Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2019/0174/З |
Дугаар | 221/МА2021/0070 |
Огноо | 2021-01-28 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2021/0070
Ц.Н, П.А нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг /цахимаар/ оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0728 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.Н, П.А нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0728 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан Ц.Н, П.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220107406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Х” ХХК-д олгосон өмчлөх эрхийн 000504295 тоот гэрчилгээг хүчингүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн үйл ажиллагааг хуулиар эрх олгогдсон, хуулиар зөвшөөрсөн үед л хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хуулиар эрх олгогдоогүй тохиолдолд хүний эрх, эд хөрөнгөнд халдсан шийдвэр гаргасан бол тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох зохицуулалт юм.
Хариуцагч захиргааны байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 24.8-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор бүртгэлийг хийх” гэж заасны дагуу холбогдох бүртгэлийн үйл ажиллагааг хийсэн байхад анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн уг бүртгэлийг илт хууль бусад тооцсоныг тус заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “... захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд шүүх маргаан бүхий захиргааны актыг “илт хууль бус болохыг тогтоож”, мөн “хүчингүй болгуулж” захиргааны нэг үйлдэл /акт/-д эрх зүйн хоёр өөр шийдэл гаргасан нь хууль хэрэглээний төдийгүй логикийн хувьд алдаа шийдвэр болсон. Учир нь “бүртгэл” илт хууль бус байх аваас тухайн бүртгэлийн дагуу олгогдсон эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ ч мөн илт хууль бус байх учиртай бөгөөд “гэрчилгээ” нь бүртгэлийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны биежсэн иргэн, хуулийн этгээдэд очиж буй баримт бичиг /эрхийн бичиг/ юм.
Шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны актыг хүчингүй болгох” эсхүл 106.3.2-т “илт хууль бус болохыг тогтоох” гэсэн аль ч заалтыг “удирдлага” болголгүйгээр маргаан бүхий захиргааны актын талаар “...илт хууль бус болохыг тогтоож”, мөн “хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.
Анхан шатны шүүх “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 57/244 дүгээр хамтарсан захирамж, тушаалаар батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай журам”-ыг шийдвэрийн үндэслэл, эрх зүйн эх сурвалжаа болгосон байдаг.
2001 онд батлагдсан уг журам нь тухайн 2001 оны үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах харилцааг зохицуулсан хууль тогтоомж байгаагүй, түүнийг журамлах хэрэгцээ шаардлагын хүрээнд батлагдсан хэм хэмжээний акт байсан бөгөөд үүнээс хойш 2002 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, 2003 онд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хууль тус тус шинээр батлагдаж, тэдгээр хуулийн хүрээнд эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Уг хамтарсан журам нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т зааснаар хүчин төгөлдөр дагаж мөрдөх эрх зүйн эх сурвалж болох үндэслэлгүй, тэр тусмаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх дээрх журмыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн байх хууль ёсны зарчимтай зөрчилдөж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь “ ... маргаан бүхий 1 өрөө орон сууцны тухайд ““Х”” ХХК-ийн өмчлөлд шууд бүртгэхийг шүүхийн шийдвэрт заагаагүй, харин шийдвэр гүйцэтгэлийн хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байхад албадан дуудлага худалдаа явуулсан эсэхийг улсын бүртгэгч тодруулаагүй.
Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай тогтоол шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байхгүй байхад үүнийг бүртгэгч нягтлан шалгалгүй бүртгэл хийсэн гэж хариуцагч бүртгэлийн байгууллагыг буруутгасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар ч зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо дээрх үндэслэлээр тайлбарлаж мэтгэлцсэн.
Эдгээр маргааны үйл баримтаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанаас бус, харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 120/ШШ2016/01595 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой асуудал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх асуудлын хүрээнд зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдал тодорхой харагддаг.
Өөрөөр хэлбэл, бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг илт хууль бусад тооцсоноор нэхэмжлэгчийн өмчлөх эрх сэргэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1595 дугаар захирамжийн гүйцэтгэлийн ажиллагаа өнөөдөр ч хүчин төгөлдөр хэвээр байгааг шүүх анхаараагүй.
Иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны байгаа нөхцөлд уг ажиллагааны дагуу хийгдсэн улсын бүртгэл илт хууль бус байх нь хууль зүйн боломжгүй билээ.
Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 728 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мдавж заалдах гомдолдоо: “ ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5 дахь заалтад “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгахаас өмнө эвлэрэх эрхтэй” гэж заасны дагуу талууд шийдвэр гүйцэтгэлийн аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрэх боломжтой юм. Уг эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн төлбөл зохих төлбөрт өөрийн өмчлөл дэх хөрөнгийг тооцож өгөх хүсэл зоригоо илэрхийлж, уг хүсэлтийг нь үндэслэн 129 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Э.Ундрахын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “105394222 төгрөг эд хөрөнгөөр төлөгдсөн” гэх үндэслэлээр 16/929 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол гаргасан. Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн баримт зэрэг нь зээлийн гэрээний үүрэгт эд хөрөнгийг тооцон өгөх тухай гэх ижил агуулгатай бөгөөд үүний дагуу “Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болно.
Гэтэл шүүхийн шийдвэрт баримт дутуу гэж яг ямар баримт дутуу байгааг тодорхой дурдалгүйгээр баримтууд нь хоорондоо илэрхий зөрүүтэй гэх тодорхой бус байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “...Маргаан бүхий 1 өрөө орон сууцны тухайд “Х” ХХК-ийн өмчлөлд шууд бүртгэхийг шүүхийн шийдвэрт заагаагүй, харин шийдвэр гүйцэтгэлийн хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байхад “Х” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Зг/5797 дугаар хүсэлт гаргахдаа "...албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох ... 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус зээлийн төлбөрт тооцон “Х” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн,... 1/31030 тоот албан бичгийг үндэслэн дээрх хөрөнгүүдийг “Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, гэрчилгээ гаргаж өгнө үү” гэсэн нь шүүхийн шийдвэрээс илтзөрүүтэй байхад уг зөрүүтэй байдлыг шалгахгүйгээр шууд бүртгэлд хийсэн нь буруу байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт “Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биөлүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1595 дугаар захирамж нь заавал биелэгдэх шинжтэй юм. Захирамжид заасан төлбөрийн үүргийг гүйцэтгэхдээ зөвхөн нэр дурдсан хөрөнгөөр, зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах шаардлагагүй юм. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй” гэж заасны дагуу аливаа этгээд өөрийн өмчлөл дэх хөрөнгөөр бусдын үүргийг төлж барагдуулах эсэх нь бие даан шийдвэрлэх эрхэнд нь хамаарах юм.
Өөрөөр хэлбэл захирамжид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдаагүй хөрөнгийн хувьд ч өмчлөгч нь хүсэл зоригоо илэрхийлсэн тохиолдолд төлбөрт тооцон шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсэгт “маргаан бүхий хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцов” гэж заасан байх тул эд хөрөнгийг гагцхүү шүүгчийн захирамжид заасны дагуу дуудлага худалдаагаар борлуулах ёстой байсан гэж, нэхэмжлэгч нар нь өөрийн өмчлөл дэх эд хөрөнгөө үүргийн гүйцэтгэлд сайн дураараа өгөх хүсэлт гаргасан нь хууль бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж байгаа бус эд хөрөнгийн өмчлөгч болохын хувьд захиран зарцуулах туйлын эрхийг нь хөндсөн агуулгатай дүгнэлт байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Ц.Н, П.А нар нь 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж “СХД-ийн 19-р хороо, 21-р хороолол, 2-58 дугаар байр, 33 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-д өгөхийг зөвшөөрч байна” гэж өөрийн гараар бичиж, гарын үсэг зурсныг нотариатаар гэрчлүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байхад хуульд заасны дагуу зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь шүүхээс нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй гэж үзэхэд хүргэж байна. Дээрх үндэслэлүүдээр шүүгчийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүхийн шийдвэрт гуравдагч этгээд болох “Х” ХХК-ийн эрх, ашиг сонирхлын талаар аливаа дүгнэлт хийгээгүй зэргээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг тус тус үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Н, П.А нараас “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 2/58 дугаар байрны 33 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2201007406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Х” ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000504295 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүхээс “дээрх Ү-2201007406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өмчлөгчийг өөрчилж бүртгэсэн бүртгэлийг хийхдээ хуульд заасан журмыг зөрчсөн, худалдан борлуулах ажиллагаа явагдаагүй, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын 2016 оны 1/31030 дугаар албан бичигт дурдсанаар уг 1 өрөө байрыг “... төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай” тогтоолыг хавсаргаж ирүүлээгүй, мэдүүлэгт хавсаргасан баримтууд зөрүүтэй, дутуу байхад нэхэмжлэгч нарын өмчлөлийн байрыг “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 15 дугаар зүйлийн 15.2, 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.1.6, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх шинээр батлагдсан хуулиуд байхад 2001 оны журмыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль ёсны байх зарчимтай зөрчилдсөн” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрт Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хууль, Захиргааны ерөнхий хууль зэргийг хэрэглэж шийдвэрлэсэн байх тул “хуульд үндэслээгүй” гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн гомдолд дурдсан Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 2001 оны 57/244 дүгээр хамтарсан захирамж, тушаалаар батлагдсан ... “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай журам”-г Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2009 онд батлагдсаны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.12-т “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичиг нь Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 57/244 дүгээр хамтарсан захирамж, тушаалын 3-д заасан шаардлагыг хангасан байхыг шаардана” гэж эш татсан байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Мөн хариуцагчийн гомдолд “Нэхэмжлэгчийн эрх, улсын бүртгэлийн үйл ажиллагаанаас бус, ... шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдал байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүй ...” гэжээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, ...” гэж зааснаар хариуцагч нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл болсон баримтууд нь хуульд заасан шаардлага болон бүрдэл хангагдсан эсэхийг хянаж, бүртгэл хийх эсэхийг шийдвэрлэнэ.
Анхан шатны шүүх хариуцагчийг хуулийн энэ заалтыг зөрчиж, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас ирүүлсэн холбогдох акт, бусад баримтууд дутуу эсэх, хоорондоо зөрүүтэй эсэхийг хянаж шалгалгүй, дээрх журамд заасан шаардлага хангаагүй, бүрдэл дутуу, хоорондоо зөрүүтэй баримтыг үндэслэн маргаж буй эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн бүртгэл хийсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар үйл баримтыг зөв дүгнэж шийдвэрлэсэн байх тул эдгээр үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгтээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2-т заасныг удирдлага болгоогүй, хариуцагчийн нэг үйлдэлд эрх зүйн 2 өөр шийдвэр гаргасан гэх гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болохооргүй байх тул зохих өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн аль ч үе шатанд талууд эвлэрч төлбөрт өөрийн эд хөрөнгөө өгөх хүсэл зоригоо илэрхийлсний дагуу шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосноор “Х” ХХК-ийн өмчлөлд тухайн орон сууцыг шилжүүлэн бүртгэсэн, гэтэл шийдвэрт ямар баримт дутуу байгааг дурдаагүй, илэрхий зөрүүтэй гэж тодорхой бус дүгнэлт хийсэн … ” гэжээ.
Нэхэмжлэгч нар нь төлбөр төлөгч биш бөгөөд харин барьцаанд бариулсан өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцны тухайд гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хүсэлтдээ[1] “... 12 сарын хугацаанд амьдарч энэ хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгөх, төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд өмчлөгч Ц.Н-д шилжүүлэхээр “Х” ХХК-тай харилцан тохиролцсон” гэж заасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас хариуцагчид хүргүүлсэн албан бичигт төлбөр төлөгчийн 4 өрөө орон сууцыг төлбөр авагчид шилжүүлсэн 129/03 дугаар тогтоолыг хавсаргасан атлаа нэхэмжлэгчийн 1 өрөө орон сууцыг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай тогтоолыг хавсаргаагүй байхад бүртгэл хийсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан байх тул дээрх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Мөн гомдолдоо “ ... гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлын талаар аливаа дүгнэлт хийгээгүй” гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 102/ШШ2016/01595 дугаар захирамжаар[2] “ ... нэхэмжлэгч “Х” ХХК-иас “зээлийн гэрээний үүрэгт 105,052,616.0 төгрөгийг иргэн А.А, Ц.Т нараас гаргуулах тухай” шаардлагатай иргэний хэрэгт, “хариуцагч А.А, Ц.Т нар нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулах, энэ хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201011098, Ү-2201007406 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон” зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 129 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай” 129/03 дугаар тогтоолоор[3] “ Сонгинохайрхан дүүрэг, 18 хороо, ... 44 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны Ү-2201011098 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг” 105,577,222 төгрөгөөр төлбөр авагчид шилжүүлсэн, уг тогтоолыг үндэслэн гуравдагч этгээд “Х” ХХК нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж шилжүүлэн авсан бөгөөд хичнээн төгрөгийн төлбөрт шилжүүлэн авсан нь тодорхойгүй байна.
Хэрэв шүүхийн шийдвэрт заасан төлбөр бүрэн барагдаагүй бол төлбөр авагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар төлбөрөө барагдуулан авах эрх нь нээлттэй байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар гуравдагч этгээд “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын ... Ү-2201007406 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн акт, шийдвэр байхгүй байхад “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, хуульд заасан журмыг зөрчиж өмчлөлийг шилжүүлэн бүртгэсэн гэж үзэж, бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа уг илт хууль бус бүртгэлийг үндэслэн “Х” ХХК-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000504295 гэрчилгээг мөн “илт хууль бус” гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0728 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “... бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Х” ХХК-д олгосон өмчлөх эрхийн 000504295 тоот гэрчилгээг хүчингүй болгосугай” гэснийг “... бүртгэл, түүнийг үндэслэн олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000504295 тоот гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээд “Х” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ