Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат

Хохирогч О.У

Шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Э-т холбогдох 1916003650162 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Т-н Э.

Шүүгдэгч Т.Э-н 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах “Аааааа” караоке дотор хохирогч О.У-н толгойн тус газар 0.75 граммын “Ерөөл” нэртэй шилтэй архиар 1 удаа цохиж, мөн караокены гадаа дахин “Ерөөл” нэртэй 0.75 граммын шилтэй архиар толгойн тус газар нь нэг удаа цохиж тархины хүнд гэмтэл, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины зулай хэсгийн цусархаг няцрал, баруун гарын саажилт гэмтэл буюу түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Т.Э-н шүүх хуралдаанд өгсөн “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тэр өдөр хамт явж байсан залуутайгаа архи уугаад явж байсан. Би “Ааааа” нэртэй бааранд байж байхад гаднаас хохирогч их ууртай орж ирсэн. Намайг хэл амаар доромжлоод байсан. Намайг архинаасаа нэг хийгээд өг гэхээр нь би хийж өгсөн. Архи дууссан. Намайг дахиад архи аваад өг гэсэн. Тэгэхээр нь би цуг явж байсан залуутайгаа мөнгөө нийлүүлээд нэг шил архи авч өгсөн. Намайг хэл амаар доромжлоод намайг аймгийн төвийн залуучууд бүгд таньдаг юм гээд намайг зодох гээд байсан. Надтай хамт явж байсан залууг таньдаг байсан.  Би айгаад архи авч өгсөн. Тэгээд айгаад шилтэй архиараа цохисон. Гараад байж байтал намайг хөөгөөд гараад ирэхээр нь айгаад тал архитай шилээр бас цохисон ... Өөрийнхөө хэрэгт гэмшиж  байна. Хохирогчтой уулзсан 500.000 төгрөг төлсөн ... Би гэм буруутай 2 удаа цохисондоо гэмшиж байна ... Би хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлнө гэж бодож байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч О.У-н шүүх хуралдаанд өгсөн “...Намайг караокед ороход мэнд мэдээд нэг хийж өгөхөөр нь уусан. Маргалдсан зүйл байхгүй. Тэгээд архиараа цохисон. Намайг сэхээнд байхад нэг ч удаа ирж байгаагүй. Эмнэлгээс гарсны дараа ирээд цагдаа дээр уулзсан. Цохиулсан нь чиний хохь чинь гэж хэлсэн. Сая хот руу эмчилгээнд явж байгаад ирсэн. Энд бас эмчилгээ хийлгэсэн. Одоо групп гээд 170.000 төгрөг авч байна. Өдрийн 1 ширхэг тариаг 16.000 төгрөгөөр тариулдаг. Энэ тариаг 3 жил хийлгэнэ гэсэн цус шингэлдэг тариа байгаа. Өөрөө ч ирж уулзахгүй, бие чинь яаж байна гээд утсаар ярихгүй юм. Хотод явж байгаад мөнгөгүй болоод Т.Э руу утсаар ярьж 40.000 төгрөг 2 хувааж хийлгэсэн. Одоо миний толгой маш их өвддөг. Манай эхнэр л манай гэрт ганцаараа ажил хийдэг. Хотод эмчилгээ хийлгэсэн нотлох баримтууд ирээгүй байгаа. Манай ээж аймагт эмчилгээ хийлгэсэн нотлох баримт цуглуулсан. НӨАТ-н баримт цуглуулсан байсан. Түүнийгээ скочдоод нотлох чадвараа алдсан юм шиг байна. Өчигдөр эмнэлэгт үзүүлээд ойрын хугацаанд хийлгэх эмчилгээ бичүүлэхэд 170.000 төгрөг болсон. Халамжийн мөнгө бол хаана ч хүрэхгүй байна. Эмчлүүлэхийн тулд зурагтаас эхлээд гэрийн тавилгаа хүртэл зарсан ... хохиролд 500.000 төгрөг өгсөн ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...У ганцаараа орж ирээд ширээн дээр суухаар нь Золбоо бид 2 тамхи татах гээд гадагшаа гараад явсан. Гадаа тамхи татаад зогсож байхад “Ааааа” караокены эгч гарч ирээд цуг явсан хүн чинь хүний толгой руу архины шилээр цохичихлоо гэж Золбоо бид хоёрт хэлсэн. Буцаад орох гэж байхад Э, У  хоёр өмнөөс гарч ирсэн. Тухайн үед “Аааа караокены эгч Э-г чи хүний толгой руу ингэж цохиж болохгүй шүү гэж хэлээд зүүн гараараа цээж хэсэг рүү нь нударч байсан...”  гэсэн мэдүүлэг /ХХ27-28/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 338 дугаартай “...1. О.У-н биед тархины хүнд гэмтэл, зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорхи цусан бүлэн, тархины зулай хэсгийн цусархаг няцрал, баруун гарын саа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3- д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ30-31/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-15/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD дэх “Ааааа” караокены бичлэг, О.У-н эмчлүүлэгчийн карт зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах “Ааааа” караоке дотор хохирогч О.У-н толгойн тус газар 0.75 граммын Ерөөл нэртэй шилтэй архиар 1 удаа мөн караокены гадаа дахин Ерөөл нэртэй 0.75 граммын шилтэй архиар толгойн тус газар нь 1 удаа  цохиж тархины хүнд гэмтэл, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, тархины зулай хэсгийн цусархаг няцрал, баруун гарын саа гэмтэл буюу түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Э нь хохирогч О.У-н толгой тус газарт 2 удаа архитай шилээр цохисны улмаас дээрх гэмтэл учирсан бөгөөд энэ нь тухайн хор уршгийг хүсэж үйлдсэн болохыг тодорхойлж байх тул шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд санаатайгаар халдсан гэж үзнэ.

 Шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ХХ74/, 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 217 дугаартай шийтгэх тогтоол /ХХ76-80/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 138 дугаартай захирамж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ50/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн эмнэлгийн төлбөр төлсөн баримтын хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны орлогын мэдүүлгийн 2 ширхэг баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Э нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт урьд өмнө ял шийтгүүлж байсан болох нь шүүхийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж шүүх дүгнэн ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Э гэмт үйлдлийн улмаас хохирогч О.У-н эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтлийн улмаас зүүн гарын саажилттай болсон, тархины гэмтэл бүрэн эдгэрээгүй, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан зэргийг нь гэмт хэргийн хохирол хор уршиг бүрэн арилаагүй гэж үзэх үндэслэл болголоо.

Шүүхээс дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилго болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Т.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” журмыг хэрэглэх боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хохирогч О.У-н гаргаж өгсөн Алтай тан эмийн сангийн 48.000 төгрөгийн НӨАТ-ын 2 ширхэг баримт, Ариун тун эмийн сангийн 41.600 төгрөгийн НӨАТ-ын баримт, Амин дэм-Алтай ХХК-ны 118.500 төгрөгийн зарлагын баримт, Бамбайн үндэс ХХК-ны 187.200 төгрөгийн зарлагын баримт, шинжилгээний төлбөрт 70.000 төгрөг төлсөн тухай ГАА-ийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгийн тодорхойлолт, Алтай тан ХХК-ны 172.100 төгрөгийн зарлагын баримт, Мөнхийн тун ХХК-ны 205.000 төгрөгийн зарлагын баримт, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр болон тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэрийн нотариатаар батлуулсан хуулбар зэрэг бичгийн баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуулийн шаардлага хангасан гэж үзэн энэ хүрээнд хохирлын хэмжээг тодорхойлсон болно.

Иргэний хуулийн тусгай ангийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг” улсын хэмжээнд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс сард 320.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 420.000 төгрөг байхаар шийдвэрлэжээ.

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хохирогч О.У-н хөдөлмөрийн чадвар алдалтыг 1 жилийн хугацаатай 70 хувиар тогтоожээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5.1 дэх хэсэгт “70 буюу түүнээс дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан” гэж тооцохоор зохицуулсанд хамаарахаар байна.

Иймээс хохирогчийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон тэтгэмжийн зөрүүнд нэхэмжилсэн 2.885.680 төгрөг, баримтаар нэхэмжилсэн 890.400 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, түүнээс шүүгдэгчийн төлсөн 512.422 төгрөгийг хасаж, 3.263.658 төгрөгийг шүүгдэгч Т.Эаас гарган хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нотлох баримтаа бүрдүүлээгүй хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан орлого зэргээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдаж, хохирогч О.У-н эмчлүүлэгчийн картыг хувилан хэрэгт хавсаргаж, эх хувийг өөрт нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-г 3 жилийн хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Э-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Т.Э-с хохиролд 3.263.658 төгрөгийг гаргуулж, хохирогч О.У-т олгож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдаж, хохирогч О.У-н эмчлүүлэгчийн картыг хувилан хэрэгт хавсаргаж, эх хувийг өөрт нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн CD-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор               Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА