Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

2020        01           23                                  2020/ШЦТ/132

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

хохирогч, иргэний нэхэмжлэгч М.м,

хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.И/шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №1241/,

шүүгдэгч Н.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний №0009/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эд холбогдох эрүүгийн 1906 06566 2741 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э, Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” хөгжмийн салаанд дуучин ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 101 дүгээр байр, 34 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натурын урд зам дээр иргэн Б.Гэрэлтхүслэнгийн өмчлөлтэй, түүний төрсөн эх М.м унаж ашиглаж байсан 10-91 УБХ улсын дугаартай “Волкесвагэн Поло” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил рүү хайрцагтай зүйл шидэх, хаалга, копут, крыло зэрэг рүү цохих, өшиглөх зэргээр хууль бусаар эвдэлж, гэмтээсний улмаас 1,048,600 төгрөгийн учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч Н.Эын гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Э нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натурын урд зам дээр иргэн Б.Гэрэлтхүслэнгийн өмчлөлтэй, түүний төрсөн эх М.м унаж ашиглаж байсан 10-91 УБХ улсын дугаартай “Волкесвагэн Поло” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил рүү хайрцагтай зүйл шидэх, хаалга, копут, крыло зэрэг рүү цохих, өшиглөх зэргээр хууль бусаар эвдэлж, гэмтээсний улмаас 1,048,600 төгрөгийн учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Э гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.м мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагаас Нийслэлийн 380 жилийн ойн арга хэмжээнд явсан. Тухайн үед би охиныхоо машиныг унаад явж байсан. Үүний дараа найз Отгончимэгийнд Энхжаргалын хамт очсон. ...Тэгээд орой болсон тул Н.Эыг Натурт байрлах гэрт нь хүргэж өгсөн. Тэгсэн Н.Э нь уурлаж машинд байсан дарсны цуглуулгыг шидсэн тул машины цонх хагарсан. Мөн дараа нь жолоочийн талын дугуй руу өшиглөөд байсан. Би буугаад очтол миний өөдөөс алгадсан. Ингээд би айгаад цагдаа дуудлаа гэж хэлэхэд дууд гэсэн. Би гэхдээ эрүүлжүүлэхэд өгөх л бодолтой байсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс 11 цагт залгаад Н.Эын хамт цагдаад мэдүүлэг өгсөн. Би гомдолгүй гэж хэлсэн. Энэ үед Н.Э нь дүүг дууд гэхэд би дүүг нь дуудсан. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлэхийг хүсээгүй. Үүнээс хойш 3 хоног толгой өвдөж босож чадахгүйд хүрсэн. Ингээд Н.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр над руу залгаж уучлалт гуйсан. Одоо би охиныхоо машинд учирсан хохирлыг барагдуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг[2],

3. Хохирогч М.м 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед би Энхжаргалыг тоглолтод дуулна гэхээр нь очиж авахаар болсон. Тэгээд очиж авахад Н.Э согтуу байсан тул би гэрт нь хүргээд өгье гэж бодоод хүлээж байсан. Тэгээд Н.Эын хамт ажилладаг хүнийх нь гэрт очиход тэнд мөн нэлээн их архи уусан. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01 цагийн орчим нөгөө айлаас Энхжаргал бид хоёр гараад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Натурын урд зам дээр ирээд Энхжаргалыг буулгачихаад харих гээд явж байхад Энхжаргал над руу утсаар залгаад машинд чинь бэлгээ үлдээчихэж гэж хэлэхээр нь буцаж очоод бэлгийг нь өгчихөөд явах гэж байтал агсам тавиад хайрцагтай зүйлээ машины урд шил рүү шидтэл урд шил олон тооны жижиг хэлтэрхий болоод хагарчихсан. Тэгээд намайг янз бүрийн муухай хараалаар хараагаад машины урд хаалга, хойд крило руу өшиглөөд байхаар нь би машинаас буугаад түлхтэл миний баруун хацар руу алгадаад дахиад цохих гээд дайраад байхаар нь айгаад аргагүй эрхэнд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед толгой өвдөж чих шуугиад байсан. Толгойгоо бариулаад гайгүй болсон. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад нийт 756,000 төгрөгийн хохирол учирсан. Би хоёр хүүхдийн хамт амьдардаг. Энхжаргал эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр дотно харилцаатай болоод 8 жил болж байна. Миний зүгээс салъя гэдэг боловч Энхжаргал салахгүй гээд одоо болтол байж байна” гэх мэдүүлэг[3],

4. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний №БЗ1-19-799 дугаартай “Хөрөнгө үнэлгээний тооцоо”

Хүснэгт[4]

Д/д

Эвдэрсэн эд ангийн нэр

Эвдрэлийн хэмжээ

Мэргэжлийн байгууллагын үнэлгээ

Тайлбар

1

Баруун урд хаалга

Дунд

140,000

Засварлах

2

Баруун хойд крыло

Дунд

130,000

Засварлах

3

Урд салхины шил

Их

500,000

Солих

4

Баруун урд дугуйны калпак

Их

70,000

Солих

5

Копут

Дунд

145,000

Засварлах

6

Шууд зардал

 

985,000

 

7

300гр будаг /мат лак/

 

63,600

 

8

Нийт зардал

 

1,048,600

 

ДҮГНЭЛТ “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,048,600 төгрөгөөр үнэлэгдэв” гэх үнэлгээний тайлан[5] зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.мд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, уучлалт гуйсан болохоо илэрхийлсэн.

Шүүгдэгч Н.Эын сонгон авсан өмгөөлөгч С.Чулуунбаатараас “Миний үйлчлүүлэгч гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй. Мөн хохирогчид хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан...” гэж,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.м болон түүний өмгөөлөгч П.Инарын зүгээс ““Мөнххада” ХХК-ний 2,890,026 төгрөгийн нэхэмжлэх/үнийн санал болон “Богд Моторс” ХХК-ний 5,291,000 төгрөгийн нэхэмжлэх бүхий 3 хуудас баримт бичгийг шүүхэд өгсөн бөгөөд хохирол бүрэн төлөгдөөгүй...” гэж үзэж, хохирлын үнийн дүнг нэмэгдүүлэх талаар мэтгэлцсэн.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Эын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзнэ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч М.м болон түүний өмгөөлөгч П.Инарын зүгээс хүсэлт, “Мөнххада” ХХК-ний 2,890,026 төгрөгийн нэхэмжлэх/үнийн санал болон “Богд Моторс” ХХК-ний 5,291,000 төгрөгийн нэхэмжлэх бүхий 3 хуудас баримт бичиг ирүүлжээ. Энэхүү үнийн санал бүхий нэхэмжлэхийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй.

Учир нь мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол[6] гаргаж баталгаажуулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу “Эд хөрөнгийн үнэлгээ” гаргадаг албан ёсны эрх бүхий байгууллага болох “Дамно” ХХК-д даалгаж, тус байгууллага нь тусгай мэдлэг бүхий техникийн шинжээч нарыг шинжээчээр томилон, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус үнэлэгдэж буй хөрөнгийг үнэлсэн. Үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1,048,600 төгрөгөөр үнэлсэн.[7]

Мөн “Ухаа шүрт консалтанг” ХХК-ны автомашин техникийн үнэлгээний тайлангаар үнэлгээний хөлс 35,000 төгрөг, үнэлгээ 756,000 төгрөгөөр үнэлсэн[8] үнэлгээний тайлан хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байна.

Гэвч шүүхээс хөрөнгө үнэлгээний дээрх хоёр байгууллагын үнэлгээг харьцуулан судлан үзэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд “Дамно” ХХК-ны үнэлгээний тайлан нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар хийгдсэн бодит үнэлгээ байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид учруулсан хохиролд өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг оруулаад нийт 2,589,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч Н.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.Э эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Э нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Эыг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө эвдэлж гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Эын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Ялтан Н.Э нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 6.Ялтан Н.Э урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

              

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 

 

 


[1] Шүүх  хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 18 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 16 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 17-19 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 20-22 дугаар тал