| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0076/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 128
2020 01 23 2020/ШЦТ/128
Нийслэлийн Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч Б.Ганзориг,
шүүгдэгч Б.И,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал шүүхэд төлөөлөх үнэмлэхний дугаар /№1494/ Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ит холбогдох 1906 05099 2368 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, 3 дугаар баг, хуурчийн задгайд оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 445 дугаар хорих ангид ял эдэлж байгаа, урьд нь 2000 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнө таслан шийтгэх тогтоолоор оногдуулсан 2000 төгрөгийг ялаас зайлсхийсэн тул 2 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, нийт эдлэх ялыг 1 жил, 8 сараар тогтоосон, 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүнд ялд багтааж, нийт эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар оногдуулсан, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1210 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Ит оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сарын хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1210 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, 3 жил, 7 сарын хорих ял оногдуулсан, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Ит Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.И нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн 22-540 тоотод оршин суух иргэн Э.Эн гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн зурагт, савхин хүрэм 2 ширхэг, өвлийн үстэй дотортой гадуур хувцас, гар цүнх 1 ширхэг, 3 кг мах зэргийг хулгайлж, нийт 484,100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.И нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн 22-540 тоотод оршин суух иргэн Э.Энхжаргалын гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн зурагт, савхин хүрэм 2 ширхэг, өвлийн үстэй дотортой гадуур хувцас, гар цүнх 1 ширхэг, 3 кг мах зэргийг хулгайлж, нийт 484,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.И нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүгдэгч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 3-нд шүүхээр орохдоо би уг нь энэ хэргийг үйлдсэн талаараа хэлсэн. Прокурор нэгтгэсэн гэж хэлж байсан. ” [1],
2. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],
3. Гэрч С.Гансүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 30-ны 14 цагийн үед зах дээр явж байгаад нэг ангид хамт байсан И таарсан. Бид хоёр манай гэрт орж хоол идээд нэг шил архи хувааж уугаад гарсан. И эхнэрээсээ эд зүйл аваад ирье. Чи такси бариад байж бай гэж хэлээд явсан. Би такси бариад хүлээж байхад Ирэнбаатар зурагт, цүнхтэй эд зүйл тэврээд гарч ирсэн. Жолооч юу болж байнаа, цагдаа дуудна гэж хэлсэн. Гэтэл Ирэнбаатарын араас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дагаж ирсэн. Тэгээд цагдаа дуудсан. Би хулгай хийж байгаа гэдгийг нь мэдээгүй” гэх мэдүүлэг[3],
4. Шүүгдэгч Б.И 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ”... Тухайн үед би хажуу хашааны айлынх нь байшинд засвар хийж байсан. Тэгээд тэр айл руу халуун тогоог нь гуйх санаатай орсон. Хашааны хаалга онгорхой байсан тул ороход гэрийн хаалга цоожгүй байсан тул хаалгыг нь татаж онгойлгоод ороход хүн байхгүй байсан. Тэгээд би тухайн айлын хойморт байсан хар өнгийн зурагтыг залгуураас нь салгаад аваад гарсан. Дөнгөж гараад явж байгаад тухайн айлын хүн тааралдаад буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг[4],
5. Шүүгдэгч Б.И 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар дахин өгсөн “...2017 оны 10 дугаар сарын сүүл буюу 30-ны өдөр гэж санаж байна. Би ганцаараа явж байгаад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн хэсэгт 540 дугаартай айлын байшингийнх нь цонхоор орж зурагт, хувцас хулгайлсан. Хулгайлсан эд зүйлсийг тухайн үед хохирогчид нь шууд өгсөн. Би тухайн үед Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст дээрмийн хэргээр шалгагдаж байсан. Би Баянзүрх дүүргийн цагдаа нарт баригдаад Баянгол дүүргийн байцаагч ирж авч байсан. Бүх хэргээ нэгтгэн шалгуулах байсан боловч энэ хэрэг үлдсэн байна. Би одоо хэргээ хурдан шуурхай шийдүүлмээр байна. Гансүхийн хувьд тухайн үед намайг хулгай хийх гэж байгааг мэдээгүй. Би эхнэрээсээ юм авна гэж хэлж байсан. Энэ хэрэгт Гансүх холбоогүй” гэх мэдүүлэг[5],
6. Хохирогч Э.Энхжаргал 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн цонхоор хулгайч орсон байсан. Алдагдсан эд зүйлсийг шалгахад 2012 онд 1,000,000 сая төгрөгөөр авч байсан “Фунай” брэндийн хар өнгийн 42 инчийн зурагт, эрэгтэй загвартай Монгол гар хийцийн савхийг 2015 онд хорооллын дэлгүүрээс 250,000 төгрөгөөр авч байсан. Эмэгтэй загварын савхи Солонгос улсад үйлдвэрлэгдсэн савхи байсан ба 2016 оны намар 200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өвлийн ажлын даавуун куртик, нэхий дотортой, дотор нь салдаг загвартай байсан ба хэзээ авсан гэдгээ санахгүй байна. Гэхдээ 100,000 төгрөгөөр авч байсан. Эмэгтэй гар цүнх сайжруулсан ледрин материалтай ба 60,000 төгрөг, гар хийцийн ледрин материалтай түрийвч байсан ба 30,000 төгрөгөөр авч байсан. Мөн 3 ширхэг гар утас байсан. Гэхдээ уг гурван гар утас нь ажиллагаагүй болсон байсан тул үнэлэх шаардлагагүй, хохирол болгон нэхэмжлэхгүй. Хонины 3 кг мах байсан ба үнэлж мэдэхгүй байна. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Миний алдагдсан эд зүйлийг буцаан надад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Одоо надад ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[6], ялтны тооцооны лавлагаа[7] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.Иын гэмт үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Б.И нь хохирогч иргэн Э.Энхжаргалын гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн зурагт, савхин хүрэм 2 ширхэг, өвлийн үстэй дотортой гадуур хувцас, гар цүнх 1 ширхэг, 3 кг мах зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг “орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Иыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Б.И нь хохирогч Э.Энхжаргалд гэмт хэргийн улмаас 484,100 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч үйлдэл дээрээ баригдаж, эд зүйлийг буцаан өгсөн болох нь хохирогчийн “эд зүйл хулгайлсан хүнийг гудамжинд явж байхад нь барьж авсан. ...Би алдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлгээр[8] тогтоогддог. Иймд хохирол төлбөр төлөгдсөн гэж үзнэ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.Ит эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.И нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн нь ялын тооцооны лавлагаа[9] болон шийтгэх тогтоолын хуулбар[10]зэргээр тогтоогдож байх тул ялтай байх хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг дахин үйлдсэн тул түүний эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 2 /хоёр/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ит Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 11 /арван нэг/ сар, 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж,түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Ялтан Б.Иыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас шилжүүлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 445 дугаар нээлттэй хорих ангид цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, түүний цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг удирдлага тус тус болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 11 /арван нэг/ сар, 2 /хоёр/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Б.Ит оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Ялтан Б.Иыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас шилжүүлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 445 дугаар нээлттэй хорих ангид цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж, түүний цагдан хоригдсон 23 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] хавтаст хэргийн 24-28 дугаар тал
[3]хавтаст хэргийн 33-34 дүгээр тал
[4] хавтаст хэргийн 169-172 дугаар тал
[5]хавтаст хэргийн 173-174 дүгээр тал
[6]хавтаст хэргийн 176 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 178 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 175-176 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 179 дүгээр хуудас
[10]Хавтаст хэргийн 126-148 дугаар хуудас