Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2015/1008/З |
Дугаар | 822 |
Огноо | 2017-11-08 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 822
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, “М” ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлтэй “нийслэлийн Засаг даргын 2012 оны А/40 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийн барилгын давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК, “Э” ХХК-иуд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
““М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд явагдаж байхад буюу 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцах явцад нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дугаартай захирамжаар “М” ХХК-д 5650 м2, 2187 м2, 7997 м2 (нийт 15834 м2 гурван нэгж талбар) газрыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг мэдсэн ба энэхүү эзэмшил газартай хамааралтайгаар 7997 м2 газрыг “М” ХХК-ийн эзэмшигчээр тогтоож, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхийг “М” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага ердийн шүүхэд гаргасан юм.
Нэхэмжлэгч нарын хувьд дээр дурдсан газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг судлах явцад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 дүгээр дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02-02/2990 дүгээр албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт арга хэмжээ авахуулахаар удаа дараа хандсан ч орон нутгийн захиргааны байгууллагаас тодорхой арга хэмжээ авалгүй өдий хүрчээ.
Дээр дурдсан 7997 м2 газар эзэмших эрхийг улсын байцаагчийн дүгнэлт болон холбогдох албан бичигт хууль бусаар олгосон талаар дурдсан, холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж олгосон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна.
Хэдийгээр дээрх маргаан бүхий 7997 м2 хэмжээтэй газрын (хавсралтад 7827 м2 гэж тусгасан) тодорхой хэсэгт нэхэмжлэгч нарын барьсан гэх үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор “М” ХХК-иас газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэхүү газрыг “М” ХХК-д олгохгүй байсан, ингэж олгосноор нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол шууд хөндөгдөж байгаа тул нийслэлийн Засаг даргын 2012 оны А/40 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дугаартай захирамжаар “М” ХХК-д 5650 м.кв, 2187 м.кв, 7997 м.кв талбай бүхий нийт 15834 мкв 3 нэгж талбар газрыг 5 жилийн хугацаатайгаар, үйлдвэрлэлийн зориулалттайгаар эзэмшүүлэхээр олгосон. Энэ захирамжийн хавсралтад 3 дахь нэгж талбар бүхий 7997 м.кв газар нь 7827 м.кв гэж хэмжээний хувьд зөрүүтэй байна. Тухайн газар нь хууль зөрчиж олгогдсон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад шинжээчийн дүгнэлтээр “М” ХХК-ны барьсан барилгатай 1529 м.кв газрын хэмжээгээр, “Э” ХХК-ийн хувьд 170,32 м.кв газрын хэмжээгээр давхцаж байна гэсэн дүгнэлт гаргасан. Нэмж олгосон гэх 7997 м.кв талбай бүхий газарт энэ асуудал яригдаж байгаа.
Тухайн газарт шүүхээс үзлэг хийсэн. Маргаан бүхий газар нь дунд голын хөвөө буюу бидний нэрлэж заншснаар Говь комбинатын баруун хойд хэсэгт байрладаг бөгөөд төв дулааны шугам явж байгаа. Дулааны шугам нь үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “А” ХХК-ийн Н үйлдвэрийг дулаанаар хангадаг. Голын далан болон гол нь 7997 мкв талбайд бүхэлдээ багтсан. Бид энэ хэсгийг хүчингүй болгуулах хүсэлттэй байгаа” гэв.
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Нэхэмжлэгч нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар “М” ХХК-д эзэмшүүлсэн 3 нэгж талбар бүхий газраас нэгж талбарын 1863930******* дугаар бүхий 7997 м2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 02-04-129/1459 дүгээр дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн байцаагчийн газрын 2015 оны 02-02/2990 дүгээр албан бичгийн дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрыг холбогдох арга хэмжээ аваагүй, дүгнэлтээр маргаж буй газрыг холбогдох хууль тогтоомжийг зөрчин олгосон нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тайлбарлаж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлэх бөгөөд уг заалтад заасан нөхцөлийг хангахын тулд “захиргааны хууль бус актын улмаас” нэхэмжлэгчийн “хууль ёсны эрх, ашиг сонирхол” хөндөгдсөн байхыг шаарддаг.
Улсын байцаагчийн дүгнэлтэд “М” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг болон бусад журмуудын холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон боловч нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн талаар дүгнээгүй байна.
Мөн тухайн улсын байцаагчийн дүгнэлтэд нэхэмжлэгч “М” ХХК нь барилга барихдаа өөрийн эзэмшлийн газраас 1837 м2 хэмжээгээр хэтрүүлэн “М” ХХК-д эзэмшүүлсэн газарт оруулан барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь (Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх) заалтыг зөрчсөн болохыг тогтоосон байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тохиолдолд захиргааны акт холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх, захиргааны актыг хүчингүй болгох, өөрчлөх асуудал нь захиргааны дотоодод шийдэх асуудал бөгөөд бусдын эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр барилга барьснаар “зөрчигдөж байгаа” гэх нэхэмжлэгчийн шаардсанаар тухайн захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нийслэлийн Засаг даргын 2012 оны А/40 дүгээр захирамжаар “М к” ХХК-д нэгж талбарын 1863930******* дугаар бүхий 7997 м2 газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах “М” ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч “М” ХХК-д хууль бусаар газар олгосон гэж маргадаг. Гэтэл газартай холбоотойгоор нэхэмжлэгчийн газар эзэмших эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй. Нэхэмжлэл дээр ямар актаас болж ямар эрх зөрчигдөөд байгаа нь тодорхой бус байна.
“М” ХХК 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших тухай хүсэлтээ газрын албанд гаргасан байдаг. Энэ газар үйл ажиллагаа явуулах, газар эзэмших эрхийг 3 хуваагаад баталгаажуулаад гэрээ, гэрчилгээ олгож өгөөч гэж хүссэн байдаг. Үүнд талбайн хэмжээ өөрчилж, нэмэгдүүлэх гэсэн ойлголт орж ирсэн. Ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмших талбайн хэмжээг нэмэгдүүлж, газрыг 3 нэгж талбарт хуваасан. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль зөрчиж олгосон зүйл баримтаар тогтоогдоогүй гэж үзэж байна.
Нэхэмжлэл дээр Улсын байцаагчийн дүгнэлтийн талаар дурддаг боловч тухайн дүгнэлтийнхээ талаар хэрхэн яаж гаргасныг гэрч хэлнэ гэж нэхэмжлэгч тайлбартаа хэллээ. Гэрчийн зүгээс Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан асуудал байсан. Өнөөдрийн энэ дүгнэлтээр нийслэлийн Засаг даргыг шууд буруутгах үндэслэл байхгүй. “М” ХХК-д газар хувааж олгосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“М” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15834 м2 газрыг орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшдэг.
“М” ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн 15834 м2 газраа 3 хуваалгах хүсэлт гаргаснаар тус тусдаа гэрчилгээтэй болсон.
Гэтэл “М” ХХК нь 2013 онд манай эзэмшлийн газар буюу 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 029******* тоот 17803/0025 нэгж талбарын дугаартай 7997 м2 газарт маань үйлдвэрийн сэндвичэн барилгыг зөвшөөрөлгүйгээр барьсан.
Манай компанийн зүгээс “М” ХХК-ийн удирдлагуудтай удаа дараа уулзахад зөвшөөрөлгүй барьсан уг барилгаа өөрийн эзэмшлийн газар руугаа нүүлгэн шилжүүлнэ гэдэг ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй юм.
Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М” ХХК-ийн зөвшөөрөлгүй баригдсан үйлдвэрийн сэндвичэн барилгыг хууль бус эзэмшлээс албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасан. “М” ХХК-ийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд байцаагч С.Б ийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-04-129/1459 дүгээр дүгнэлтийг үндэслэл болгон манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 9323 дугаар Захиргааны хэрэг үүсгэсэн захирамжаар нотлогдсон тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Ингэхэд анх “М” ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б ийг манай компанийн эзэмшлийн газарт дүгнэлт гаргасныг мэдсэн.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан... нэхэмжлэлийн дагуу... захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ.” гэж зааснаас үзвэл маргаж буй захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд тухайн захиргааны актын талаар нэхэмжлэл гаргахаар зохицуулагдсан байдаг.
Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/1711 тоот албан бичгээр “М” ХХК-ийн үйлдвэрийн сэндвичэн барилга барьсан газар нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл аваагүй нь нотлогдож байна.
Иймд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, газар эзэмших эрхгүй, бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барилга барьсан “М” ХХК болон “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
““М” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 185 дугаар захирамжаар нийт 14110 м.кв талбай бүхий газрыг нийтийн зориулалтаар эзэмшихээр болсон. 2004 онд тухайн газарт барилгын цэргийн анги байсан. Тухайн барилгын цэргийн ангийн обьектыг “М” ХХК хууль ёсны дагуу эзэмшиж эхэлсэн. 2004 оноос хойш энэ газрыг маргаан бүхий хүмүүстэй давхардуулан олгосон байдаг. 2005 онд “М” ХХК-ийн эзэмшил газарт иргэн н.Н д газрыг давхардуулан олгосон. Энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүхээр нилээд удаан байж шийдвэрлэгдсэн. Үүний дараа 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамж гарсан. Уг захирамжаар “М” ХХК-ийн газрын өөрчлөгдсөн хэлбэрээр нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай 15834 м.кв газрыг олгосон. Уг газарт нэг газрын гэрчилгээ олгохоор зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул төлөвлөгөөнийхөө дагуу 3 хэсэгт хуваавал маргаан гарахгүй гэж үзэж нийслэлийн Засаг даргад тухайн газрыг 3 хувааж гаргуулахаар хүсэлт гаргасан. Үйлдвэрийн барилгажилт хийгдсэн газартаа 5650 м.кв талбай бүхий газарт тусдаа гэрчилгээ болгоё гэсэн болохоос биш одоо яриад байгаа 7997 м.кв талбайг 3 хуваалгуулж, газрын талбай нэмэгдсэн гэж ойлгоод байгаа нь буруу юм. 2012 оны А/40 дүгээр захирамжаар нэмж газар олгоогүй. А/40 дүгээр захирамжийн дагуу “М” ХХК нь нийслэлийн Засаг даргатай 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр газар эзэмших гэрээ байгуулан, 3 тусдаа гэрчилгээ авсан. Маргаан бүхий 7897 м.кв талбай дээрээ гэрээ байгуулан, үүний дагуу улирал тутам 703,736 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж байна. Хамгийн сүүлд 2017 оны эхний улирлын төлбөрийг төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2012 оны А/40 дүгээр захирамжийн хугацаа дууссан байна гэсэн тайлбар хэлж байна. Үүнд А/40 дүгээр захирамжийн 10 дугаар зүйлийн 10.5-д “газар эзэмших эрхийн хугацаа дууссан ч талуудаас гэрээг цуцлах санал гаргаагүй бол нэг жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэж заасан байгаа. Энэ газарт Мэргэжлийн хяналтын газрын байцаагч дүгнэлт гаргасан байгаа. Энэ дүгнэлтээр “М” ХХК болон “М” ХХК нар зөрчилтэй байна гэсэн. “М” ХХК энэ дүгнэлт дээр гомдол гаргаж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх 738 дугаар шийдвэрээр уг дүгнэлтийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Энэ дүгнэлтийн 4 дэх хэсэг буюу “М” ХХК нь барилга барихдаа 1837,64 м.кв хэмжээгээр хэтрүүлэн “М” ХХК-ийн эзэмшил газарт оруулан барьсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсгийг зөрчсөн байна гэсэн дүгнэлт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. “М” ХХК нь энэ дүгнэлтийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан байх явцад “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүх хуралдаанд оролцсон бөгөөд “М” ХХК-ийн эзэмшил газар руу оруулан барилга барьсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Өнөөдрийн шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа 1529 м.кв талбайтай “М” ХХК-ийн, 170,32 мкв талбайтай давхацсан “Э” ХХК-ийн энэ газруудын давхацсан хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэж хүссэн гэж ойлгож байна. Үүнд тайлбар хийхэд “М” ХХК нь 2004 оноос газар эзэмшиж байсан. “М” ХХК нь 2012 оноос газар эзэмшиж эхэлсэн. Энэ 2 газар дээр бол давхцал байхгүй. “М” ХХК болон “Э” ХХК нь сэндвичин барилга барьсан байдаг. 2013 онд энэ захирамж гарснаас хойш сэндвичин барилга барьсан нь Геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгүүдээс тодорхой харагддаг. Захиргааны хэргийн нэхэмжлэл С.Б******* байцаагчийн дүгнэлтэд тулгуурлан гарсан.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа хууль бусаар газар эзэмшүүлсэн гэх үндэслэл нотлогдохгүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.9-д зааснаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй боловч “М” ХХК болон “Э” ХХК-иуд газар эзэмшихдээ ямар эрхийг зөрчиж “М” ХХК-д газар олгосон гэдэг нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ХХК, “Э” ХХК-иуд нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Засаг даргын 2012 оны А/40 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгч компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “нийслэлийн Засаг даргын 2012 оны А/40 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийн барилгын давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын улмаас “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
Шүүхээс маргаан бүхий захиргааны актын улмаас газар эзэмших гэрчилгээгүй “Э” ХХК-ийн эрх хэрхэн зөрчигдөж буй талаар тодруулга явуулахад “маргаан бүхий газар баригдсан барилга нь тус компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй болох нь компанийн санхүүгийн тайланд тусгагдсанаар нотлогдох тул тус компанийг эрх зөрчигдсөн” гэх тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч хийсэн.
Шүүх “М ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд уг маргаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Анх “М” ХХК нь Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан Барилгын цэргийн 047, 073, 158 дугаар ангиудын барилга байгууламжуудыг дуудлага худалдаагаар худалдан авсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 185 дугаар захирамжаар дуудлага худалдаагаар худалдан авсан объектэд хамаарах орчны 14120 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
Улмаар нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар “М” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсрэгт нийт 15834 м.кв талбай бүхий газрыг орон сууц, үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх маргаан бүхий шийдвэрийг гаргажээ.
Харин нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/221 дүгээр захирамжаар “М” ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12779 м.кв газрын үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх 178013/0016 дугаар гэрээ байгуулан, 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн 023******* тоот гэрчилгээ олгож, газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18639309******* дугаартайгаар бүртгэгджээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “нийслэлийн 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, инженерийн шугам сүлжээ болон үерийн ус зайлуулах далан бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа зохицуулалт бүхий хуулийг зөрчсөн” гэж мэтгэлцсэн.
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар “М” ХХК-д эзэмшүүлсэн нийт 15834 м.кв талбай бүхий газрын нэг хэсэг болох нэгж талбарын 1863930******* дугаартай газрын кадастрийн мэдээллийн санд 7997 м.кв талбайтай бүртгэгдсэн газар нь “М” ХХК-ийн газрын мэдээллийн санд нэгж талбарын 18639309******* дугаартай бүртгэгдсэн 12779 м.кв газартай хил залгаа орших бөгөөд “М” ХХК болон “Э” ХХК-ийн барилга нь “М” ХХК-ийн газарт зарим хэсгээрээ баригдсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдлоо.
Тухайлбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээч нарын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/200 дугаар дүгнэлтэд “... “М” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн газартай 1529 м.кв, 170.32 м.кв талбайгаар давхцалтай” гэжээ.
Мөн нэхэмжлэгч компаниудын үйл ажиллагаа явуулж байгаа барилга нь гуравдагч этгээд “М” ХХК-ийн эзэмшил газарт 1529 м.кв, 170,32 м.кв тус бүр давхцуулан баригдсан болох нь нийслэлийн газрын кадастрийн мэдээллийн сангийн 2017 оны зурган мэдээлэлтэй давхцуулсан байдлын тойм зургаас тодорхой харагдаж байна.
Иймээс нэхэмжлэгч “М” ХХК, “Э” ХХК-иуд нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгооор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж гуравдагч этгээд “М” ХХК-ийн эзэмшил газарт барилга барьсан гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүхээс хийсэн газрын үзлэг, маргаан бүхий газрын сансрын зураг зэргээр гуравдагч этгээд “М” ХХК-ийн эзэмшил газар дээр инженерийн шугам сүлжээ байгаа болох нь тогтоогдож байх боловч энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй, зөрчихгүй юм.
Учир нь, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т ”нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...”, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж зааснаар инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрх мэдлийг хуулиар хариуцагчид олгогдсон тул нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээд “М” ХХК-д газар эзэмшүүлснийг буруутгах боломжгүй, энэхүү шийдвэрийг гаргах эрхтэй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч “М” ХХК болон гуравдагч этгээд “М” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа газрын давхцал гаргаагүй болох нь нотлогдсон.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг хариуцагч нийслэлийн Засаг дарга зөрчөөгүй бөгөөд энэхүү үйл баримт нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 353 дугаар албан бичигт “...М” ХХК болон “М ХХК-ийн газрууд нь нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд байрлалын хувьд давхцалгүй байна” гэж лавлагаа ирүүлснээр батлагдсан болно.
Түүнчлэн нэхэмжлэгч компаниуд нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу захиргаанд гаргаж байгаагүй бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ““М” ХХК-д маргаан бүхий актаар өмнө эзэмшиж байсан газар дээр нэмж үндэслэлгүйгээр газар олгосон нь хууль бус” гэж мэтгэлцсэн.
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн нийслэлийн Газрын албанд 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл түүнд хавсаргаж өгсөн баримтуудаас дүгнэхэд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.З-т “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана” гэж заасан шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Газрын тухай хуульд газар эзэмшигчийн эзэмшиж буй газрыг нэмж эзэмшүүлэх талаар тусгайлан заасан зохицуулалт байхгүй бөгөөд энэхүү хүсэлтийг газар шинээр эзэмшүүлэхэд хүсэлт гаргагчид тавигдах шаардлагын хүрээнд шийдвэрлэдэг болно.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн 102 дугаар тогтоолын хавсралтаар Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зурвас, засвар үйлчилгээний журам батлагдсан. Уг журам нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орон зайн орчинг бүрдүүлэх, тэднийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилготой. Журамд зааснаар Хамгаалалтын зурвас гэж тухайн барилга байгууламжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглосон газрыг хэлнэ. Журмын 2.2-т “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадаад ирмэгээс гадагш 10 метр байхаар тогтооно” гэсэн заалтыг зөрчиж “М” ХХК-д газар олгосон гэж үзвэл нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хэрхэн хөндөгдөж байгаа талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэл бүхий тайлбар хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дүгнэхэд, нэхэмжлэгч “М” ХХК, “Э” ХХК-иуд нь газар эзэмших эрх үүсээгүй байхад маргаан бүхий газарт барилга барьсан, нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “М” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, уг шийдвэрийн улмаас тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 5033 дугаар захирамжаар томилогдсон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээч нарын ажлын хөлс болох 638,137.00 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шинжээчийн зардлыг нэхэмжлэгч нараас гаргуулж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт олгуулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 32 дугаар зүйлийн 32.З-т заасныг баримтлан заасныг баримтлан “М” ХХК, “Э” ХХК-иудын “нийслэлийн Засаг даргын 2012 оны А/40 дүгээр захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийн барилгын давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шинжээчийн зардал болох 638,137.00 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК, “Э” ХХК-иуд нараас гаргуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт олгуулсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ