Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00778

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02771 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 94 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Б

          Хариуцагч: “А” Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б,түүний өмгөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017-04-24-ний өдрийн “А” Төрийн өмчит үйлдвэрийн газрын /ТӨҮГ/-ын захирлын Б/361 дүгээр тушаалаар “А” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасгийн даргын албан тушаалд томилогдсон. Улмаар дээрх тушаалын дагуу үүрэгт ажлыг байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд зааснаар гүйцэтгэж байсан болно. Гэтэл “А” ТӨҮГ-н захирлын 2017-07-24-ний өдрийн Б/499 дүгээр тушаалаар авто тээврийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох мэргэжлийн комиссын бүрэлдэхүүнд багтаагүй этгээдээр мэргэшсэн жолоочийн шалгалт авахуулсан зөрчил гаргаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан.  Б.Б Үйлдвэрийн газрын захирлын 2017-01-16-ны өдөр баталсан Мэргэшсэн жолоочийн шалгалт авах журамд заасны дагуу Сэлэнгэ аймагт комиссын гишүүн нарын хамт 2017-01-18-ны өдрөөс 21-ний өдрийг дуустал 4 хоногийн хугацаанд томилолтоор ажиллаж байсан. Томилолтоор ажиллаж байсан хугацаанд тус тасгийн ахлах мэргэжилтэн нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж 2017-01-20-ны өдөр ажлын бус цагаар 380 жолоочоос шалгалт авч мэдээллийн санд шивсэн байсан. Иймд “А” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны Б/499 дугаар ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, Аийн Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Б.Б нь “А” ТӨҮГ-ын захирлын 2016-11-01-ний өдрийн ажилд түр томилох тухай Б/563 дугаар тушаалаар Мэргэшсэн жолоочийн тасгийн даргаар түр, 2017-04-24-ний өдрийн үндсэн ажилтнаар томилох тухай Б/361 дүгээр тушаалаар томилогдон ажиллаж байгаад 2017-07-24-ний өдрийн Б/499 дүгээр тушаалаар ажлаас халагдсан. Б.Б нь тус үйлдвэрийн газарт ажиллаж байх хугацаандаа удаа дараалан сахилгын зөрчил гаргаж байсан. 2017-03-14-ний өдрийн Б/245 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж 2 сар цалингийн 20% хасуулж байсан. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 67 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтад өөрийн хариуцсан Мэргэшсэн жолоочийн тасгийн ажлаа зохион байгуулж чадаагүй, ажлын байрны тодорхойлолтын 3-т заасан хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, 2-т заасан мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох, мэргэшсэн жолооч бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих үндсэн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн зэрэг дутагдал гаргасан. Мэргэшсэн жолоочийн шалгалтын асуудалтай холбогдуулан 2017-01-18-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймагт шалгалтаар явж байхдаа утсаар ярьж уг шалгалтыг зохион байгуулж авах талаар үүрэг өгсөн. Утсаар ярихдаа Тасгийн дарга Б.Б согтуу байсан, Сэлэнгэ аймагт 2 хоног архи уусан. Б.Бгийн удаа дараа гаргасан сахилгын зөрчил, хариуцсан тасгийн ажлаа удирдан зохион байгуулж чадаагүй зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн  131.3-т заасны дагуу хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэлд нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02771 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан   Б.Бг “А” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, “А” ТӨҮГ-аас  5.318.936 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид   даалгаж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 94 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02771 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Б нэхэмжлэл гаргахдаа “А” ТӨҮГ-ийн захирал П.Дэлгэрнаранд холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан байдаг. П.Дэлгэрнаран гэж бие даасан иргэн, албан тушаалтантай холбогдуулан нэхэмжлэл гаргасан атал шүүх маргааныг “А” ТӨҮГ-т даалган шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.  Шүүх шийдвэртээ  Хөдөлмөрийн хуулийн 40.1-д заасныг баримтлаагүй талаар тайлбарласан байна. Гэтэл хууль тогтоогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийг удирдлага болгон сахилгын зөрчил ногдуулахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс Б.Бг өөрийн хариуцсан мэргэшсэн жолоочийн тасгийн ажлаа хангалтгүй хийсэн, ажлын байрны тодорхойлолтын 2.5-д заасан “Авто тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүй" гэж, өмнө нь сахилгын шийтгэл ногдуулж хариуцсан ажилдаа анхаарч ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн байхад дахин хариуцлага алдаж яамнаас шалгасан ажлын хэсгийн дүгнэлтээр хариуцлагагүй хандсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох тухай сануулга авсан зэргийг харгалзан сахилгын арга хэмжээ авсан. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.4-д “сахилгын зөрчил ногдуулснаас хойш 1 жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан. 2016-11-01-ний өдрийн 6/563 дугаар тушаалаар түр томилогдон ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул 2017-03-14-ний өдрийн 6/245 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж 2 сар цалингийн 20% хассан. Б.Бг ажил олгогчийн зүгээс туршилтын хугацаанд сахилгын зөрчил гаргасан ч гэсэн дэмжлэг үзүүлж үндсэн ажилтнаар томилсон. Гэвч өөрийн хариуцсан тасгийн ажлаа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь дээрх асуудлуудаар нотлогдсон тул хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Шүүх гэрчийн  мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд буруу үнэлсэн. 2017-01-18-с 21-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймагт шалгалтаар явж байсан боловч тус аймагт ажиллах хугацаандаа Мэргэшсэн жолоочийн тасгийн ахлах мэргэжилтэн Д.Дашдоржтой утсаар ярьж уг шалгалтын зохион байгуулж авах талаар үүрэг өгсөн байдаг. Шүүхээс энэхүү шалгалтын ажилтай холбогдуулан гэрчээр Д.Дашдоржийг асуусан бөгөөд уг асуултад Дашдорж “Баярмагнай надтай утсаар яриад Болд манай программыг тасалсан талаар олж мэдлээ гэж ярьсан атал нөгөө программыг зориуд тасалж байсан М.Болдтой хамтарч шалгалт ав гэсэн гэж гэрчийн мэдүүлгийг буруу тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 40.2.-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасныг зөрчиж программ тасалсан этгээд, үүрэг өгсөн этгээд хоёрын хоорондох шалтгаант холбоог тогтоолгүй нотолсон нь хууль бус байна. Түүнчлэн, яамны ажлын хэсэг шалгалт зохион байгуулж “Авто тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох мэргэжлийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнд багтаагүй этгээдээр мэргэшсэн жолоочийн шалгалт авахуулсан” этгээд хариуцлага тооц гэж тогтоосон атал шүүхээс яамны шалгалтаар илэрсэн зөрчлийг үгүйсгэж нотлох шаардлагагүй тогтоосон асуудлыг үгүйсгэсэн үйлдэл болсон.  Давж заалдах шатны шүүх  ИХШХШТХ-ийн 172.2.2.-т шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Үүнд: ИХШХШТХ-ийн 166.5-д “Шүүх хуралдаанд хэргийг нэг шүүгч илтгэнэ. Дараа нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах, харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө.” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг сонсож нэг шүүгч асуулт асууж шүүх хуралдааныг шууд хаасан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд оролцогч талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй шууд нэг талыг баримталж шүүх хуралдааныг хаасан ноцтой зөрчил гаргаад байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Б 2017-08-24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “А” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны Б/499 дугаар  тушаалыг хүчингүй болгуулах, Мэргэшсэн жолоочийн сургалтын тасгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага /хх 1/ тавьжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ. /хх 19-20/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...сахилгын зөрчлийг давтан гаргасан... гэж тайлбарласан...ч тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх заалтад заасан үндэслэлийг баримтлаагүй байна...Б.Б шалгалт авах өдөр Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж байсан нь тогтоогдож байна... Б.Б нь Д.Дашдоржид биечлэн шалгалт авах үүргийг өгсөн гэж үзэх үндэслэлгүй... жолоочийн шалгалт авах комиссын бүрэлдэхүүнд багтаагүй этгээдээр шалгалт авахуулсан гэж үзэх үндэслэлгүй...нэхэмжлэгч нь  шалгалтын комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүрэгтэй байсан гэж үзэхгүй... удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. “... нэхэмжлэгч нь “Автотээврийн үндэсний үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газарт бус, харин захиралд албан тушаалтных нь хувьд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх хуулийн этгээдэд холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн...” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

        Б.Бгийн нэхэмжлэл нь хуулийн этгээдэд холбогдсон агуулгатай байх бөгөөд шүүх “А” Төрийн өмчит үйлдвэрийн газарт /ТӨҮГ/-т холбогдуулан иргэний хэрэг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2017/11497 дугаар захирамжаар /хх 14/ үүсгэсэн, хариуцагч хуулийн этгээдийн төлөөлөгчид /хх 15/ нэхэмжлэлийн хувийг гардуулж /хх 16/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь танилцуулсан /хх 17/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

      “Автотээврийн үндэсний үндэсний төв” ТӨҮГ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг удаа тайлбар өгч /хх 19-20/, гурван удаа хүсэлт гаргахдаа /хх 34, 55, 65/ мөн шүүх хуралдаан дээр мэтгэлцэхдээ /хх 76-89/ “... нэхэмжлэгч албан тушаалтных нь хувьд захиралд холбогдуулан нэхэмжлэл гаргасан...” гэх үндэслэл дурдаж байгаагүй тул энэ тухай хяналтын гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсгийг зөрчинө. 

        2. “...Шүүх гэрчийн мэдүүлэгийг нотлох баримтын хүрээнд буруу үнэлсэн...” гэх гомдол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй гэж үзлээ.

        Ажилтан зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч түүнд сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл бүрдэнэ. Иймд “А” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны Б/499 дугаар тушаал гарснаас хойш өгсөн гэрчийн мэдүүлэг Д.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадахгүй юм. 

        Шүүх гэрчийг шүүх хуралдаанд оролцуулсан /хх 84-88/ бөгөөд гэрчээс өгсөн мэдүүлэг  нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй тул Д.Дашдоржийн мэдүүлэгтэй холбоотой хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй.

        3. “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогч талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй ...шүүх хуралдааныг хаасан нь ноцтой зөрчил...” гэх гомдол үндэслэлгүй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-166.6 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ. Шүүх хуралдаанд хэргийг нэг шүүгч илтгэнэ. Дараа нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах, харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө. Шүүх хуралдаанд нотлох баримтын талаарх мэдүүлгийг унших, эсхүл бичлэгээс танилцуулж болно.

         Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, давж заалдах шатны шүүх хуралдааны дарааллыг /хх 2 ар тал/ талуудад танилцуулсан байх бөгөөд үүнтэй холбоотой санал, хүсэлтийг зохигч талууд гаргаагүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан нь гомдол түүний үндэслэлийг тайлбарлах, эсрэг тал  хариу тайлбар өгөх, шүүх бүрэлдэхүүн асуулт асуух /хх 104-105/ дараалалтай  явагдсанаас гадна  зохигч харилцан асуулт тавихыг шүүх  хязгаарласан гэх байдал тогтоогдоогүй тул шүүх “...шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн...” гэж үзэхгүй.   

        4. “...  шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 131-р зүйлийг буруу тайлбарласан...” гэх гомдол үндэслэлгүй байна.   

         Хэрэгт, А ТӨҮГ-ын захирлын 2016 оны А/303, Б/563, Б/32 ., 2017 оны Б/361, Б/499, Б/245, дугаар тушаал /хх 3,4,7, 28,29/., нэхэмжлэгчтэй байгуулсан 2017-02-22-ны өдрийн ХГ 171, 126 дугаар хөдөлмөрийн гэрээ /хх 5-6, 22-23/ болон ажлын байрны тодорхойлолт /хх 24-26/, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 8-9/, мэргэшсэн жолоочийн шалгалт авах 2017-01-16-ны өдрийн 01 дугаартай удирдамж /хх 12/, нэхэмжлэгчээс хариуцагчид хандан гаргаж байсан 2017-06-15-ны өдрийн тайлбар /хх 10-11/ болон 2017-07-25-ны өдрийн өргөдөл /хх 13/, хүсэлт /хх 21/., Зам тээврийн хөгжлийн сайдын 2017-05-11-ний өдрийн 95 дугаар тушаал /хх 27/, дотоод журам /хх 31-33/, 2017-11-03-ны өдрийн үзлэг тэмдэглэл /хх 61-64/-н хамт, Д.Батбаяртай байгуулсан 2017-02-23-ны өдрийн ХГ 171 035  дугаар хөдөлмөрийн гэрээ /хх 66-67/ ажлын байрны тодорхойлолтын хамт /хх 68-24-26/ авагдаж, шийдвэр гаргасан байх тул энэ хэмжээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцнэ.   

        “А” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017-07-24-ний б/499-р тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, байгууллагын дүрмийн 6.10.7, 6.12, хөдөлмөрийн гэрээний 4.3.1,4.3.7, 4.3.9, дотоод журмын 11.1,11.6, 11.7, 11.7.1, 11.7.11, 11.7.23, 11.7.25, Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 95 дугаар тушаалын 1.1 дэх заалтыг үндэслэл болгон “...Авто тээврийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох мэргэжлийн комиссын бүрэлдэхүүнд багтаагүй этгээдээр мэргэшсэн жолоочийн шалгалт авахуулсан зөрчил гаргаж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан...” гэж  Б.Бд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан /хх 4/ байна.

        Хэрэгт авагдсан баримтаар “А” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017-07-24-ний өдрийн б/499-р тушаалд заасан зөрчил тогтоогдоогүй байх тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй юм. 

       Ажлаас халах нь сахилгын шийтгэлийн нэг хэлбэр бөгөөд энэхүү сахилгын шийтгэлийг ажил олгогч өөрийн санаачилгаар ногдуулахдаа ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд авах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.  

      Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02771 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 94 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ