Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2016/00008

 

С.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийншүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сар 06-ны өдрийн 151/ШШ2016/00708 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Алимаад холбогдох

Хамтын амьдралтай байсныг тогтоолгож, дундын эд хөрөнгөнөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын өмгөөлөгч М.Цэндсүрэн,

Хариуцагч А.Алимаа, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие нь 2011 оны 12 сараас эхэлж А.Алимаатай хамтын амьдрал зохиож гэр бүл болсон. Хамтын амьдрал эхлэхдээ 2 талаас зээл хөөцөлдөж би малчны зээлээр 5 сая төгрөг, А.Алимаа нь цалингийн зээл 4.5 сая төгрөг авч сумын төвийн Баруун дэнж гэх газарт иргэн Цэгмидээс 9.5 төгрөгөөр хашаа байшин худалдаж авсан. Өөрийн 5 сая төгрөгийн зээлээ өөрийн данстай малаа идэшний цагаар худалдаж, 3 сарын дараа зээлээ төлж дуусган улмаар 2012 оны 05 дугаар сард өөрийн хөрөнгөөр буюу 280-аад ямаагаа самнан ноолуураа худалдсан мөнгөөрөө А.Алимаагийн зээлийн үлдэгдэл 3.500.000 төгрөгийн зээлийн эргэн төлж барагдуулсан. Миний бие нь А.Алимаад итгэн айлын даатай айл болж, бусдын адилаар амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр шийдэж, 2012 оны 05 сард уг хашаа байшингаа 12 сая төгрөгөөр н.Баасанд худалдсан. Энэ 12 сая төгрөгийг Баасангийн хүү Амгаланбаяр нь 10.000.000 төгрөг, 2.000.000 төгрөгөөр тус тус тасалж, А.Алимаагийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ингээд 2011 онд Хөвсгөл аймгийн иргэн Ж.Даваанямд банз захиалж 2.00.000 төгрөг шилжүүлж, сүүлд нь 2012 онд Ж.Даваанямтай байшингийн торх худалдан авахаар ярилцаж, 7.500.000 төгрөгийн үнэтэй 2 давхар, 6х7 хэмжээтэй мансардтай торхыг 6.800.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Мансардны шалны цэвэр 5-ын банзны үнэд 1.600.000 төгрөг, А нурууны дээвэр, шалны 3 см зузаантай 5 м3 банзны үнэд 1.400.000 төгрөг, хашааны шон 34 ширхэгийг 119.000 төгрөг, хашааны дай мод 60 ширхэгийг 180.000 төгрөгөөр, нийт 10.099.000 төгрөгийг А.Алимаагийн данснаас Ж.Даваанямын дансанд шилжүүлсэн юм.

Ингэж би амьдралаа босгож, амьдрах гэсэн минь талаар болж А.Алимаа архи дарс ууж, хэрүүл маргаан хийх нь олширч сална гэсэн. Салж явахдаа дундын хөрөнгө болох байшингаа бүгдийг нь охин Н.Саруултуяа, ах дүүтэй нийлж, 5 машинтай дотор талын засал, дээд доод доторлогоог 2 өдөр буулгаж, нэг өдөр торхыг буулгаад 2015 оны 07 сарын 17-нд аваад явсан. С.Эрдэнэцогт миний биеийг А.Алимаатай 2011 оны 12 сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл 3 жил 8 сарын хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө болох 6.800.000 төгрөгийн үнэ бүхий 2 давхар 6х7 хэмжээтэй мансардтай торхыг, А.Алимаагийн Хаан банкны цалингийн зээл хаасан 3.500.000 төгрөг, мөн Хөвсгөл аймаг руу Ж.Даваанямаас авсан модны үнэнд мансардны шалны цэвэр 5-ын банзны үнэнд 1.600.000 төгрөг, А нурууны дээвэр, шалны 3 см-ын банз 5м3 банзны үнэнд 1.400.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөг хариуцагч А.Алимаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Алимаа сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... С.Эрдэнэцогттой 2011 оноос хамтын амьдралтай байснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хугацаанд С.Эрдэнэцогт малчны зээл 5.000.000 төгрөг, би 4.500.000 төгрөгийн цалингийн зээл авч 9.500.000 төгрөгөөр хашаа байшин худалдан авч Заамар сумандаа амьдарсан. Бид хоёр хэн хэнийхээ гэрт орж амьдраагүй. Энэ байшингаа 12 сая төгрөгөөр Б.Амгаланбаярт зарсан. Байшин зарсан мөнгө орж ирээгүй байх үед Ж.Даваанямаас торх худалдан авахаар тохиролцсон байсан тул охин Н.Солонготуяагаас урьдчилгаа 1.000.000 төгрөгийг, мөн банзны үнэ 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Дансаар харагдана. Ингээд байшин зарсан 12.000.000 төгрөг орж ирсэн бөгөөд торхоо авсан. Торх нь гадна доторлогоо байхгүй цавчсан мод л ирсэн. Би насны эцэст сайхан амьдаръя гэж итгэж, С.Эрдэнэцогтын байхад нь өөрийн охин Н.Солонготуяагаас 12.000.000 төгрөг зээлж байшингаа босгосон. 2013 оны 08 сард би тэтгэвэртээ гарч 36 сарын тэтгэмжээ буухад охиноос зээлсэн 12.000.000 төгрөгөө буцаан төлсөн. Энэ 12.000.000 төгрөг торхны үнэнд хамааралгүй юм. 2012 оны 06 сард н.Бямбаа гэдэг хүнд 200 тооны хургатай хонь нийлүүлэхээр мөнгийг нь бэлнээр аваад бага үнээр хонио нийлүүлж, илүү гарсан мөнгөөр миний цалингийн зээлийг хаасан болохоор энэ 3.500.000 төгрөгийг С.Эрдэнэцогт надаас нэхэмжлэх эрхгүй, бидний хамтын хүч хөдөлмөрөөр бий болсон гэж үзэж байна. С.Эрдэнэцогт нь архи согтууруулах зүйл хэрэглэж, эрүүл мэндэд халдсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Ингээд би өөрийн хөрөнгөөр босгосон байшингаа буулгаад өөр газар барьсан юм гэв.

Гүйдэг хаалга, тамбар, шон мод, блок цахилгааны шугам, граж, жорлон зэрэг эд зүйлийг бий болгож босгосон бөгөөд одоо С.Эрдэнэцогтын эзэмшилд байгаа. Эдгээр зүйлийг Хан үнэлэмж ХХК-иар үнэлүүлэхэд 9.385.900 төгрөг болсон. Анх торхоор байшин барихад бариулсан барилгачдын ажлын хөлсөнд 4.500.000 төгрөгийг, байшинд тавиулсан халаалтын системийн суурилуулалтын ажлын хөлс 800.000 төгрөг төлсөн. С.Эрдэнэцогтын өөрийнх нь зөвшөөрснөөр торхыг буулгаж өөр газар барихад зарцуулсан барилгачдын ажлын хөлс 3.500.000 төгрөг, нийт 18.185.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: - Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар хариуцагч А.Алимаагаас 4.487.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эрдэнэцогтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас8.812.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэцогтоос3.818.317 төгрөг гаргуулан хариуцагч А.Алимаад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14.367.582 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Эрдэнэцогтоос тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нөхөн төлүүлж төрийн сангийн орлогод, нэхэмжлэгч С.Эрдэнэцогтоос төлсөн 224.450 төгрөгийг, хариуцагч А.Алимаагаас төлсөн 248.900 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус үлдээж, А.Алимаагаас 86.750 төгрөг гаргуулж С.Эрдэнэцогтод, С.Эрдэнэцогтоос 76.043 төгрөг гаргуулж А.Алимаад олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нэхэмжлэгч талаас гаргасан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлээгүй, хариуцагчийн тайлбарт тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хамтын амьдралын хугацаанд бий болгосон хөрөнгийн эх үүсвэр, түүнийг бий болгоход оролцсон оролцоо, түүнийг нотлох баримт бүрийг нягт шинжлэн судлавал нэхэмжлэгч нь зөвхөн өөрийн хуваарьт хөрөнгө болох хэдий хэмжээний мал зарж хэдэн төгрөг болгосон, хаана ямар ажил хөдөлмөр эрхэлж ямар хэмжээний цалин хөлс авч байсан, хариуцагчтай хамт амьдрах хугацаанд түүний цалингийн зээл 3.500.000 төгрөгийг хэн хэрхэн төлж барагдуулж байсан зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, орхигдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ эд юмсын бүрдэл хэсэг, салгаж үл болох эд зүйлийн үнэ цэнэ алдагдсан байхад дахин ашиглах боломжтой гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юмаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтуудыг үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн 151/ШШ2016/00708 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хамтаар оролцохоо үүгээр мэдэгдэж байна.

Гомдолд тэмдэгтийн хураамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үнийн дүн буюу үндсэн нэхэмжлэлд 155.950 төгрөг, сөрөг нэхэмжлэлд 76.050 төгрөг, нийт 232.000 төгрөг төлсөн баримтыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага болон түүний эрх зүйн үндэслэлийг тодруулахгүйгээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэж, тухайн маргаантай харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт А.Алимаатай хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтын амьдралын хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө болох 6.800.000 төгрөгийн үнэ бүхий 2 давхар, 6х7 хэмжээтэй мансардтай торхыг гаргуулах, Алимаагийн цалингийн зээл хаасан 3.500.000 төгрөг, 5-ын банзны үнэ 1 600.000 төгрөг, дээвэр, шалны 3 см-ын 5м3 банзны үнэ 1.400.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бол хариуцагч ...хамтын амьдралтай байснаа зөвшөөрнө, Эрдэнэцогт малчны зээл 5.000.000 төгрөг, би 4.500.000 төгрөгийн цалингийн зээл авч хашаа байшин худалдан авч Заамар суманд амьдарсан. Энэ байшингаа 12 сая төгрөгөөр зарж, түүгээрээ торхоо худалдан авсан. Бид таарч тохирохгүй тусдаа амьдрах үедээ би энэ сайхан байшингаа нураагаад яах вэ, зараад хувааж авъя гэхэд үгүй буулгаад аваад яв гэхээр нь би буулгаад өөр газарт барьсан. Эрдэнэцогтын эзэмшилд банзан хашаа, гүйдэг хаалга, тамбар, шон мод, блок цахилгааны шугам, граж, жорлон зэрэг эд зүйл байгаа. Эдгээрийг Хан үнэлэмж ХХК 9.385.900 төгрөгөөр үнэлсэн. Анх торхоор байшин барихад барилгачдын ажлын хөлс 4.500.000 төгрөг, халаалтын систем суурилуулахад ажлын хөлс 800.000 төгрөг төлсөн, торхыг өөр газарт буулгаж барихад ажлын хөлс 3.500.000 төгрөг, нийт 18.185.900 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлээр шаардан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлээс торх, банзыг А.Алимаад үлдээж, ногдох хэсэг болох 4.487.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 8.812.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлээс С.Эрдэнэцогтын эзэмшилд байгаа нэр бүхий эд хөрөнгийг түүнд үлдээж, үнэлгээгээр тогтоогдсон 7.636.635 төгрөгийн 3.818.317 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, үлдэх 14.367.582 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хуульд нийцүүлэн тодорхойлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

Нэхэмжлэгч С.Эрдэнэцогт нь дундын өмчөөс ногдох хэсгээ эд хөрөнгөөр авах, эсхүл мөнгөөр авах аль шаардлагыг гаргасан болох нь тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу бөгөөд шүүх зохигчдын маргаж байгаа болон маргаангүй байгаа үйл баримтыг зөв тогтоох шаардлагатай.

Зохигчдын маргаж буй хөрөнгийн хувьд тэдний оруулсан хөрөнгийн хэмжээг бодитой тогтоосноор ногдох хэсгийг тодорхойлох шаардлагатай юм.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг дараахи байдлаар зөрчжээ. Тухайлбал, С.Эрдэнэцогтын нэхэмжлэлд шүүх 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг Ү.Чойжилсүрэнд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр итгэмжлэлээр олгожээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг шүүх 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хийсэн байх боловч /хх-ийн 20 дугаар тал/ нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзах тухай бичгээр шүүхэд мэдэгдсэн байх бөгөөд / он,сар, өдөр тодорхойгүй/ 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс хойш өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцжээ. /хх-ийн 74 дүгээр тал/

Гэтэл шүүх нэхэмжлэгчид 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн нь /хх-ийн 215 дугаар тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1., 25 дугаар зүйлийн 25.2.2., 6 дугаар зүйлийн 6.3-т заасан хэргийн зохигч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлийг татгалзах үндэслэлийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх ноцтой зөрчил болон хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1., 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 151/ШШ2016/00708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 232.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвөөс буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ТӨМӨРБААТАР

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.ӨРНӨНДЭЛГЭР