалдаж эхэлсэн. Удалгүй миний өрөө рүү орж ирээд надад хандаж “чи надад охиноо өгөөгүй, одоо өгөх үү, хэрэв өгөх бол гарын үсэг зур боол минь” гэх мэтээр хэл амаар доромжилхоор нь би урдаас нь би юм хэлээгүй. Тэгтэл гэнэтхэн миний бие засдаг суултуурыг сандалтай хамт өшиглөөд савтай шээс нь миний толгойг онож асгараад суултуурын сандал нь миний баруун зүүн бугалга орчимд цохисон. Тэр үед би охин ******* нөгөө өрөөнөөс дуудаж орилоод хүүхдүүдээ дуудуулж Жынхаас явсан. ...Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, зодуулсандаа гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 11-12 тал/

 

Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд ... гэртээ өөрийн төрсөн ээж Аын хамт байж байхад гаднаас манай нөхөр Ж нь согтуу орж ирээд над руу хоол хийсэн үү гэхээр нь би хоол хийгээгүй байна гэсэн. ...гэтэл гэнэтхэн л ээж хөөш намайг аллаа гээд бахирхаар нь харсан чинь ээжийн толгой, хувцас хунар, бие нь тэр чигээрээ шээс болчихсон байсан. ...Суултуурыг нь сандалтай нь хамт манай нөхөр Ж өшиглөсөн байсан. Суултуур нь ээжийн толгойг оносон болохоор толгой нь тэр чигээрээ шээс болчихсон байсан. Тухайн үед суултуур нь сандлаасаа салж суултуурын модон таг зэрэг нь бүгд салчихсан энд тэнд байсан. ...тухайн үед ээжийн биеийг харахад баруун зүүн бугалга нь хөхөрчихсөн байсан...” гэжээ. /хх-ийн 19-20 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 755 тоот дүгнэлтэд:

1.Аын биед тархи доргилт, баруун зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27 тал/

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-31 тал/

Жын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 30-48 тоотод байх гэртээ хохирогч А руу бие засдаг төмөр суултуурыг өшиглөсний улмаас толгойн тус газар нь онож тархи доргилт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч А, гэрч Ж.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 755 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

  

Шүүгдэгч Жт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.    

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Жын ....................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Жыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Жын ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ