| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0016/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/29 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 25.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч М.Б-ь нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-ьт холбогдох эрүүгийн 1938007720459 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, М.Б-ь,
Шүүгдэгч М.Б-ь нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд хууль бусаар бэлтгэсэн, гарал үүслийн бичиггүй 1.6 метр куб мод тээвэрлэж ойн санд 96.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Би энэ хэрэгт Хөвсгөл аймгийн 2 Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын даргын томилсны дагуу хохирогчоор оролцож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/
Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хүү М.Б-ь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Бүрэнтогтох сумын 3 дугаар багт байх манай өвөлжөөний гадна хураалттай байсан модыг надад ачиж Мөрөн сум руу ирж яваад цагдаад саатуулагдсан...Тэр модыг түлшиндээ хэрэглэх гэж манай хүү М.Б-ь 2019 оны намар манай өвөлжөөний амны эхэнд байдаг модноос бэлтгэж хураасан байсан...Манайх мод бэлтгэх эрхийн бичиг 2018 оны сүүлээр авсан санагдаж байна. Ямар ч байсан өрхийн гоожин /мод бэлтгэх эрхийн бичиг/ гээд нэг бичиг өгч байсан. Тэр өрхийн гоожингоо одоо хаана байгаа талаар би мэдэхгүй байна. Миний санахад өрхийн гоожин гэдэг нь мод бэлтгэх эрхийн бичиг гэж ойлгож байгаа. М.Б-ь өөрөө мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/
Гэрч Б.Бат-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-р багт байрлах Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны урд - улсын дугаартай, киа Пронтиер маркын хөх өнгийн тээврийн хэрэгслээр мод ачиж явсныг илрүүлэн шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүй байсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Б-ь гэх хүнээс мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ байгаа эсэхийг нь асууж тодруулахад ямар нэгэн бичиг баримт байхгүй. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугааар багаас хоёр сарын өмнө бэлтгээд, одоо ачиж авч байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд би хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжтэй байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/
Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 82-39 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2019 оны 7 дугаар сарын үед М.Б-ь гэдэг эхнэрийнхээ төрлийн залууд зарсан. Би М.Б-ьд машинаа 11.900.000 төгрөгөөр зарсан юм. М.Б-ь надад машины мөнгийг Өмнөговь аймагт ажил хийж байгаад ирээд өгье гэж байсан. Би машиныхаа мөнгийг аваагүй байгаа. Тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн нэр дээр байдаг нь үнэн. Уг тээврийн хэрэгслийг М.Б-ь мод ачиж яваад журмын хашаанд оруулсан гэж байсан...Би тээврийн хэрэгслээ буцааж авах саналтай байна. М.Б-ь надад мөнгөө өгч чадахгүй болсон тул машинаа ирж аваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/11 дугаартай: “...Иргэн М.Б-ийн бэлтгэсэн модны экологийн эдийн засгийн үнэлгээ 96.000 төгрөг болсон. М.Б-ийн бэлтгэсэн модонд “ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2009 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн 394 дугаартай тушаалын 1 дүгээр хавсаралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон...” гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал/
Шүүгдэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Тээлийн гол гэх газраас гэрийнхээ гаднаас өөрийн эзэмшлийн Бонго пронтер маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслээр түлшний мод тээвэрлэж Хөвсгөл аймгийн Мөрөн сум орох гэж яваад Мөрөн сумын 13 дугаар багт цагдаагийн албан хаагчид саатуулагдсан...Би гарал үүслийн бичиг, эрхийн бичиг авч мод бэлтгэх тээвэрлэх журамтай гэдгийг мэднэ. Гэхдээ энэ удаад цаг зав болоогүй байсан учраас гарал үүслийн бичиг авалгүй модоо тээвэрлэж явсан...Би мод бэлтгэхдээ ганцаараа явсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-6-р тал/ Хөрөнгийн үнэлгээний тайлан /28-30-р тал/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 13-14-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 51-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Б-ь нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд хууль бусаар бэлтгэсэн, гарал үүслийн бичиггүй 1.6 метр куб шинэс мод тээвэрлэж ойн санд 96.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, гэрч Б.-н /хх-ийн 14-р тал/, гэрч Д.Б-в /хх-ийн 13-р тал/, гэрч Ж.Б- /хх-ийн 17-р тал/ нарын мэлүүлэг, Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/11 дугаартай: “...Иргэн М.Б-ийн бэлтгэсэн модны экологийн эдийн засгийн үнэлгээ 96.000 төгрөг болсон. М.Б-ийн бэлтгэсэн модонд “ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 394 4 дугаартай тушаалын 1 дүгээр хавсаралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон...” гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгчийн гэмт үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.Б-ийн гэм буруутай үйлдлээс ойн экологи-эдийн засагт 96.000 төгрөгийн хохирол учирсан ба Монгол Улсын Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Шүүгдэгч нь экологи-эдийн засгийн хохиролд 96.000x3= 288.000 төгрөгийг төлж барагдуулсан тухай Төрийн банкны 2019.12.23-ны өдрийн орлогын мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б-ь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч М.Б-ь нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Б-ьд Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн Хөвсгөл аймаг дахь Тээврийн хэрэгслийн түр саатуулах байранд хадгалагдаж байгаа 1.6 метр куб хэмжээний 17 ширхэг хуурай шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Хөвсгөл аймаг дахь Тээврийн хэрэгслийн түр саатуулах байранд хадгалагдаж байгаа 1.6 метр куб хэмжээний хуурай шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1938007720459 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР